Нийтлэл 04 сарын 29, 2015

Тавантолгойгүй бол тарж бутрах уу?

Тавантолгойн хэлэлцээр эхлэснээс хойш хэлэлцээрийн агуулга, Тавантолгойн түүх, түүнийг тойрсон талуудын маргаан, үйл явдлын мэдээ өрнөл гэсэн дөрвөн чиглэлээр явцыг дагаж мэдээлж ирлээ.

Тавантолгойн түүхийг эндээс мөн эндээс харах боломжтой, зөрчил дуусаж аль нэг тийшээ шийдвэр гарахад бас нэг түүх бичигдэх нь.  

 

Талуудын маргааны хувьд маргаан ширүүсч, сунжрахын хэрээр уншигчдад талуудын байр суурийг нэг дороос ойлгох боломж өгөх зорилготой цаглабар хэт сунжрах болж, уншигч слайд гүйлгэхэд ядрах хэмжээнд хүрсэн тул зогсоосон.  Дотоодын зөрчил гаднын талтай хийх аливаа хэлэлцээрт нэг төрлийн нээнтэг, “наймааны хөзөр” болж өгөх удаатай. Гэхдээ гэрээний агуулга тойрсон гэхээсээ илэрхий талцсан маргаан гар нийлдэгсэн бол юуг ч бүтээх баймаар монголын хамгийн хүчирхэг эрчүүдийн дунд өрнөж ирлээ. Цаглабарт багтахаа байсан,    гаднынхны нүднээс халширмаар хэмлэлцээн одоо ч үргэлжилж байна. 

 

Хэлэлцээрийн агуулгын хувьд иргэний нийгэм тал татах юм уу том жижгээр аргумент хийх симплистик аргачлал барихыг эсэргүүцэж, аль болох төвийг сахиж, ил тод мэдээлэл шаардаж чадвал манай талд илүү дээр нөхцөлтэй гэрээ нэхэх хяналтын аппарат болж чадах боломжтой гэсэн байр суурь барьж байв. Гэхдээ тэмдэг нэр, шүлэг найраг, зүйр үг, хараал ерөөл дунд  одоо ажиллаж буй ЭТТ болоод консорциум авч ажиллах хувилбарыг дор хаяж 5 жилээр харьцуулсан тоймтой тооцоо бүхий хүснэгт нэг ч гарсангүй. Уг нь өгөгдөл, таамгууд нь тодорхой эдийн засгийн тооцоо ийм маргааны төвд байх ёстой.  Харин зарим нэг гэрээний нөхцлийн талаар хэлэлцүүлэг эхэлж, Ж.Оджаргал захирал өөрөө зурагтаар хэдэн тоо харуулж,  УИХ-р хэлэлцэх тогтоолын төсөл гаргаад байтал олон сар үргэлжилсэн гэрээнээс тэс өмнөө 51 хувь төрийн эзэмшилд байх ёстой тухай нэг шийдвэр гарч ирэв. Тэнд оптимизм дуусч Чоймский, institutional stupidity-дээ туллаа.  Араас нь Л.Эрдэнэчимэг ахлагчтай ажлын хэсэг байгуулагдсанаар олон хүний оптимизм унтарч харагдана. Гэрээ бүтэхгүй нь, дампуурах нь, дефолт зарлах нь, гаръя, дүрвэе...

 

Үнэхээр ч шинэ ажлын хэсэг юу гэж дүгнэх нь тодорхойгүй. АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарахын өмнө 51 хувьтай хувьгүй тогтоолын 1-р заалт дээр л унах эрсдэл байгааг энд хөндсөн.  Гэхдээ байз, Тавантолгой гэж орд анхнаасаа байгаагүй бол яах байсан билээ? Дүрвэх, дампуурах байсан уу?  Бид эх орондоо Тавантолгойн орд Эрдэнэс Таван Толгой гэдэг компаниас Энержи Ресурс гэдэг компанид шилжихийг хүлээж амьдарч байсан билүү? Тавантолгойгоор амьсгалсан эх захгүй мэдээлэл дунд хамтдаа сэвж ирсэн ч нэг алхам ухраад ажиглавал өнөөдрийн олны риакц, огцом пессимизм, халуурсан байдал нэг л биш. Бид автаж, туйлширч гүйцжээ. Анхнаасаа өнгөрсөн оны 11-р сараас эхлэн “том төсөлгүй бол балрах нь” гэдэг мэссэжийг идэвхитэй цацаж өнөөдрийн олон нийтийн сэтгэлзүйг манлайлан бүрдүүлсэн нь Засгийн газар. Мэссэж санал асуулга хүртэл авсан. ОТ, ТТ-н талаарх шийдэлдээ олон нийтийн дэмжлэг авах бодлого явагдсан байж магадгүй. Одоо гэхдээ Засгийн газраас өөрөө манлайлан суулгасан “том төсөлгүй бол балрах” сэтгэлзүй, айдас, хямралын сэтгэхүй энэ төслийг тойрсон хэт их шуум, түүн дээр дөрөөлсөн улс төр хийх хөрс болж өгөв. Иргэдийн талаас төсөл явахгүй нь гэж хямрах, төрдөө итгэл алдрах, төслөөс өөр тулах цэггүй, хүсэх зорилгогүй мэт сэтгэлзүйд автах зэргээр аль алиндаа том төслөө төвөггүй урагшлуулахаас эсэн юм болж ирлээ. Ямар ч зүйл сайнтай муутай.  Жишээ нь төсөл урагшлахгүй, ЭТТ хэвэндээ үлдлээ гэхэд төсөв, мөнгөний шинэ эрүүл бодлогод шилжих, уурхайгаас бага хамааралтай монголыг шинээр зурах боломж, дундаж цалин унаж, бусад салбарт ажиллах хүчин элбэгших боломж болж ч мэднэ.  Гэрээ батлагдвал ямар сайн талтай тухайд бол консорциум талаас мэдээлэл их байгаа.

Тавантолгойгоос бие даасан ирээдүйгээ дор бүрнээ зураглая.  Өдий хэмжээний бантангаас нэг алхам ухарцгааж алсаас тайван ажиглацгаая. Тавантолгой бол илүү дээр ирээдүй, хөгжлийн төлөө нэг арга хэрэгсэл болохын хувиар бидний арга хэрэгсэл болохоос бидний зорилго, биднээс чухал зүйл биш.  Засгийн газар ч төрийн манлайлал үзүүлж, олон нийттэй илүү сайн коммюникац хиймээр. Монголчууд айдастай, хямарлаа, баларлаа гэсэн зовнилтой сэтгэл амаргүй байцгаана. Хөгжлийн гарц,  хөдөлмөрлөх, итгэх ирээдүй байгаа гэх итгэл, тайван байдал, хувь хүний зорилго гэрээ батлагдлаа гэхэд жилд 200 мянга давах үгүй нь бүрхэг 1072 хувьцааны ашгаас ч илүү хэрэгтэй байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon