Нийтлэл 05 сарын 08, 2015

Мод яривал мартана, мод таривал ойлгоно

 

Хүн энэ хорвоо дээр амьдрахдаа заавал хийх ёстой гурван зүйлийн нэг нь мод тарих гэдэг үг бий. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, бизнесийн салбарынхан болон иргэд, оюутан залуучуудыг уриалан, дэмжиж, хамтран ажилладаг залуус  бол “Миний клуб”-ын хамт олон. Тус клуб анх 2006 онд улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, зорилготойгоор байгуулагдсан бөгөөд өдгөө нийслэл хотынхоо 10 гаруй газар 250 гаруй мянган мод тарьжээ. Харин энэ жилийн хувьд 12 мянган мод тарих төлөвлөгөөтэй байгаа аж. тэд  энэ удаад  “Миний клуб”-ийн залуус  “Банкны төгөл” нэртэй аяны хүрээнд арилжааны банкуудтай хамтран Чойжин ламын сүм музейн хашаанд гүйлс, тэхийн шээг зэрэг бутлаг ургамлыг тарьж суулгалаа. Чойжин ламын сүм музей нь нийслэл хотыг чимдэг соёлын үнэт өв болсон дурсгалт газруудын нэг бөгөөд монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг агуулдагаараа онцлогтой ажээ. Мод тарих аяны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Банкны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Төмөрхүү, “Миний клуб”-ын зохицуулагч, багш Д.Сэрдарам нар үг хэлсэн юм.

 Өдгөө тус клуб 1700 гаруй гишүүнтэй. Мод тарих гэдэг үндсийг нь суулгаад орхихыг хэлдэггүй, арчилж цааш нь ургуулахыг хэлдэг хэмээн тус клубын гишүүд онцолж байсан юм. Энэ талаар   “Миний клуб”-ын зохицуулагч, багш Д.Сэрдарам “Надад хэлбэл би мартана, надад харуулбал би тогтооно, надаар хийлгэвэл би ойлгоно” гэж  Күнзийн хэлсэн нэг үг бий. Манай клубын залуучууд бол өөрийн биеэр хийж мэдрээд туршлага хуримтлуулж, экологийн боловсролтой болдог. Мөн мод тарих нь олон талын ач холбогдолтой. Манай хүүхдүүд улс эх орныхоо ногоон байгууламж, байгаль экологид үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах төлөвшлийг олж авдаг. Түүнчлэн бидний баримталдаг гол зарчим бол мод тарихдаа үр, үндсийг нь суулгаад орхидоггүй. Цаашид байнга арчилж, тойлж ургуулахад анхаарлаа хандуулдаг” хэмээн ярьж байсан юм.

 

 

 

 

Э.Энхзул “Би 100 гаруй мод тарьсан”

- Анх “Миний клуб”-т хэдэн онд, ямар зорилготой элсэн орсон бэ?

- Миний хувьд анх 2012 онд “Миний клуб”-т элсэн орсон. Анх мод тарих чин хүсэл эрмэлзэлтэй байснаас модыг хэрхэн яаж, тарих туршлаггүй байсан. Гэхдээ мод тарина гэдэг хамгийн үнэ цэнэтэй, эрхэм ажил гэдгийг мэдэж байсан болохоор “Миний клуб”-т элсэн орсон. Энэ клубт орсноор багшаасаа болон бусад гишүүдээсээ олон зүйлийг сурч мэдэж байгаа.

- Таны хувьд “Миний клуб”-т элсэн орсноос хойш хэр их мод тарьсан бэ?

- Манай клубын хувьд байгуулагдсан цагаасаа хойш 250 гаруй мянган мод тарьсан. Харин миний хувьд 100 гаруй мод тарьсан. Эх орныхоо ногоон байгууламж, байгаль, экологид үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг. Цаашид илүү олон мод тарих зорилгыг өөртөө тавьсан байгаа.

- Үе тэнгийнхээ залуучуудад хандаад юу хэлэх вэ?

- Бидэнтэй нэгдээрэй. Монголын маань олон залуус байгаль, дэлхийгээ хайрладаг, эх орноо хөгжүүлье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байдаг гэдэгт итгэдэг. Зөвхөн залуус бидний хичээл зүтгэлээр ирээдүйн ногоон хөгжил бий болно.

 

М.Наранцэнгэл  “Нэг сая мод тарих зорилготой байгаа”

- Тарьсан мод нь ургасан байхыг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Мод тарихад үндсийг нь суулгахаас илүү арчилж гүйцэд ургуулах нь хамгийн их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг биднээс шаарддаг. Нэг модонд ойролцоогоор 5 жил орчмын арчилгаа хэрэгтэй байдаг. Анх бид 2007 онд Булган аймгийн Баяннуурт мод тарьсан. Тэр үеийн цөлжсөн, элсэрхэг газар одоо битүү ой мод болсныг нь хараад сэтгэлд үнэхээр сайхан байдаг. Заримдаа өөрсдийгөө хараад бахархах сэтгэл төрдөг. 

- Танай клуб цаашид хэр их мод тарих зорилготой байгаа вэ? 

- Манай клубын энэ жилийн хувьд 12 мянган мод тарих төлөвлөгөөтэй байгаа. Харин бид цаашид нэг сая мод тарих зорилгыг тавьсан байгаа. Манай клубын хувьд энэ нь их тоо ч ногоон ирээдүйг бүтээхийг хүсч байгаа хүн бүр нэгдэх юм бол тийм их тоо биш гэж бодож байна. Хамгийн гол зүйл нь хүн бүрт  байгаль экологоо, эх дэлхийгээ гэсэн ухамсрыг суулгах хэрэгтэй.

- Хүн бүрийг байгаль дэлхийгээ хайрладаг, хамгаалдаг сэтгэлгээтэй болгохын тулд ямар шийдэл зөв гэж боддог вэ?

- Хамгийн түрүүн хүүхдийг бага наснаас экологийн боловсролтой болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Модны тухай, ургамлын тухай тэд мэдэж байж л түүнийг хайрлаж, хамгаалах сэтгэлтэй болно.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Булгансүрэн
    • 2016-09-10

    Сайхан

arrow icon