"Ээж ээ, ээж ээ” хэмээн цорвогор хошуугаа өмөлзүүлэн хүүхдийн цовоо цойлгон инээд цалгиж С.Цогзолмаа багшийн хойноос нь гүйх багачууд энэ газрын хаалгаар ороход л эрхгүй хайрыг мэдрүүлж байлаа. Багшийгаа өөрийн ээж шигээ бодож тойрон шулганалдах тэдэнд энэ хүн үнэхээр эрхэм..
Хуучнаар “Симба” цэцэрлэгийн Цогзоо багш гэхээр мэдэх хүмүүс нь андахгүй. Тэрээр хүнд хэцүү амьдралтай өрх гэрүүдийн хүүхдийг үнэ төлбөргүй цэцэрлэгийн боловсролд хамруулж, уйгагүй хөдөлмөрөөрөө сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжийг цуглуулж цэцэрлэгээ өдий дайтай авч яваа эмэгтэй. Бусдын хүүхдүүдийг өөрийн үр шигээ хайрлан, буянтай үйлс хийж яваа Монголын маань нэгэн сайхан эмэгтэйтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө болон цэцэрлэгээ танилцуулаач. Анх яаж байгуулж байв?
Намайг Санжаагийн Цогзолмаа гэдэг. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх 1992 онд Сэлэнгэд багшийн сургуулийг төсгөөд хотод ирж ХУД-ын 41-р цэцэрлэгт гурван настай хүүхдүүдийг авч ажиллаж байлаа. Тэнд би 11 жил ажилласан. Дараа нь СХД-т гэр маань нүүж ирээд 80-р цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн юм. Энд өмнө нь ажиллаж байсан 41-р цэцэрлэгээс ялгаатай талууд байсан л даа. 80-р цэцэрлэгт ихэвчлэн амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай айл өрхийн хүүхдүүд хүмүүждэг байсан. Энд долоон сар гаруй ажилласны дараа “Ерөөсөө энд цэцэрлэг байгуулбал яасан юм” гэсэн санаа орж ирсэн. Учир нь манай хороонд цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүд цөөхөн байлаа. Нэг өдөр санаандгүй автобусны буудал руу явж байгаад хогийн жалганы дэргэд хоёр хүүхэдтэй тааралдсан юм. Тэдэн дээр очоод хэсэг юм ярьж үзтэл нэг насны хүүхдүүд байсан. Эцэг, эх байдаггүй, эмээ өвөөтэйгөө амьдардаг энэ хоёр хүүхэд цэцэрлэгт явдаггүй бөгөөд гэрийг нь заалгаад дагаад очтол үнэхээр хэцүүхэн гэрт амьдарч байсан. Эмээ, өвөө нь өндөр настай, гэрт нь идэх хоол байхгүй, хувцас хунар нь ч өөдтэй биш. Тэр орой нь би хүүхдүүдийг гэртээ авчраад хооллож, хувцаслаад маргааш нь 2-р хорооны засаг дарга н.Уранчимэг гэдэг хүн дээр очиж энэ хороонд хичнээн хүүхэд байдаг, тэднээс хэд нь цэцэрлэгт хамрагддаг талаар асуусан юм. Судалгаанаас харахад манай хорооны бараг 70-80 хувь нь цэцэрлэгт явдаггүй байсан. Энэ дунд хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд цөөнгүй. Энэ бүхнийг мэдэж аваад цэцэрлэг байгуулах бичиг баримтаа бариад хорооны засаг дарга дээр дахиад орсон. Тэр саналыг минь хүлээж авч бичиг баримтыг минь бүрдүүлж өгсөн. Мөн Азийн Хүүхдийн Ивээх Сан дээр очтол маш сайхнаар хүлээж авч тусалсан. Ингээд 40 хүүхэд авч, дөрвөн ажилтантайгаар анхны улсын хэмжээний гэр цэцэрлэгээ үүсгэн байгуулж байлаа.
Цэцэрлэгээ анх байгуулахад хүмүүс яаж хүлээж авч байсан бэ? Мөн төдийгөөс өдийг хүртэл хичнээн хүүхдийг хүмүүжүүлсэн бол?
Хүмүүс эхлээд их асууж сонирхдог байсан. Энэ цэцэрлэгийг байгуулах болсон гол зорилго маань нэгдүгээрт өөрийн мэргэжлээр ажиллах, хоёрт энэ Толгойтын бүсэд хүүхдүүдэд сурч боловсрох хүмүүжлийн орчин байхгүйг сайн ойлгож, судалсны дүнд хүүхдүүдээс талыг нь ч болов авч цэцэрлэгт хамруулая гэсэн санаачилга байсан юм. Одоо цэцэрлэгээ байгуулаад 14 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 600 хүүхдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгожээ. Тэр хүүхдүүд маань сурч буй сургуульдаа сайн сурч, хамгийн анхны төгсөгчид маань их сургуулийн ширээнд шилжээд байна. Манайхаас гарсан хүүхдүүдээс муу явж байгаа гэсэн зүйл дуулддаггүй
, харин ч дандаа сайн, сайхан явж байгаад баяртай байдаг. Багштайгаа үргэлж холбоотой байж, багш нарын баяраар хүртэл ирж баяр хүргэнгээ амьдралынхаа тухай ярьцгааж байдаг нь үнэхээр сайхан санагддаг.
Танай цэцэрлэгт явж буй хүүхдүүдийн ар талд голдуу “хэцүү” айл өрхүүд байдаг. Мэдээж хүүхдүүдэд идэх хоол, өмсөх хувцас гээд олон зүйл шаардлагатай байж таарна. Энэ бүх асуудлуудыг хэрхэн шийдэж байна?
Үнэхээр амьдралын түвшин муу, хэцүү айлууд байдаг. Зарим нь үнэхээр ядуу, группт байдаг, хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг өгөх байтугай хоногийн хоолоо ч залгуулж чадахгүй эцэг эхчүүд, эмээ өвөө нар олон байна. Эхэндээ бид дандаа гаднаас хувцас, тоглоом, витамин зэргийг гуйж авдаг байлаа. Бид улсаас тодорхой хэмжээний хүүхдийн хоолны төсөв авч байна. Үүнийгээ хүүхдүүдийнхээ хоол, байрны зардал, ажилтнуудынхаа цалин хөлсөнд зарцуулдаг. Мөн бидэнд баяр болгоноор ирж бэлэг өгч, хувцас тоглоом өгдөг хүмүүс байдаг. Ер нь одоо Монголд хүмүүнлэгийн үйлс хийдэг сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд олон болсон байна. Мөн энэ дашрамд хэлэхэд миний ажилд хамгийн их тусалж, дэмжиж намайг ойлгодог хүн бол миний хань. Миний ар талын бүхий л зүйлийг дааж, хариуцаж намайг ойлгож тусалдаг ханьдаа маш их баярлаж явдаг. Мөн миний гурван хүү багаасаа биеэ даачихсан, ээждээ маш түшигтэй сайхан эрчүүд байдаг. Аавтайгаа нийлээд гэр орныхоо бүх л зүйлийг амжуулж зохицуулж явдаг. Мөн хамтран ажиллагсад маань ажиллахад түшигтэй сайхан хүмүүс байдагт нь их талархаж явдаг шүү.
Хүн бүхэн өөрийн гэсэн алсын хараа, зорилго байдаг. Цогзолмаа багшийн цаашдын зорилгыг сонирхоё?
2015 онд би 50 хүүхэдтэйгээр энэ хичээлийн жилээ дуусгаж байна. Одоо бид хоёр бүлэгтэй байгаа. Цаашдаа цэцэрлэгээ өргөжүүлж, хүүхдийн төлөө юм хийе гэсэн бодолтой хүмүүстэй хамтарч ажиллахыг зорьж байна. Мөн бид хашаандаа багахан хэмжээний хүлэмжтэй. Эндээ нарийн ногоо, огурцы, помидор тарьж намар нь хурааж авч дараад хүнсэндээ хэрэглэдэг. Үүнийгээ томруулж цаашдаа цэцэрлэгээ ногоон байгууламжтай болгочихвол хүүхдүүддээ гадаа тав тухтай тоглох орчинг бүрдүүлж өгч чадна гэх зэргээр олон зорилго тавиад байна. Хамгийн гол нь цэцэрлэгээ улам том болгож өргөжүүлээд аль болох олон хүүхэд авч хүмүүжүүлэх нь хамгийн том зорилго маань юм.
Амьдрал л хойно зовлон бэрхшээл, баяр гуниг гээд олон зүйлс бидэнд тохиолддог. Таньд шантрах, хэцүү санагдах үе байв уу?
Байлгүй яахав. Анх маш бэрхшээлтэй байсан. Цэцэрлэг байгуулъя, хүүхдүүдээ өгөөч гэхэд зарим хүмүүс өгдөггүй байсан. Яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхээр цэцэрлэг төлбөр нэхнэ, бидэнд өгөх мөнгө байхгүй гэнэ. Харин тэдэнд манай цэцэрлэг ямар ч мөнгө авахгүй гэхэд хүүхдүүдээ өгч эхэлсэн. Хүүхдээ өгснийхөө дараа долоо хоногоос тэд хүүхдээ бидэнд өгөөд ажил төрлөө ямар тав тухтай хийж байгаа тухайгаа, энд хүүхдээ өгснөөр амьдралд нь маш их өөрчлөлт гарч эхэлсэн тухай над дээр ирж хэлдэг, баярласан сэтгэлээ илэрхийлдэг болсон. Манай цэцэрлэгт тамхи зарж амь зуулгаа залгуулдаг байсан гэр бүлийн хоёр хүүхдээ өгдөг байсан. Тэд эхэндээ тамхи зардаг байснаа сүүлдээ цагаан хэрэглэл оёдог болж одоо маш сайхан гэртэй болсон байна. Тэдний зургаан хүүхэд манайхаар хүмүүжиж төгссөн. Одоо хамгийн бага нь болох хоёр настай охин л явдаг. Хүндрэл бэрхшээлтэй, уйлмаар хүнд өдрүүд надад цөөнгүй байсан. Цэцэрлэг байгууллаа гээд олон хүүхэд авдаг, гэтэл хоол унд, хувцас хунар, тоглоом зэргээс авахуулаад дутагдах зүйлс их байдаг байлаа. Мөн бичиг баримтаа аваад ажлаа хөөцөлдөхөд саадтай зүйл их тохиолдоно. Тусална гэж байсан нэг нь худлаа ярьж алга болох тохиолдол ч байсан.
Хүн амьдралдаа олон зүйлээс сэтгэлийн таашаал, сайхан мэдрэмжийг авч байдаг. Таны хувьд ямар зүйлээс тэр сайхан зүйлийг мэдэрдэг вэ?
Надад гунигтай хэцүү үеүд байсан ч баяртай, жаргалтай мөчүүд нь олон байсан гэж боддог. Учир нь би цагаахан цаас шиг сэтгэлтэй, хүүхдүүдтэй ажиллаж, тэд маань зарим зүйлээрээ хангагдаж цэцэрлэгт явж байгааг харахдаа маш их баяр жаргалтай болдог. Хүүхдүүд цэцэрлэгтээ ээж аав, эмээ өвөө, ах эгчийн хайрыг мөн амсдаг гэж ойлгож болно. Манай хүүхдүүд баяр болгоноор багшдаа өөрсдийн гараар хийсэн дурсгалын зүйлсийг бэлэглэдэг юм. Би өөрийн гэсэн хөөрхөн мөрөөдлийн дэвтэртэй
. Түүн дээрээ хүүхдүүдийнхээ өгсөн бэлэгнүүдийг наагаад, өөрийн мөрөөдлөө бичиж, цэцэрлэгээ улам өргөжүүлж олон хүүхэд авах юмсан гэж боддог. Сайхан зуны цэцэрлэг бариад хүүхдүүдтэйгээ амрахыг мөрөөддөг
. Мөрөөдлийн дэвтэрийн маань зарим зүйлээс биелж байгаад баяртай явдаг юм аа.
Тэгвэл таныг баярлуулдаг бяцхан шавь нарынхаа талаар бидэнд хуваалцаач? Мөн таны бахархал чинь юу вэ?
Хүүхдүүдтэйгээ байхад хөгжилтэй зүйлс их тохиолддог. Хагас бүтэн сайнд амраад нэг дэх өдөр ирэхдээ “Багш аа, би таныг зүүдлээд их санасан” гэх хэлэх нь надад маш их аз жаргалыг мэдрүүлдэг. Тэдэнтэйгээ байх тэр цаг мөч хамгийн жаргалтай. Хамтдаа тоглоод, юм яриад суухад амьдралын бүхий л стресс тайлагдаж сайхан болдог. Би өөрийгөө үргэлж залуу байгаагаар төсөөлж явдаг. Найзууд маань “Чи яагаад өтөлдөггүй юм бэ, юу хэрэглээд байна, нууц нь юундаа байна” гээд л асуудаг юм. Харин би “Намайг залуугаар минь байлгадаг гол витамин, чухал нууц нь хүүхдүүд минь” гэж хариулдаг. Би мэргэжилдээ үнэхээр их хайртай, бас бахархал минь юм.
Ярилцсан таньд баярлалаа. Сайн үйл бүхэн дэлгэрэг.
Сэтгэгдэл бичих