Улс маань дампуурлаа, дефолт хийлээ, өрөө төлж чадахгүй шившиг боллоо... хоёр толгой хөдлөхгүй бол хэцүүдлээ..
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ийм яриа чих дэлсэхгүй өнгөрөх өдөргүй боллоо. Дефолт гэж ер нь юу болох, хийхээр юу болдог тухай нэг сэргээж харцгаая:
"Улсын дефолт: төрт улс өрөө бүтэн төлөх чадваргүй болох"
Засгийн газар зээлж авсан өрөө төлөх чадваргүй болох нь дотоод өр, гадаад өрийн аль алинд тохиолдож болно. Хамгийн анхны дефолт МЭО 4-р зуунд нөгөө л Грекүүдээс гарч байсныг үзвэл анхны хот улс, бизнес, түүнийг дагаад зээлийн харилцаа жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн үеэс л байсан хүний түүхийн хуучин “найз юм”. Ихэнх улс түүхэндээ ямар нэг байдлаар дефолт хийсэн байдаг, харин манай улсын хувьд дор хаяж олон улсын санхүүгийн инстууцуудын үнэлгээгээр 1997 онд дотоод өрийн төлбөр дефолт хийж байснаас гадаад өр төлөөгүй дампуурсан гэх хар тамга одоогоор даруулсан удаагүй.
Угаасаа нэгдсэн хуульгүй, нэгдсэн засгийн газаргүй дэлхий одоогийн байдлаар дефолт гарахад хоёр талын харилцааг хэрхэн зохицуулах талаар ерөнхий дүрэмгүй явж ирлээ. 2002 онд Олон Улсын Валютын сан олон улсын дефолтын шүүх маягийн аппарат байгуулах төлөвлөгөө гаргасан нь бүтээгүй.
Компани өр төлөх чадваргүй болж дампуурахад өмч хөрөнгийг нь зээлдүүлэгч эхний ээлжинд авах эрхтэй байдаг, харин бүхэл бүтэн төрт улсын өмчийг хурааж авах ойлголт байхгүй тул зээлдүүлэгчдэд туйлын ярвигтай асуудал болж ирнэ. Саяхны жишээгээр Аргентин, Грек зэрэг орнууд шиг бүр огт төлөхгүй гэхээсээ жишээ нь гуравны нэгийг нь төлөх санал гаргах зэргээр “өрийн дахин зохион байгуулалт” хийхээр чармайна. Гэхдээ 3000 төгрөг зээлээд 1000 төгрөг өгье гэхээр тэрний оронд сунгаад ч болов бүтнээр нь авъя гэх нь илүү олон. Өр төлөх хугацаа хойшлуулах нь хөрөнгө оруулагч талын эзэмшиж буй бондын үнэлгээ буурах, зээл төлөх талд зээлийн хүү улам хуримтлагдах, өрийн хэмжээ өндөр, зээлжих чадварын үнэлгээ муу хэвээр байх зэрэг давхар асуудал үүсгэнэ.
Нөгөө талаар төлбөрийн чадваргүй болсон улсын талд ч амаргүй. Хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчид дотоодын валютын үнэ цэнэ унах хүлээлттэй болсноор өөр валют эзэмших сонирхолтой болж, энэ нь дотоод валютын үнэ унах явцыг улам хөөргөдөх эрсдэлтэй. Хурцадмал байдал үүсвэл банкны үйлчилгээн дэх төрийн хязгаарлалт ихсэж, зээлийн хүү өндөрсөх, эсвэл бүр зээл гаргахгүйдээ тулна. Татвар төлөгчдийн мөнгө дотоодын валютын үнэ цэнэ буурахын хэрээр үнэ цэнээ алдана.Зээлжих чадварын үнэлгээ гаргадаг агентлагууд ийм байдлыг индекслэх ажлаа хийж, хөрөнгө оруулагчдыг үргээх утаа уугиулна, энэ нь тэдний үүрэг.
Аймар дүр зураг...!
Гэхдээ Экономист сэтгүүл, мөн зарим судлаачдын цуглуулсан дата, баримт харуулж байгаагаар ихэвчлэн үүсээд байгаа эрсдэлд дүйцэх хэмжээнд ашиг амлах юм бол нэмж зээлдүүлэх тал гарч ирдэг
байна. Дөнгөж саяхан Standard&Poors манай зэрэглэлийг буулгахтай зэрэгцээд Худалдаа Хөгжлийн Банк 500 сая долларын бонд гадаад зах зээлд борлуулав. Үнэлгээ муугийн хэрээр өндөр өгөөж амласан байх, гэхдээ л зээлдэгч олдож.
Засгийн газрын хувьд харин нэмж зээлдүүлэгч нь хэн байх вэ? Одоогийн байдлаар олон улсад ОУВС аврагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Аврагч харин өнөөг хүртэл өөрийн гүйцэтгэсэн үүрэгт дүгнэлт хийж, дефолтын эрсдэлтэй орнуудад хандах бодлогодоо өөрчлөлт оруулж эхлээд байна.Өмнөх удаагийн дефолтуудын түүхээс харахад эртхэн, уян хатан арга хэмжээ авах тусмаа хоёр тал илүү зөөлөн “гэмтдэг” байна. Харин тусламж олгох хатуу нөхцлийн дор урт хугацааны шийдэл бус богино хугацаат зээлийг улам нэмэгдүүлсэн үр дүнгүй бодлого явуулж ирсэн гэж өөртөө дүгнэлт хийсэн ОУВС 2014 оны 6 сард илүү уян хатан бодлого санал болгосон. ОУВС-ийн нөөцөөс илүү эрт тусламж авах боломж бүрдүүлэх,тусламж авахын тулд сангийн хатуу шаардлага дор “өрийн дахин зохион байгуулалт” хийж, энэ нь эсрэгээрээ бүс нутгийн санхүүгийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой гэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэгд зээлдүүлэгч талын хувьд хугацаагаа сунгахыг зөвшөөрч, эсвэл өөр зээлдүүлэгчид шилжүүлж, зээлийн хүү, зээлийн хэмжээг бол хэвэнд нь хадгалахыг санал болгоно. Хоёрт, эрсдэл бүхий улсын хувьд ОУВС-ийн нөөцөөс томхон зээл авахын тулд заавал өрийн дахин зохион байгуулалт хийх ёстой гэсэн шаардлагаа арилгана хэмээн мэдэгдсэн юм.
1970 оноос хойш 70 орчим засгийн газар өрийн дахин зохион байгуулалт хийж
, шинэ бонд хэвлэж, төлбөрийн нөхцлөө өөрчлөх оролдлого хийж ирсэн ч үр дүн муу байсан гэж дүгнэж, бодлогын томхон эргэлт хийсэн нь энэ юм. Өр дахин зохион байгуулах буюу restructuring хийх биш сунгах буюу reprofiling хийх, шаардлагатай бол ОУВС-ийн зээл болон бодлогын нөхцлүүдийг хүлээж авах, санхүүгийн чадвараа уг сууриас нь сайжруулах бодлого хэрэгжүүлэх. Сайн тестлэгдээгүй байгаа ч юу юугүй өр зээлээ эмхэлж, богино хугацааны өндөр хүүтэй бонд дахин хэвлэж, тэрнийхээ төлбөрт хамаг төсвөө барж, дээр нь ОУВС-д ч ихээхэн өртэй үлддэг хуучин хэв маягаас хамаагүй бага хохиролтой гэгдэж байна.
Монголын хувьд
Манай улсын хувьд дефолтын эрсдэлийн бодитой үнэлгээ хийх, хэрэв эрсдэл өндөр бол ОУВС-ийн бодлогод эргэлт гарсан дээр аль болох эртхэн шинэ хөтөлбөр, хүрээг ашиглах аргаа бодсон нь дээр байж мэднэ. Шинэ бодлогын нэг заалт, дефолт нь олон улсын санхүүгийн системд жинтэй нөлөө үзүүлэх эрсдэлтэй орон бол илүү уян хатан хандана гэж заасан буй. Жижиг орон тусмаа өөрсдөө санаачлагатай, уян хатан байх шаардлага буй.
Дефолтын эрсдэл өндөрсөх, эсвэл бүр дефолт хэрэв хийхдээ тулвал хоёр талд хохиролтой, хүний хүн хохироож өөрийнхөө ч нэр нүүрийг баасдахад хүрнэ. Гэхдээ дефолт бол үхэл биш. Тусгаар тогтнолын төгсгөл ч биш.
Бизнестэй, мөнгөний эргэлттэй түүхийн хамт оршиж ирсэн одоогоор төгс эмчлэх арга нь олдоогүй, бүтээж байгаасаа ихийг хэрэглэх боломж үүсгэчихсэн системийн хам шинж юм. Бусад дефолтогчдыг бодвол одоогийн байдлаар нэр цэвэр, газрын баялагтай, өрийн дүн харьцангуй бага, хөгжсөн зарим орны өр/ДНБ-гийн харьцаанд хүрэх яагаа ч үгүй, хайвал гарц олдоно. Хий айх, бусдыг ч улам нэмж айлгах, дэмий сандарч хийрхээд өртөг улам нэмэгдэнэ. Бодитоор ямар сөрөг зүйлс гарах, яаж сэргийлэх аргаа тайван эрэлхийлэх нь чухал. ОУВС юм уу ямар нэг хэлбэрээр гаднаас нэмж хөрөнгө татах бол нэг валют, нэг зээлдэгчээс хэт хамаарал үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай.
Ерөнхийдөө маргааш дефолт хийх эрсдэлээс илүү ийм байдалд хүргэсэн хэрэглэх-бүтээхийн тэнцвэр алдагдсан бүтцийн талаар ярьж, санаа зовохгүй байгаа нь илүү том асуудал юм. Систем бол бүтээснээсээ илүү хэрэглэх боломж бидэнд олгосоор байх болно,
илүү хэрэглээд балрахад тулах болгонд юан доллар нэгийгээ үзэх гэж буй дэлхий дээрх “аврагчид” нөлөөгөө ихэсгэх боломж гэж харна.
Бид хийж байгаагаас ихийг хэрэглээд байна, тэрний төлөөсөнд улсын өр ихэслээ.. хүнээс зээлж хэрэглээд хийж бүтээгээд буцаалгүй горьгүй төвөг болно..хоёр толгой хөдлөхгүй ч монголчууд ингэж хоолоо олно...
Бусдаас ичих, дампуурахаас айхаас илүү бусдад төвөг удахгүй, бие даан амьдрах тухай хандлагаар өдөр тутам ярилцаж, сэтгэж байхгүй бол энэ удаа аргаа оллоо гэхэд найман, есөн удаа дефолт зарлаад ч эрүүлждэггүй мөнхийн мөнгөний асуудалтай Аргентин, Грекийн араас орох вий...
Сэтгэгдэл бичих