Манай улсад уул уурхай, барилгын салбар хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд олноор байгуулагдаж, түүнд ажиллах мэргэжилтэй, мэргэжилгүй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.
Гэвч тухайн байгууллага ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрүүл мэндийн үзлэгт ажилтнуудаа хамруулах, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах зэрэгт анхаардаггүйгээс олон арван хүний амь нас эрстэх, бие махбодод нь хүнд , хөнгөн гэмтлүүд учрах гэх мэт ноцтой асуудлууд үүсдэг. Мөн үйлдвэрлэлийн гадна орчинд иргэд осол эндэгдэлд өртөж
амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ч гарах болсон.
Сүүлийн жилүүдэд шинээр баригдаж байгаа барилга болгон дээрээс хүн унаж нас барах болсон гэхэд хилсдэхгүй болоод байгаа. Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна.
Осол гараад байгаа гол шалтгааныг тухайн байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцдаг алба, хэлтэс, ажилтан байхгүйтэй холбон тайлбарлажээ.
Эдгээр асуудлыг зохицуулах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төсөл өнөөдөр байнгын хороон дээр сүүлийн хэлэлцүүлэгтээ орж, гишүүдийн олонх дэмжлээ.
Энэхүү хуулийн төсөлд дараах асуудлуудыг тусгасан байна.
- ААН, байгууллагууд ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг ажиллуулах. Тэдний чиг үүргийг тодорхойлох
- ААН, байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг хэмжээг 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлэх, зарцуулалтыг тодорхой болгох
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, сургалтын агуулга чанар, багш, арга зүйчдэд тавих хяналтыг сайжруулах. Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх
- “үйлдвэрлэлийн орчин” , “үйлдвэрлэлийн осол”, “эрсдэлийн түвшин их ажлын байр” гэсэн нэр томьёонуудыг шинээр оруулж , ажлын талбай болон гадна орчинд хүн гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд
ажил олгогч хохирлыг нөхөн төлөх
- Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажиллах хугацаанд нь ажил олгогчийн зардлаар амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулах
- Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх
- Хуулийн хэрэгжилтийг хангахад бүх шатны үүрэг оролцоог идэвхжүүлэх
Сэтгэгдэл бичих