Нийтлэл 04 сарын 30, 2015

Нэг дор шавсан олон давхар барилга цорын ганц шийдэл биш

Хамт ажилладаг Непаль нөхрийн маань нутагт айхтар гамшиг тохиолджээ. Бид Балба хэмээн нэрлэдэг энэ улс 40 гаруй сая хүн амтай зүүн өмнөд Азийн ядуу улс юм. Эдийн засаг нь сүүлийн үед овоо сэргэж эхлээд аялал жуулчлал, дэд бүтэц oвoo дээрдээд сэргэх талруугаа орж байтал энэхүү гамшиг тохиолдлоо.

Фото зураг: telegraph.co.uk-ээс

 

Дахин сэргэж босоход нэлээд хэдэн жил хэрэг болохоос гадна 10-аас дээш тэрбүм долларын хөрөнгө зарцуулж байж энэ газар хөдлөлтийн гамшгийг сэргээх тооцоо гарч буй юм байна. Гол нь хэврэг, чанаргүй материал, стандартгүй баригдсан барилгууд олон тоогоор нуржээ.

Манайд ч гэсэн тооцоогүй, тооцоололгүй олон давхар өндөр барилгууд шамбааралдуулаад барьсаар л байна. Катмандуд болсон шиг гамшиг болбол бид балрах л байх. Уул нь манайх шиг өргөн дэлгэр нутаг, газартай, цөөн хүн амтай улсад олон давхар орон сууцнууд хэрэггүй л юм.

Норвегид орон сууцны барилгыг 3-н давхараас дээш бариулахгүй болж байна. Хот тэлэлтийн гол шийдэл нь бохир цэвэр усны шугам, цахилгаан, дэд бүтэц, зам, нийтийн тээврийн асуудлаа шийдэх л асуудал юм байна. Ингэж чадвал манай Улаанбаатарчууд бүгд хувийн хаус, орон сууцанд амьдраx, өрх бүрийг хаусжуулах бүрэн боломжтой юм.

Гэр хорооллыг барилгажуулна гэж хөрөнгө мөнгө идэж, цаг үрж байхаар Багануур хүртэлх төмөр замын шугамаа ашиглаад хотоо тэлэх юмсан.
Орон сууцны энэ том хорооллууд, ямар ч баталгаагүй, чанаргүй баригдаж буй өндөр орон сууц, барилга байшингуудаасаа татгалзах сан. Аюул хэлж ирдэггүй...

Сэтгэгдэл бичих

arrow icon