Өчигдөр нийтлэгдсэн Хүний дэлхийг өөрчлөн хувьсгаж буй дөрвөн гол хүчний тухай нийтлэлийн нэг гол агуулга, Ази тив дэлхийн эдийн засгийн гол бүс нутаг болж ирж байгаа тухай байлаа. Эдийн засгийг хүний биетэй зүйрлэвэл бие организмыг амьдруулах цусны эргэлт нь санхүү, мөнгөний эргэлт. Дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хүндийн төвийг өөртөө авч өдөр тутам өсөж томорч буй Азийн аварга том эдийн засаг, үйлдвэрлэлийн бие махбодийг барууны биш Азийн мөнгөөр санхүүжүүлэх зорилготой Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын банк(АДБХОБ) санхүүгийн зах зээлд мэндлээд хагас жил өнгөрч байна. Азийн шинэ банк Пакс-Американаг халах шинэ аюул тэмдэглэлээс банкны үүсэл, өргөжсөн товч явцыг уншиж болно.
АДБХОБ Өнгөрсөн оны 10-р сард албан ёсоор гараанаас гарснаас хойш АНУ-ын үнэнч анд Японыг хүртэл эгнээндээ нэгтгэнэ гэгдэж, санхүүгийн чадавхи, гишүүн орнуудын хүрээг эрчимтэй тэлж ирсэн. Харин Азийн Хөгжлийн Банк зэрэг эртний том тоглогчид байр сууриа тийм амар тавьж өгөхгүй бодлого явуулж байна.
АДБ Сая Даваа гарагт японы гурван мега банкыг оруулсан 8 банктай хамтран ажиллах албан ёсны түншлэлийн гэрээ байгуулав. PPP буюу private-public partnership, төр ба хувийн хэвшлийн хамтарсан төслүүд дээр хамтран зөвлөх үйлчилгээ үзүүлж, хувийн хэвшлийн санхүүгийн хөрөнгөөр хурдтай, үр ашигтай бүтээн байгуулалт хийх аж. Энэ зорилгоор Япон, Австрали зэрэг орнуудын засгийн газрын хамтаар 74 сая долларын шинэ сан байгуулсан гэж албан ёсоор зарлав. Цаашид сангийн хөрөнгийг 150 сая доллар болгож өсгөнө. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад одоогийн байдлаар энэ банкны хөрөнгө хүрэлцэхгүй гэгдэж буй. Дутаж байгаа хөрөнгөнд шинэ банкны биш Япон болон бусад сул хөрөнгөтэй орны одоог хүртэл хэрэглэгдэж ирсэн PPP төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглан хувийн хэвшлийн хөрөнгийг эргэлтэд оруулах бодлого гэж харагдаж байна. Зөвлөх үйлчилгээний хувьд HSBC, BNP Paribas зэрэг банкнуудтай ч хамтарч байна. Товчдоо хөрөнгө оруулагч болоод ажил хэрэгжүүлэгчийн хувиар хувийн хэвшлийн компани дэд бүтцийн төсөлд оролцоо хийх боломж бүрдэж ирлээ гэсэн үг. Япон тал АХБ-тай ийм ажил эхлүүлснээр Азийн дэд бүтцийн томхон төслүүдтэй холбоотой байх нэг гүүр тавьж, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломж өөрсдийн компаниуддаа олгох зорилттой байна.
Мөн Мягмар гарагт Азийн Хөгжлийн Банк Азербайжанд эрчим хүчний дэд бүтцийн өргөтгөлд зориулж 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болж
Засгийн газартай нь гэрээ хийлээ. Байгалийн баялаг ихтэй, ойрын хугацаанд эрчимтэй өсөж ирсэн Азербайжаны эдийн засагт АНУ болон Японы манлайлалтай АХБ шинэ банкнаас түрүүлж нүүдэл хийлээ. Хуучин, туршлагатай энэ банк шинэ банктай хамтран ажиллана гэж мэдэгдээд буй ч хөрөнгийн сангаа 50 хувь, 20 тэрбум хүртэл доллараар өсгөхөөр зарлах зэргээр илэрхий байр сууриа алдахгүй байх бодлого хэрэгжүүлж байна. Өрсөлдөөн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ хямдрах, том төслүүдийн хөрөнгө оруулалт шуурхай шийдэгдэх зэрэг дэвшил Азийн санхүүд авчирч мэдэхээр байна.
Сэтгэгдэл бичих