Нийтлэл 05 сарын 08, 2015

Х.Тэмүүжин : 30 хүрсэн хүнд 3 настай хүүхдэд таарах дээл эсгээд, багтаах гэж оролдвол бүтэхгүй

"Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль" -ийн төслийг Хууль зүйн байнгын хороо 5 дугаар сарын 5-нд хэлэлцсэн.  Хэлэлцүүлгээр хууль зүйн сайд Д.Дорлигжав экс сайд Х.Тэмүүжингийн 2014 онд  өргөн барьсан хуулийн төслийн нэр, агуулгыг өөрчлөх асуудлыг хөндсөн байна. УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураагаагүй. Иймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудал 7 хоногоор хойшлогдсон байна. Хуралдааны үеэр экс сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийлж, одоо хэлэлцэгдэж байгаа энэ хууль батлагдчихвал удаан хугацаанд үйлчлэх учраас дэвшилтэд шинэ үзэл санаануудыг орхигдуулалгүйгээр ул суурьтай хандах хэрэгтэй байна гэлээ. 

 Тэрээр:

“  Монгол улс социализмын үеэсээ одоог хүртэл материаллаг хууль тогтоомжийнхоо шударга ёсыг маш хүчтэй ярьдаг боловч, процессын шударга ёсыг хангалттай сайн ярьж байгаагүй.

Процессын хууль бол хуулийн шинэтгэлийн амин сүнс нь. Процессийн хууль нь дотроо Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай гэж гурван тусдаа хууль байсан. Энэ хууль хүнийг эрх чөлөөтэй байлгах уу, хэн нэгнийг буруутгаж байгаа буруутгалд нэр төр нь сэвтэх үү, шудрага гэж тооцож байгаа шүүхээр асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх үү гээд хүний амь нас, эрх чөлөө, эд  хөрөнгөтэй нь холбогддог.

 

Энэ концепцийг амилуулах ганц хууль нь таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хууль.  Таслан  сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийг батлахгүй юм бол сэжигтнээр тооцож  хүнийг цагдан хорьчихоод, тэндээ гэмт хэрэг илрүүлэх гэж оролддог манай практик арилахгүйТаслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хууль тусдаа байх ёстой. Учир нь таслан сэргийлэх арга хэмжээ аваад хүнийг хорьсон бол хорьсон газраа гэмт хэрэг илрүүлэхийг хориглоно гэдэг заалт оруулахад л өмнөх хорьж, байцааж, хэрэг илрүүлдэг арга барил алга болно.

Мөрдөн байцаагч, өмгөөлөгч хоёр яагаад хэрэлдээд байгаа юм. Бусад оронд өмгөөлөгч, мөрдөн байцаагчтай хэрэлддэггүй. Харин прокурортой ярина гэж хэлээд, шүүх дээр очиж үнэн зөвөө тодорхойлуулдаг. Гэтэл манайд  хэрэлдэхээс өөр аргагүйд хүргээд байгаа нөхцөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулин дотор хууль сахиулах үйл ажиллагааны бүх процесыг биччихсэн байгаа явдал.”  гэжээ.  

Түүний дурьдсан дээрх ялгаануудыг гаргахгүйгээр бүх хуулийг нэг хууль дотор багтаах гээд байгаа нь 30 хүрсэн хүнд 3 настай хүүхдэд таарах дээл эсгээд, багтаах гэж оролдож байгаатай адил гэв. 

Эцэст нь Х.Тэмүүжин гишүүн байнгын хорооны даргаас эхлээд ойлголтын зөрөөнүүдээ орйтуулаад, дэвшилтэй үзэл санаануудынхаа мөн чанарыг гаргаж эргэлзээнүүдээ арилгаад хэлэлцүүлэг хийх боломж олгохыг хүслээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon