Нийтлэл 05 сарын 07, 2015

Сэтгэлзүйч И.Тогтуун: Хүнээс сайхан харилцааг хүсвэл өөрөө тийм бай

 Бидний амьралын чухал зүйлсийн нэг бол яах аргагүй харилцаа. Амьдрал ч бүхэлдээ хүмүүс хоорондын харилцаан дээр тогтдог. Түүнчлэн хүн харилцаагаа зөв жолоодохын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай, өөрөөр хэлбэл харилцааны эв дүйтэй байх нь чухал байдаг. Тиймээс бид харилцааны эрүүл амьсгалыг бий болгох, бидний гаргадаг нийтлэг алдаанууд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

Ярилцлагаа харилцаа гэж чухам юуг хэлэх вэ гэдгээс эхэлье? 

   Саяханыг хүртэл харилцааны сэтгэл судлалаар харилцааг зөвхөн хэн нэгэнд мэдээлэл хүргэх, дамжуулах үйл явц гэж онцлон тэмдэглэсээр ирсэн. Гэвч харилцаа нь зөвхөн мэдээлэл дамжуулах төдий биш харин бүлэг хамт олны амьдралын гүнд хүмүүс бие биетэйгээ харилцан үйлчлэх, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцох, өөрөөр хэлбэл тогтсон хандлагыг төлөвшүүлэх, эзэмших үйл явцыг хэлж байгаа юм.

 

Хүмүүс хоорондын харилцааг энгийнээр тайлбарлавал? Мөн харилцааг хэрхэн ангилдаг вэ?

  Хүн өөрийнхөө амьдарч, насалж буй амьдралынхаа гуравны хоёр хувийг харилцаанд өнгөрүүлдэг. Унтахаас бусад үед гэсэн үг. Магадгүй ууланд даяанч хийдэг хүн харилцаанд ордоггүй байх. Гэхдээ бидний өнөөдөр оролцож байгаа бүх зүйлүүд харилцаанд хамаардаг юм. Тухайлбал гэр бүл, хостойгоо, ажлын газар гэх мэт бусад бүх л харилцаа хаана ч үргэлжилж байдаг. Харилцаа нь хүний амьдралын гуравны хоёр хувийг эзэлдэг учир чухал гэж онцлохоос аргагүй юм. Дээрээс нь харилцаа олон төрөлд хуваагддаг. Үүнд гэр бүл, хосын, ажил төрлийн гэх мэт төрлүүд маш өргөн хүрээнд байна.  

Харилцааны гол зорилго юунд оршдог вэ? Сэтгэл судлалын шинжлэх ухаан харилцааг судалдаг учир нь?

  Харилцаа нь тодорхой зорилго чиглэлтэй байдаг. Ямар нэгэн зүйлд зорилгогүй харилцаа, яриа үүснэ гэж байдаггүй. Мөн тухайн хүнд харилцаа нь нөлөөлөл үүсгэдэг. Магадгүй би өөрийгөө тухайн хүнд “ийм хүн шүү” гэж мэдрүүлж байна гэдэг эргээд харилцаа болоод явчихаж байгаа юм. Энэ нь шинэ харилцааны эхлэл болж өгдөг. Та өнөөдөр нэг хүнтэй танилцаад найз болсон бол тэр хүний ард байгаа олон хүнтэй шинээр харилцаа үүсгэх боломж нээгддэг тул энэ нь эргээд харилцааны шинэ хэв маяг болж буй юм. Нэг үгээр хэлбэл ахиад шинээр харилцаа үүсгэж байгаа хэрэг. Харилцаан дотроо чухал гэж үздэг зүйл бол гэр бүл, хосын, ажлын байран дээрх харилцаа байдаг. Сэтгэл судлаачид бид харилцаа гэдэг зүйлийг яагаад судалдаг вэ гэхээр тухайн хүний тархинд байгаа бүх зүйлүүдийг гаргаж ирэхийн тулд юм. Мөн дээрээс нь тухайн хүн нийгэмд, бусдад яаж өөрийгөө илэрхийлж байгаа зэрэг нь харилцаагаар илэрдэг тул судлах шаардлагатай юм. Энэ л сэтгэл судлалын шинжлэх ухааны гол зүйл.

 

Ажлын байран дээрх харилцаа”-ны гол онцлог юу байна вэ?

  Энэ бол харилцааны нэгэн том хэлбэр. Энэ нь тодорхой нэр томъёотой байдаг. Хүмүүс үүнийг зүгээр ажлын байр, нэг байшин дотор орчихлоо, хэнтэй ч хамаагүй өөрийнхөө дураар харилцаж болно гэж ойлгодог. Гэтэл ажлын байран дээрх хүмүүсийн харилцаа гэдэг зүйлийн утга учир нь маш тодорхой байх хэрэгтэй. Би тараагаад өгье, чи түүгээд ав гэдэг шиг тийм бүрхэг байж болохгүй. Мөн үүрэг хариуцлага байгаа гэдгийг дарга ажилтан хоёул ойлгож байх хэрэгтэй. Учир нь ажилтны хувьд бол “Би ажил хийж байна. Энэ ажил үүргийг хүлээж хийснээрээ би даргаасаа цалин авч байна” гэдгээ ухамсарлах. Нөгөөтэйгүүр дарга, удирдлагын хувьд бол ажилтнууддаа “Чи ажил хийж буй учир би чамайг эргээд шагнаж урамшуулж, цалин өгч байгаа” хэмээн бодож харилцан өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарладаг байх хэрэгтэй юм. Үүнийг л ажлын байран дээр чухалчилж авч үздэг.

 

Ажлын байран дээрх харилцааг ойлгож, мэдрээгүй хүмүүсийн хандлага чухам хэрхэн илэрдэг вэ?

  Хүмүүсийн хувьд нэг том алдаа гаргадаг. Энэ нь жишээлбэл айлын эрх хүү, охин, айлын олон дүү нартай ах юм уу, эгч байлаа гэхэд ажлын байран дээр ирэхэд гэртээ ямар байдаг яг тэр үүрэг ролиороо хандах гээд байдаг. Магадгүй өөрийг нь даргалж, ахалж буй тухайн хүнтэй бүдүүлэг харьцах эсвэл хэтэрхий эрхэлдэг ч юм уу юм л бол хамаагүй үг хэллэг хэрэглэж харьцах зэргээр ханддаг. Энэ бол ажлын байран дээрх харилцаанд огт нийцэхгүй зүйл юм. Үүнийг тухайн ажил дээрх дарга болон ажиллагсад ажил дээрээ ямар үүрэгтэй байх ёстой яг тэр байр суурь дүрдээ орж ажиллах шаардлагатайг ойлгох нь чухал. Мөн өөр дүрд ороод ажиллаад яваад байна гэдэг эргээд ажил урагшилахад төвөгтэй, бэрх болж ирдэг юм.

Нийгэм дэхь олон сөрөг зүйлс хүнийг стресст оруулж бухимдуулдаг. Харин гэртээ нэг стресстээд, ажил дээрээ тэр хэвээрээ байна гэдэг ямар хор уршигтай вэ?

Тухайн байгууллагын хувьд байгууллагын соёл, мөрддөг чухал зүйлүүд гэж байдаг. Эдгээр зүйлүүдийг ялангуяа байгууллагын удирдаж буй хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Ажлын байран дээрээ хүн очоод стресстдэг биш харин магадгүй өглөө ирэхдээ удирдлага, ажилтан аль нь ч тэр эелдэгээр мэндчилж мэнд эрэх нь эерэг харилцаа үүсгэх гол хөшүүрэг болж өгдөг. Мөн удирдлагын зүгээс ажилчдын хоорондох харилцаа ямар байгааг мэргэжлийн сэтгэл судлалын байгууллагатай хамтарч судалгаа хийсний үр дүнд сургалт семинар орж болдог. Ер нь тухайн байгууллагын дотоод соёл, харилцаан дэхь асуудлыг удирдлага зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Ингэж анхаарснаараа ажилтнууд хоорондоо зохицож, харилцаагаа сайжруулах эерэг үр дүн гарч ирдэг. Ажилчдын хувьд өөрсдийн гэртээ үүссэн асуудлаа чирээд ажил дээрээ очдог. Ажил дээрээ үүссэн зүйлээ гэртээ чирээд очдог ч юм уу тийм хандлагатай байдаг. Хүн өөрийн гэртээ хүүхэд, аав, ээж ч юм уу тийм дүртэй байх ёстойгоо ойлгож мэдрэх хэрэгтэй юм. Мөн ажил дээрээ стресстэж хэцүү байсан тохиолдолд гэр бүлийнх нь хүмүүс ойлгож сонсож өгөх хэрэгтэй.

 

Харин хүн харилцагчаа сонсож чаддаг болов уу?

Харилцааны хувьд маш чухал асуудлын нэг нь сонсох байдаг. Хүмүүс ерөнхийдөө идэвхитэй бөгөөд идэвхигүй гэсэн хоёр байдлаар сонсдог. Идэвхитэй сонсоно гэдэг тархиараа сонсохыг хэлнэ. Харин идэвхигүй сонсолт гэдэг бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадагтай яг ижил утгатай. Тархиараа буюу чин сэтгэлээсээ сонсоно гэдэг нь эргээд хосын харилцаанд ч  гэсэн ач холбогдолтой байдаг юм. Ерөөсөө бусад хүмүүсийг сонсож чадаж байна гэдэг нь харилцаа хэвээрээ үргэлжлэх, тогтвортой байх боломж. Маргаан зөрчил гарч, ойлголцохгүй байдал нь бие биенийгээ сонсож чадахгүй байснаас үүддэг. Тухайн хүний ярихыг сонсож байх үед “үүний дараа ямар асуулт асуух билээ” гэсэн бодол тархинд чинь орж ирж байвал сонсож чадахгүй байгаагийн илрэл юм.

 

Эцэст нь харилцааг сайжруулахын тулд хүний өөрийн зүгээс гаргаж чадах хичээл зүтгэл юу байдаг вэ?

Хүн зөвхөн сайхан харилцааг хүмүүстэй бий болгоход эерэг бодол, эерэг харилцаа л хамгийн чухал юм. Дээрээс нь хүн бүрийн зан, чанар үзэл бодол өөр учир та хүн болгонд таалагдах албагүй. Хүн ер нь өөрийг нь магтаж, урамшуулж сайшаахад хүнтэй хамгийн эелдэг сайхан харилцааг бий болгож чаддаг. Улмаар хүн өөрийн үнэлэмж, дотор нөөц боломжоо улам сайн дээшлүүлж хөгжүүлэх хэрэгтэй юм. Ингэж чадвал хүний дотоод оюун бодол сайжирч, хүмүүстэй илүү гэгээлгээр сайхан харилцаагаар харьцаж эхэлдэг. Эцэст нь харилцаа гэдэг бол хүн болгоноос гарч байдаг зүйл. Өөрийн эргэн тойрон дахь хүмүүсээс буруу хайх биш үргэлж эерэгээр хандаж, харах өнцгөө сайнаар өөрчилж байх нь эргээд хүнтэй харилцахад сайхан харилцаа үүсдэг юм шүү. Мөн хүн бүрийн хүссэн сайхан харилцаа эргээд танаас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй.

 

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таньд амжилт хүсье.  

 

 

Сэтгэгдэл бичих

    • Suni
    • 2020-09-20

    • babi
    • 2017-09-24

    Shn mdell bn

arrow icon