Нийтлэл 04 сарын 30, 2015

Удирдагч хүн ''үл үзэгдэх хаан'' буюу ёс суртахууныг дагах нь

Бид та бүхэнд хүнд өгөөжтэй, урам зориг өгөхүйц, сайн номын гол санаа, утга агуулгаас хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Энди Стэнлигийн "Маргаашийн удирдагч буюу ирээдүйг тодорхойлогчдын таван зарчим"  номоос  “Үл үзэгдэх хааныг дагана”  хэмээх хэсгийг хүргэж байна. 

 

ҮЛ ҮЗЭГДЭХ ХААНЫГ ДАГАНА:

Хүнд хэцүү цагт ёс зүй бий болдог юм биш, харин нүднээ ил болдог юм.

Хүн бүр л шударга бус байдлыг сөрөн цор ганцаар зогсох баатарлаг эрс, бүсгүйчүүдийн тухай түүхэнд дуртай байдаг. Энэ талаар өгүүлсэн ном зохиол дэндүү олон. Тийм ч учраас бид “Эх оронч” киног хэдэн арван удаа үзэж, хүүхдүүд “Оддын дайн” киног цээжилтлээ үздэг нь ч үүнтэй холбоотой.

 

Бид зөв үйл хэргийн төлөө өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлээ ч эрсдэлд оруулсан хэн нэгний талаар сонсох үед бидний сэтгэлд ямар нэг зүйл хөдөлж эхэлдэг. Бид тэднийг ялаасай гэж хүсээд зогсохгүй хэрэв тэдэн шиг байдалд орвол тэдэнтэй яг л ижил байх болно доо гэсэн хүсэл бидний дотор төрж эхэлдэг. Хохирол амссан ч хамаагүй зөв зүйлийг хийнэ гэдэг нь өөрөө жинхэнэ баатарлаг үйл юм. Агуу удирдагчдаас энэ чанар нэвт харагддаг. Үүний адилаар та ч бас өөртөө үнэ цэнэтэй тэр зүйлээ алдах эрсдэлд байсан ч хамаагүй зөвийн төлөө босон зогсож чадвал та өөрийгөө бусдыг дагуулах зохистой удирдагч хүн мөн гэдгээ батлан харуулах болно.

 

Гэвч хэн нэгэн, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал бидний хүрэхийг хүссэн газарт хөндөлсдөг. Хэрэв бид өөрсдийнхөө шулуун шударга занг түрхэн зуур ч болов мартахгүй л бол бидний ажил хэрэг урагшлахгүй таг зогсохоор тийм хэцүү байдалд ордог.  Тэгээд ойрын ирээдүйг зураглан бодож эхлэх үед тэрхүү “нүдэнд үзэгдэх хаан”  буюу саад бэрхшээлүүд бидний чихэнд “Ямар бурхан миний гараас чамайг аварч чадах билээ?” хэмээн шивнэдэг:

  • Тэгвэл хэн чамайг ажилд авах юм бэ?
  • Хэн чиний үйлчлүүлэгч болох юм бэ?
  • Хэн чамд итгэх юм бэ?
  • Хэн чамайг дагах юм бэ?
  • Хэн чиний санааг ажил хэрэг болгох хөрөнгө оруулалтыг хийх юм бэ?
  • Чи яаж эргээд санхүүгийн хувьд хөл дээрээ босох юм бэ?
  • Хэн чиний төлбөрүүдийг хийх юм бэ?

Ийн бодогдож эхлэх үед нөгөө “үл үзэгдэх Хаан” буюу бидний ёс суртахуун ялагдчихаж байгаа юм шиг санагддаг. Компаниа ашигтай ажиллуулж, мөнгөний урсгалыг хэвийн байлгаж, мөрөөдлөө хадгалан үлдэхийн тулд “нүдэнд үзэгдэх хаан”-ыг дагахаас өөр аргагүй болчихсон юм шиг бодогдоно.

 

Бидний амьдралд үргэлж дээр дурдсан тэрхүү “нүдэнд үзэгдэх хаан” байх болно. Нөхцөл байдлаа харвал тэд үнэхээр л бидний шийдвэрийн  үр дагаврыг атгаж байгаа мэт санагддаг. Биднийг үнэнч шударга зангаа орхин бууж өгөхийг шаардаж, үүнээс өөр аргагүй мэт бидэнд ойлгуулдаг.  Энэхүү шаардлагыг үл тоосноос үүсч болзошгүй нөхцөл байдлуудыг төсөөлөх тусмаа бидэнд өөр сонголтгүй болж ирдэг. Энэ бол “хянамгай”, “хариуцлагатай” байх ёстой цаг мөч.

 

Маргаашийн удирдагч хүний хувьд ийм мөч нэг бол хамгийн амжилттай, нөгөө бол магадгүй удирдагч байх эцсийн мөч тань байж болох.  Энэ нь тухайн удирдагч хүн юуг өөрийн амжилтын эх үндэс хэмээн харж байна вэ гэдгээс шууд хамаардаг.

 

Олон удирдагч амжилтад хүрэхийн цагт өөрт нь анх байсан тэрхүү итгэл үнэмшил, зарчмаасаа ухардаг. Удирдагч нар амжилтыг амтлаад ирэхтэйгээ зэрэгцэн тэрхүү амжилтын эх сурвалж нь юу болохыг мартаж орхидог. Амжилтаа алдалгүй хадгалах дарамт удирдагч хүнээс хэзээ ч салахгүй.

 

Алдах зүйл багатай байх үедээ “байгаа бүхнээрээ дэнчин тавих” амархан. Харин амжилт олох тусам алдах зүйл ч ихэсдэг. Бооцоо маань ихсэж байна гэсэн үг. Тэр цагт энэ дэлхий дээрх “нүдэнд үзэгдэх хаад” бидэнд байгаа бүхнээр маань сүрдүүлж эхэлнэ. Энэ сануулгыг нь дагахгүй бол үнэхээр л тэр бүхнээ алдах юм шиг санагдаад болохгүй.

 

Амжилт дэнчинг нэмж байдаг. Тийм ч учраас маш

олон удирдагч эхний эрсдэлтэй мөчид л мөс чанар, ёс зүйгээ гээдэг. Олныг жинхэнэ ёсоор байлдан манлайлах эхний боломж дээрээ л тэд няцаж, олны урсгалыг дагах шийдвэр гаргадаг.

  

Гэхдээ “үл үзэгдэх Хаан” биднийг нүдэнд үзэгдэх тэдгээр хаадын албадлага сүрдүүлгээс аврах чадалтай. Үнэндээ бидний итгэдэг “үл үзэгдэх тэр Хаан” ертөнцийн бүх эрх мэдлийг мутартаа атгадаг юм. Бүхнийг захирдаг хэмээн итгэдэг тэдгээр хүмүүсийн ч үйлдлийг хянаж байдаг.

 

Толгой бөхийхөөс өөр ямар ч аргагүй нөхцөл байдалд итгэл үнэмшлийнхээ улмаас толгой бөхийхгүй байх нь хамгийн чухал. Ийм л үеүдэд та өөрийгөө таньж мэддэг.  Бидний хэрээс хэтэрсэн, хяналтаас давсан тийм нөхцөл байдлууд дунд бидний ёс зүйт байдал томхон сорилтод ордог. Галаар шалгагдсан ёс зүй. Гэхдээ энэ гал бол биднийг цэвэршүүлдэг гал юм.

 

Амьдралаа ганхашгүй үнэнд суурилуулсан, зөвийг үйлдэхээр хөдөлбөргүй шийдсэн хүмүүсийн амьдрал тодорхойгүй байдлын айдсаар бус, харин эрх чөлөөгөөр дүүрэн байдаг. Таны амьдралыг удирдах, таны амьдралд нөлөөлөх эрх мэдэлтэй хэмээн таныг сүрдүүлж буй тэр бүхнээс та чөлөөлөгдөх болно. Таныг төөрөгдүүлж, улмаар зөв замаас тань хазайлгахыг хүсэж байгаа тэр бүх “нүдэнд үзэгдэх албадлага, саад бэрхшээлийн хаадад” үгүй хэмээн хэлэх эрх чөлөө танд бий. Мөн танд “нүдэнд үл үзэгдэх Хаан” буюу өөрийн ёс суртахуун, итгэл үнэмшлийг дагах эрх чөлөө бас бий.

 

Энэ ганцхан шийдвэр таныг илүү сайн удирдагч болгох болно. Шийдвэр гаргах энэ л мөчид та өөрийгөө хэн гэдгээ олж харах болно.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon