Шинэ долоо хоног мөнгө ярьж эхэлсэн, мөнгө ярьж үргэлжилж байна. Энэ их мөнгөний тухай ярианы учрыг өчүүхэн би бээр үл олмой. Оюуны өмчийн эрх зүй сурч, хуульчид, бизнесийнхэний дунд алхаа нийлүүлэхийг хичээгээд будилж яваа би бээр 15 жил европт амьдрахдаа ингэж их мөнгө ярьсан парламент, иргэдийн хэлэлцүүлгийг үзэж байсангүй
. Даруухан бай, өнөөдөр байгаадаа баярла, хөдөлмөрлө, өнөөдөр олж авсан мэдлэг чадвар чинь маргааш хэрэггүй болчих учир өнөөдөр сур, ур чадвараа нэмэгдүүл гэдгийг л өдөр бүр сонслоо.
Яагаад бид чинь ингэж их мөнгө ярьдаг болчихов?
Монголд оюуны өмчийн зөвлөгөөний бизнес 90-ээд оны сүүлчээр босгосон герман, орос, зүүн европт бизнестэй нэг мундаг герман бизнесмен монголчуудыг коммунизмын мөрөөдлөө капитализмаар сольсон гэж шүүмжилж байсансан.
Манай удирдагчид социализмын үед коммунизмыг бүтээнэ гэсэн алс холын мөрөөдөлтэй хүмүүжиж өссөн үеийнхэн. Одоо энэ хүмүүст капитализмын буюу мөнгөний мөрөөдөл л бий бололтой. Бизнес гэдэг зүйл ямар зүйл байдгийг тэдний ихэнхи нь огт ойлгохгүй тул мөнгө ямар утга учиртайг бас мэдэхгүй хэвээрээ л байх шиг. Энэ хүмүүс мөнгө ярьж, 25 жилийг өнгөрөөж, энэ хугацаанд зүгээр суугаад мөнгө авах хүсэлтэй гэнэн нийгмийг бүтээжээ.
Надад ажилд орох боломж байна уу? Ажилчид бэлтгэх сургалт хэзээ, хаана болох вэ? гэж асуухгүй юм энэ залуус нь. Оджаргал захирал өөрөө хүртэл баттай хэлж чадахгүй, “үзээд алдъя, туршаад үзье, том хариуцлага” гэж байгаа зүйл дээр нэг мөнгө хүлээсэн нийгэм чихээ дэлдээд сууж байна. Чухам үүн дээр улс төрчид тоглолт хийж байна.
Ийм эрүүл бус нийгэмтэй болсон нь хэний буруу вэ?
Савнаасаа хальж сэтгээгүй, алсыг харж чадаагүй, иргэдээ хүмүүжүүлж чадаагүй, тэнгэрт ниссэн, газар буулгах боломжгүй удирдагчдын буруу яах аргагүй мөн. Ажилсаг, сахилга баттай, аривч занг герман хүний байгалийн зан гэж ойлгуулж байв, гэвч энэ нь удирдагчдаас зааж өгсөн олон жилийн хүмүүжлийн үр дүн байлаа гэж 1890-ээд оны германы нийгмийн тухай оюутан байхдаа уншиж байсансан.
Манай улс 25-н жил хийрхэснээс болж иргэдийнхээ өндөр хүлээлтийг дийлэхгүй хэмжээнд хүрсэн
байна.
Хоолоо олж идэх онцгой ур чадвар, мэдлэггүй, англи хэлгүй энэ олон монголчуудад өндөр хүлээлт, мөнгөний мөрөөдөл өгч байгаагаас болж хүнийг хүндэлж чадахаа больсон байна. Бизнес эрхлэгчдийг, манай нийгмийн манлайлагчдыг бишрэн хүндлэхийн оронд доромжлох хүн байна. Удахгуй "Октъябрын" хувьсгал хийнэ гэвэл буу шийдэм, зэвсгээ бариад гараад ирэхэд бэлэн байх шиг. Гадаадын хөрөнгө оруулагчид руу дайрч байна. Бид мөрөөдөөд ч, хичнээн зүтгээд ч энэ насандаа тийм гайхамшигтай бизнесмений түвшинд хүрч чадахгүй гэдгийг энэ хүмүүс ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй болчихож. Ар гэр нь зөв залж өгөх чадваргүй бол том мөнгөний мөрөөдөлтэй залуус гэмт хэрэг, садар самууны замаар орох нь наад захын асуудал.
Хэдий чинээ том бизнес хийнэ, ашиг нь төдий чинээ удаж ирнэ. Хувьцааны орлогоо идээд зүгээр сууж байгаа европ хүнийг олж үзсэнгүй. Тийм хүний тухай ярихгүй байна. Хувьцаатай нэг нь урт хугацаанд байлгаж байж л тэтгэвэртээ нэмэр болгоно гэх юм. Тэгэхээр энэ олон монголчуудад хувьцааныхаа үр шимийг хүлээх цаг, мөнгө, мэдлэг байхгүй. Энэхүмүүст ажил, амьдралын зорилго л хэрэгтэй.
Эх орон, ард түмэн ярьж байгаа улс төрчид ТТ хэдий тооны ажлын байр бий болгох вэ? Ямар ур чадвартай залуус хэрэгтэй вэ? Залуусаа хаана бэлтгэх вэ? Бэлтгэх зардал, мөнгийг нь хаанаас гаргах вэ? гэдгийг ярьж сонсогдохгүй юм. Залуус одооноос ТТ-д орж ажиллах ёстой юм байна гэж бодоод, уншаад, сонсоод, зорилгоо тодорхойлоод эхэлсэн баймаар. Кранчин, хүнд даацын машины жолооч, механикч больё гэсэн зорилгыг улс төрчдийн амнаас сонсоод эхэлсэн баймаар. Манай улсад ажил, мөнгө орж ирэх боломж байгаа чбизнес эрхлэгчид хүн сургах ажлыг давхар үүрч, төр хийх ажилд давхар үүрэгдүүлж зүдэрч байна.
Монголын жирийн иргэдийг хойд америк, австралийн уугуул иргэд шиг бэлэн мөнгөний тэтгэлэг аваад архи уудаг, амиа хорлодог мөхлийн замд оруулахгүй гэж байгаа юм бол ингэж их мөнгө ярих, дэврээх, автах хортой. Ази, европын хөгжсөн орнууд зааврын дагуу ажиллаж чаддаг, ажилсаг, суралцахаас залхдаггүй, алс хэтийн том мөнгө мөрөөддөггүй даруухан иргэдийнхээ хүчээр өнөөгийн эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн юм шүү!
Сэтгэгдэл бичих