“Урлагийн Олимп” гэгддэг Венецийн Биенналь нь (La Biennale di Venezia) бүхэл бүтэн нэг зууны турш дэлхийн хамгийн нэр хүндтэй урлаг, соёлын арга хэмжээ байсаар ирсэн. 1895 онд анх зохион байгуулагдсан тус биенналийг үзэхээр өдгөө бараг 370,000 хүн зочилж байна. “Биенналь” гэдэг нь Италиар “хоёр жилд нэг удаа” гэсэн утга санааг илэрхийлдэг учраас Венецийн Биенналь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн 56 дахь удаагийн биенналийн нэг онцлог нь Монгол улс анх удаа оролцож буй явдал
юм. Дэлхийн 88 орон биеннальд өөрсдийн павильоныг босгож, хамгийн шилдгээ шалгаруулан илгээжээ. Түүнчлэн хөгжим, театр, кино гэх мэтчилэн дагалдах урлаг соёлын 44 үйл ажиллагаа болж байна. Улс орон бүр өөрсдийн гэсэн павильоныг засан, шалгарсан уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа нь зөвхөн соёл урлагийн салбарыг төлөөлөөд зогсохгүй тухайн бүтээлүүд нь өөрийн орны нүүр царай болж байдаг учраас маш чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Уран бүтээлч Т. Энхболдын видео перформанс.
Тийм ч учраас Монгол улсын хувьд Венецийн биеннальд энэ жил анх удаа оролцож буйгаараа Монголын урлаг, соёлын түүхэнд нэгэн том алхам хийж байгаа юм. Монгол улсыг төлөөлөн уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нарын үзэсгэлэнгээс бүрдсэн Монголын павильон өнгөрсөн пүрэв гарагт Палаззо Морад албан ёсоор нээсэн бол биенналь олон нийтэд энэ сарын 9-өөс эхлэн үүдээ дэлгэсэн бөгөөд ирэх арван нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.
Уран бүтээлч Х.Үнэн-Энхийн бүтээл. Тэрээр бүтээлээ адууны дэл, сүүл болон эсгийгээр урлан хийдэг байна.
Уран бүтээлч Х.Үнэн-Энхийн бүтээл.
Монголын талын зохион байгуулагчдын зүгээс:
“Монголын павильон хоёр уран бүтээлчийн “OTHER HOME” үзэсгэлэнгээс гадна Венец хотын гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд Т.Энхболдын толилуулж буй монгол гэртэй перформансаас бүрдэж буй. Монголын зүгээс толилуулсан эдгээр үзэсгэлэн нүүдэлчдийн соёл, ухаанаас улбаатай Монголын орчин үеийн урлагийг харуулахаас гадна даяаршсан ертөнц дэх гэр орон хэмээх ойлголтыг авч үзсэнийг онцлууштай.”
хэмээн тайлбарлаж байгаа юм.
Уран бүтээлч Т.Энхболд.
Уран бүтээлч Т.Энхболдын бүтээл.
Гэвч нөгөө талаар "Энэ чухал арга хэмжээнд Монголын нүүр царай болж буй бүтээл Монголын уламжлалт соёлын элемент болох гэрийг яагаад ийм бүдүүлэг, өөр байдлаар харуулав, Монголоо муухайгаар сурталчиллаа" хэмээн харж буй хүмүүс ч олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна.
Уран бүтээлч Т.Энхболдын бүтээл.
Сэтгэгдэл бичих