Нийтлэл 04 сарын 29, 2015

Хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд татах хөгжлийн бодлого

“Боловсролтой хүн гэдэг нь үргэлжид сурахыг хүсэн тэмүүлдэг хүнийг хэлдэг”  Ли Куан Ю 

Сингапур улс төрийн бодлого, тэр дундаа боловсролын тогтолцоогоороо дэлхийд үлгэр жишээ болсон улсын нэг. Дэлхийн олон орон Сингапур улсын хөгжлийн бодлогоос туршлага судалсаар ирсний нэг нь тэдний боловсролын тогтолцоо юм. Сингапур улсын боловсролын тогтолцоо нь дэлхийн хамгийн шилдэгээр үнэлэгддэг . Хэдийгээр 5-хан сая хүн амтай ч гэсэн дэлхийн шилдэг топ 75 сургуулийн жагсаалтад тус улсаас хоёр сургууль багтдаг байна.

Тэгвэл энэ нууц юунд оршдог вэ?

Энэ нь Сингапурын эцэг хэмээгддэг Ли Куан Ю-тай салшгүй холбоотой ажээ. Өнөөдөр тэрээр амьд сэрүүн байхгүй ч түүний Сингапур Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт өнөөдрийг хүртэл энэ улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсоор иржээ.

 

Британийн колоничлолоос гарсны дараа  Ли Куан Ю “Өөрөө өөртөө чиглэсэн хөгжил нь бие даасан тогтвортой байдал, өсөлт бий болгоно.   Сингапурын хөгжил нь байгалийн баялаг биш хүн юм” гэсэн үзэл  баримтлалыг чиг болгож төрийн бодлогоо тодорхойлж гурван том зорилтыг тавьжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүнийхээ эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л зүйлд анхаарлаа хандуулах  цогц бодлогыг явуулах болж. Үүний эхнийх нь иргэдийн боловсрол байв. Иргэдээ боловсролтой болгохын тулд хүн бүр англи хэл сурахыг урьтал болгож бүхий л боломж бололцоог төрөөс олгож байжээ. Одоо ч мөн энэ тогтолцоо хэрэгжсээр байна. Түүнчлэн боловсролын хөгжлийн үндэс нь багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан сурагчдын хөгжилд түлхүү анхаарч ажилладаг. Тухайлбал, хичээл зааж байгаа багш нарыг төрөөс дэмжих, сургалтад хамруулж тэднийг олон чадвар эзэмшихийг шаарддаг байна.  Оюутан сурагчдыг бага наснаас нь авьяас, сонирхлоо хөгжүүлэх боломж олгохыг эрмэлздэг төдийгүй оюутнуудаа сурахад нь дэмжиж олон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулдаг аж.

 

Сингапурын иргэнээ хөгжүүлэх, боловсруулах бодлогын хамгийн том зорилго юу байв, бусад боловсролтой орноос юугаараа ялгаатай юм бэ? Хариулт нь төрийн албатай холбоотой. Хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд авах. Энэ энгийн хэдий ч хэрэгжүүлэхэд хэцүү бодлогыг Сингапур хийж чадсан, хөгжсөн.  "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн үг монгол ардын зүйр үг бий. Үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсан загвар гэж хэлж болно. Бүхий л талаараа төгс боловсролыг эзэмшиж "биеэ зассан" иргэд нь төрд томилогдож, улсаа засан тохинуулж ирлээ 

 

Түүнчлэн төрөөс боловсролын байгууллагуудаас шаарддаг нэг зүйл байдаг. Энэ нь тухайн байгууллагаа бус багш, оюутнуудаа нэгдүгээрт тавих ёстойг анхааруулдаг байна. Өөрөөр хэлбэл, багш, сурагчийн хөгжил, боловсролд зориулсан үйл ажиллагаа нэгдүгээрт, байгууллага хоёрдугаарт байх ёстойг хатуу сануулдаг гэнэ. Учир нь Сингапурчуудиргэдийн боловсрол эх орны хөгжил мөн гэсэн хатуу үзэл баримтлалтай ажээ. 

 

 “Улс орны толгойд эх орныхоо хөгжлийг ургашлуулах чадварлаг чадалтай цөөн хэдэн хүмүүсээс илүү хэрэгтэй нэг л зүйл бий. Ард түмэн өөрөө өөрийгөө хүндэтгэсэн сэтгэлгээтэй байж нийлж, нэг үндэстэн болох хүсэл зориг дүүрэн байх хэрэгтэй. Ард түмэндээ сурч боловсорч, шаргуу ажиллаж, бүтээлч байж, тэрний хэрээр шан харамжаа авч чадах хүчтэй нийгмийг байгуулж бататгах нь лидерийн үүрэг”  Ли Куан Ю 

Сэтгэгдэл бичих

arrow icon