Авьяас үе дамждаг. Түүний өвөө төрийн соёрхолт Г.Жамъян морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэсэн төрийн их хуурч, харин аав Ж.Батсайхан нь Монголд эстрад урлагийг үндэслэгч “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч. Аавыг нь цаг агаарын мэдээний алдарт “Цэнхэр залаа” аялгууг чихнээ хоногшуулсан 4 эрэгтэй ятгачны нэг гэвэл илүү мэдэх байх л даа. Үеэл дүү нь төрийн соёрхолт, Камертон хамтлагийн дуучин Д.Болд, СУИС-ийн хөгжмийн багш ахтай, дуучин эгчтэй гээд урлагийн ертөнцтэй холбогдсон хамаатнуудынх нэрийг дурдвал гарын 10 хуруунд багтахааргүй үргэлжилнэ. Энэ гэр бүлээс төрийн соёрхолт цолыг 2 хүн хүртжээ.
Батчулуун бол брэнд.
“Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд эцгээрээ биш хамтлагаараа овоглодог уран бүтээлч. Нийгэмд хаалттай, найз нөхөддөө нээлттэй сайн анд. Санаснаа шууд хэлчихдэг, хэлсэн бол эргэж буцаад байдаггүй. Энэ бол түүний брэнд.
Bar-ны дуучин байлаа. Фэйс клубт Батчулуун 1 жил халтуур хийжээ. Баарны дуучин байсан энэ үе түүний амьдралын, магадгүй уран бүтээлийн тийм ч дурсаад байх сайхан цаг мөч биш байх. Ид мандан бадарч алга ташилтанд бялуурч явах үедээ гэр бүлээрээ хилийн чанадад явж, 7 жилийн дараа өнчин хун шиг нуурандаа ганцаар ирсэн түүний хувьд 2005 он барьц алдам үе байсан ч байж мэднэ. Бүдүүлэг үзэгчид гэж шүтэн бишрэгчдээ гомдоож, дуулиан шуугиан болж байсан бардам залуу ахиж хэзээ ч халтуур хийхгүй гээд баарны хаалгыг хаасан гэдэг.
Гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн төлөө Батчулуун, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хамтран “Хүүхэд буруугүй” уран бүтээл хийж, Монголд өрнөсөн “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачлагын сүлд дуу болж байлаа.
Доллар. Биднийг ярьж явахад тэр барьж явав
. Америкт амьдарч, ажиллаж байсны хувьд аргаггүй хэрэг. "Хөөрхөн Бурмаа"-д загвар өмсөгч Одгэрэлийг тоглуулж үзэгчдийг гайхшруулсан. Клип гарснаас хойш Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж зарим нь дүгнэдэг. Одгэрэл, Батчулуун 2 найзууд ч гэсэн энэ клипэнд загвар өмсөгч бүсгүй 500 ногооноор тоглосон гэж яригддаг.
Есдүгээр ангид байхдаа Бачка “Хос хунгийн дууль”-иа зохиожээ. “Янаг цэцэг”-ийг 7-р ангид байхдаа аялаж явсан гэх. Тэр наймтайдаа зүрхний хүнд хагалгаанд орж, алтан гарт Бундан эмч түүнд амьдрал бэлэглэжээ. Бага байсан болохоор баярлалаа гэж хэлсэн үгүйгээ санадаггүй, харин эрийн цээнд хүрээд уулзъя гэсэн боловч тэр хүн бурхан болчихсон
байв. Бундан эмч байгаагүй бол арт рок дуучны хувь заяа өнөөдөр ямар байх байсныг хэн мэдлээ.
Жиргээ. Батчулуун твиттерт өөрийн гэсэн өвөрмөц жиргээтэй нэгэн. Хамгийн алдартай жиргээ нь “Өнөөдөр хүүхнүүд мөрнөөс дэмжигчээ чулууд, Эрчүүд ташаанаас дэмжигчээ шувталъя”. Тэр үнэхээр л ингэж жиргэсэн.
Зөвхөн Монголдоо. Одоо Монголоосоо явахгүй байх оо. АНУ-д үзэж дуулснаа нөгөө этгээд үг хэллэг, төсөөллийн хэв маяг бүхий аялгуугаараа буулгахаар зорьж байгаа.
“Ийм хоолойгоор иймэрхүү дуу дуулаад чи хол явахгүй ээ. Хэн ч ойлгохгүй
" гэж аавынх нь найз зэмлэж, бас хажуу байрны охин "Чи ямар тэнэг дуу дуулдаг юм бэ" гэхэд нь сэтгэл санаагаар унаж, мохох шахсан. Гэвч зориглосон. “Янаг цэцэг”-ийг дуулаад зрительд нулимуулахдаа ч тэвчсэн. “Цамцаа тайл”-ын дараа магтаал биш зэмлэл сонсож байхдаа ч тэссэн. Гэхдээ л ямар ч цаг үед тэр хэзээ ч мөнгө бодож уран бүтээл хийж байсангүй.
Йкин буюу тонгоруулж уншвал Ники. Никитон гэдгийн эхлэл шиг. Энэ бол Батчулууны ганцаардсан он жилүүдийг хамтдаа хуваалцсан нохойны нэр. Нохойгоо магтаж маш үзэсгэлэнтэй, дэндүү гоё толгойтой гэж хэлсэн удаа бий.
Кайф. 1997 онд яруу найрагч Д.Ган-Очирын шүлгээр нэрлэсэн "Цамцаа тайл" CD-гээ гаргаад Бачка уран бүтээлч хүнд л амтагддаг тэр кайфыг бараг л анх удаагаа мэдэрчээ. ...Яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг болсон
гэнэ. Өмнөхөн нь Пентатоник наадамд "Хос хунгийн дууль" нь Хурдын "Цэргийн бодол"-д дарагдаж, хөдөөний дуу сонирхдог зрителд гомдож ажил хаялт зарлах нь холгүй бухимдаж байсан түүнд цамцаа тайлж байгаа юм шиг сэрүүцэх боломж олгосон цомог.
Лимузин. "Лимузин экспресс" үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ гэж боддогоо нэгэн ярилцлагадаа хэлснийг зарим нь Бачка элийрч байна гэснийг санаж байна. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг хойно энэ холын мөрөөдөл биш байлгүй.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг Б.Батчулуун 2012-12-28-нд хүртжээ. Харин яг жилийн дараа буюу 2013-12-27-нд Монголын рок поп урлагийн үндсийг тавьсан “Никитон” хамтлагийн Батчулууны аав, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч Ж.Батсайхан хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Бачка, аавыгаа амьдад нь гавьяатын тэмдгээ зүүн үнсүүлж чадсан азтай залуу
шүү.
Никитон. 1993 онд анх байгуулагдаж өнөөдрийг хүртэл шүтэн бишрэгчдийнхээ дунд хайрлагдсаар яваа энэ хамтлагийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Батчулуун, Өөжгий, Золбоо, Бука, Болорхүү, мөн Чинбаа, Саруул энэ хамтлагийн гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Хамтлагийн гишүүд өөрлөгдөж, солигдсон ч Никитон хэмээх нэр ганцхан Батчулууны өмч
.
Оn&off-ын Ононбат Бачкад мартаж чадахааргүй олон сайхан зүйл хийсэн хүн. Ганц өгүүлбэр хэлээд л догдлуулчихсан. “Бачка, Никитон шиг үнэнч фэнтэй хамтлаг Монголд ганц ч алга”. Тэгээд үүнийгээ баталж, өнгөрсөн жилийн наадмаар Чингисийн талбай дээр Батчулууны тайлан тоглолтыг хийн, ард түмэн үгүйлсэн санасан дуунуудаа амьдаар нь үнэгүй сонсов.
Өмнө нь тэр од байсан. Зарим нь ингэж үнэлдэг. Тэгээд “Одоо тэр юу хийж байгаан?” гэж араас нь асууна. 1997 онд “Цамцаа тайл”-чихаад тэгээд л алга болчихсон. Нам гүм байснаа “Үүлэн үст”-ийг арай гэж барьж авав. Энэ бол Батчулууныг дуулахгүй байгаад, бүтээлээ хийхгүй байгаад бухимдсан фенүүдийн цагаан зэмлэл. Харин Батчулууны онол үүнтэй зөрчилдөнө. “Мөнхийн бүтээл гэж байдаг юм. Түүнийг төрүүлэхийн төлөө уран бүтээлч цаг хугацаанд элээгдэж байдаг. Орчлон гэдэг чинь авьяастай хүнээ хайрладаггүй юм” гэж тайлбарлана.
Покер. Тэр мөрийтэй тоглоомонд нугасгүй. Покер бас билльярд. Ялагдах дургүй зан нь түүнийг улаан донтогч болгож орхидог. Покерыг нэг талаас мөрийтэй тоглоом, нөгөө талаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спорт
. Би оюуны спортоор хааяа хичээллэдэгээ гэж тэр өөрийгөө өмөөрнө.
Реклам. Уг нь рекламанд тоглодоггүй уран бүтээлч. Яагаад заавал гуталны рекламанд тоглосныг нь хүмүүс гайхаж асуухад UGG-ын гуталнууд нь уулаасаа надад таалагддаг. Хөлд эвтэйхэн, чанар сайтай, манай гэр бүлийн хэрэглээ байж чаддаг учраас би UGG брэндийн саналаас татгалзаагүй гэсэн.
Сэтгүүлчдэд хатуу шаардлага тавьдаг хүмүүсийн нэг бол яах аргагүй Бачка. Хэн ч юу ч гэж зохиож бичиж чадна. Харин итгүүлэхийн тулд баримтжуул
гэж тэр шаардана. Ядаж л фото зураг байх ёстой гэнэ. Бас жишээ татна. “Бритни Спирсийн далайн эрэг дээр байгааг баахан бичсэн. Тэглээ гэж Бритни элдэв гомдол энэ тэр гаргаагүй. Тэр Бритниг бичсэн сонин чинь зурагтай байсан байхгүй юу. Далайн эрэг дээр бие давхар хамаг харвин энэ тэр нь унжчихсан, гуя нь хөгшин хүнийх шиг болсон зурагтай. Гомдол гаргах боломжгүй шд. Ингэж л хийх хэрэгтэй”.
Төсөөлөл бол Батчуулууны уран бүтээлийн хамгийн том мэдрэмж
. Рок дуучин байтлаа Шаравын аялгуу, Жанцанноровын хөгжим, Моцарт, Петховены симфониудыг сонсох дуртай. Барууны хөгжмийг мэдээж сонирхоно. Хүн хүн янз янз байх л даа. Зарим нь 100 гр татаад гоё дуу хийнэ. Зарим нь дурлалдаа шатаад гоё дуу хийнэ. Харин Батчулуун төсөөллөөрөө л хийдэг.
Уран бүтээл. Үе үеийн залуус түүний дууг сонсож, дуулж, дурладаг. “Хос хунгийн дууль”-ийг “Нандин шүтээн”-ээ болгосон “Ялгуун” тэр үдэш “Аргагүй сайхан Бурмаа” “Янаг цэцэг”-ийн ноттой “Төгөлдөр” хуурын дэргэд “Үүлэн үс”-ээ намируулан “Цамцаа тайл”ахад “Никитон” “Чи минийх” гэж шатан “Эгчмэд бүсгүй”-д “Чи над шиг дурлаж чадах уу?” гэж “Намайг дуудан” асуугаад “Чамд би” ганц л юм захья, “Ахыгаа дэлхий дээр буулгаад өг” гэлээ. Энэ бол "Том ярьсан хүүхэд"-ийн амьдралын ART RoCk “Терминал” байлаа.
Үүлэн үст. Монголд 9 минутын клиптэй, дангаараа 8 минут үргэлжилдэг үүнээс өөр дуу байдгийг үнэндээ мэдэхгүй юм. Болор цом наадмын дэд шагналт яруу найрагч О.Цэнд-Аюушийн шүлэг Батчулууны уран бүтээлийн сор нь болов. Үүлэн үстээр хөглөгдсөн цомог 55,000₮-өөр үнэлэгдсэн хэрнээ Hi-Fi records-ын хамгийн борлуулалттай цомгоор тодрон, Монгол урлагийн түүхэнд 1 сая төгрөгөөр тоглолтын тасалбар зарагдав. “Үүлэн үст”-ийг цацах эрхийг зөвхөн “Боловсрол суваг” эзэмшиж, бусад телевизүүдийг ялгаварлан гадуурхсан хэрэгт цагтаа Батчулуун ороогдож байлаа.
Феррари. Машинаар бол тэр гал улаан галзуу феррари
. Үнэ цэнээ алддаггүй, хамгийн өндөр хурдаар салхи татуулан давхих хажуу бөөрөндөө галын дөлний зурагтай ганган феррари. Хэрвээ машин хүн болж хувирдаг байсан бол феррари Бачка шиг л хүн болох байв. Мөрөө шүргэсэн үстэй, хэн нэгний ятгалганд орж зорилгоосоо хазайдаггүй, зөрүүд, бас заримдаа хэнэггүй. Чадах юмаа хамраа сөхөж байгаад надаас өөр хэн ч чадахгүй гэж хэлчихдэг, удах тусам чанар нь танигддаг шиг...
Хар тамхи татдаг гэж хэвлэлээр нэг гарч олон фенүүдийг нь цочоосон. Харин үүнийг Батчулуун үгүйсгэж, “Хар байтугай зүгээр тамхи ч татаж үзээгүй, үзэх ч үгүй” гэж сэтгүүлчидтэй уулзан албан ёсоор хэлсэн. Харин энэ мэдээллийг нийтэд дэлгэсэн сонины редакци “Саяхан ажилд орсон шинэ сэтгүүлч маань ийм мэдээ нийтэлжээ. Уучлаарай” гэж юу ч болоогүй юм шиг утасдсанд хамгийн их бухимдсан гэдэг.
Цагаан төгөлдөр хуур. Батчулууны хамгийн хайртай зэмсэг. Тэр “Хос хунгийн дууль” дуугаа хун шиг цагаан хууртай дуулж, хамгийн олон фентэй болсон. Магадгүй түүний цагаахан хуургүйгээр “Хос хун” тэгтлээ алдаршихгүй ч байсан юм билүү.
Чи минийх. Энэ үг, энэ дууг Бачка хэдэн бүсгүйд хэлж, бас хэнд зориулж дуулахыг хэн ч үл мэднэ. Утгыг нь албан ёсоор эзэмших хоёр бүсгүй түүний амьдралд бий. Тэд бол мэдээж амьдралынх утга учир болж нэрээр нь овоглох 3 үрийг нь төрүүлж өгсөн өмнөх ба одоогийн эхнэр нь. Батчулуун анхныхаа эхнэрээс нэг хүүтэй. Том хүү нь энэ жил 20 настай. Харин хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүү 2 нас, охин нь 1 настай. Дашрамд дурдахад, “Чи минийх” клипний зураг авалтыг хотын төвөөр машины ачаан дээр төгөлдөр хууртайгаа, хамтлагтайгаа ил задгай тоглож авсан бөгөөд төв талбайг ердөө 2 л тойрсон гэнэ лээ.
Шүүх. 2013 оны 3-р сард Батчулуун Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийг "Нандин шүтээн" нэртэй цомгийн дуунуудыг нь зөвшөөрөлгүйгээр “I Tune Store” дээр байршуулсан хэмээн шүүхэд өгч, 200 сая төгрөг нэхэмжилжээ.
Эхнэрийнхээ талаар тэр Гранд сэтгүүлд илэн далангүй ярилцахдаа магтаад авсан. “Тэр бүсгүй дотроосоо гэрэлтэж байсан. Хэрвээ энэ бүсгүй миний эхнэр болох юм бол тэр гэрлийг нь бөхөөж л болохгүй юм шүү гэж өөртөө шивнэж байснаа тод санаж байна” гэжээ. Тэгээд л загвар өмсөгч залуухан бүсгүйтэй амьдралаа зохиосон.
Юбканы тухай. Тэр дэрэвгэр хормойтой юбканы нэртэй “Тютю” хэмээх уран сайхны киноны дууг бичиж, бас дуулжээ. Энэ киноны найруулагчаар хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа ажилласан бөгөөд Батчулуунд эмэгтэй хүнийг магтсан нэг сайхан дуу бичиж өгөөч хэмээн гуйсан гэнэ билээ.
Яг юутай зүйрлэхээ мэдэхгүй нь, Бачкагийн хоолойг
. Цангинасан эсвэл хүнгэнэсэн юм шиг. Нэг биш хэд хэдэн хоолой нийлж ч сонсогдох шиг. Хамгийн доод өнгөнөөс дээд өнгө хүртэл хувиран дугарч байгаа хэрнээ зүв зүгээр нэг хэмээр ямарч төвөггүй урсаж байгаа юм шиг. Энэ дуу, энэ өнгө, магадгүй энэ хөг хөгжмийн ертөнцөд зөвхөн цор ганц байсаар, түүний дуулсан дууг өөр хэн ч дуулашгүйгээр үлдэх мэт. Өөр хэний ч хоолойтой андуурагдамгүй, зөвхөн энэ бардам залууд зориулагдсан гэмээр өвөрмөц дуу хоолой. Тэр “ЭРХ ЧӨЛӨӨ”-г бас “ТАЙЗ”-ыг эзэмдэхийг хүсэж байгаа...
Сэтгэгдэл бичих