Нийтлэл 05 сарын 12, 2015

Boys, be ambitious!

Хэл шинжлэлийн хүрээлэнгээс гаргасан гадаад гаралтай үгсийн тайлбарт "амбиц"-г эрх мэдэлд шунах..гэцэн байв уу?  Яаж эргэхээрээ англиар бол “ямар нэг зорилгод хүрэх хүчтэй эрмэлзэл” маягийн утгатай үг  authority эрх мэдэл , greed шунал энэ тэр гэсэн үгстэй очоод нэг аймагт орчихдог байна? Дундын танилынхаа тухайд нэг найздаа – Цаадах чинь нэлээн амбицтай гэтэл  -Гайгүй залуу штэ гээд өмөөрөх аястай болж ирэхэд нь энэ үгэнд сөрөг утгатай болж байгааг анх удаа анзаарсан удаатай. Тэр болтол анзаараагүй маань ийм эрч хүчтэй, өөдрөг үгэнд тийм шунал, эрх мэдэл энэ тэр улс төржүү өнгө шингэсэн байна гэж огт санаагүйгийнх байх.

Хэл шинжлэлд референт гэж ойлголт байдаг. Үсгээр тэмдэглэсэн үг бол утга агуулах хоосон хайрцаг нь. Хайрцганд ямар утга хийснийг буюу зааж байгаа зүйлийг нь референт гэнэ.  Доорх зурагт үзүүлж байгаа шиг “АЛИМ” гэдэг 4 үсэгтэй хайрцагт хамаарах референт нь мөнөөх амтлаг, шүүслэг жимс мөн. Референт ямар байна, үг бидний ярианд тийм утгаар хэрэглэгдэнэ. Хэрэв энэ жимс гашуун байсан сан бол “алим” ч гашуун утга агуулна.

 

 

Баабарын “Киноны хэл” хэмээх загатнасан газар маажсан нийтлэлд

Бид “бороо орж байна” гэж ярьдаг нь тооноор ороод ирдэгтэй холбоотой, Оросууд болохоор “бороо явж байна” гэдэг нь цонхоор тэгэж харагддаг байх, гэтэл вьетнамчууд “бороо урсаж байна” гэдэг нь үерээс сэргийлсэн өндөр хөлтэй байшингийнх нь доогуур урсаж буй нь шалны зайгаар харагддагаас болдог гэлцэх

 хэмээсэн нь буй. Үг хэлц нутаг нутгийн референт буюу онцлогоо тусгаж хэвшсэн сонгодог жишээ. Эндээс нэг юм хэлж болно, АМБИЦ-ын утга олиггүй байгаа бол референт нь буюу бидний амбиц олиггүй байгаагийнх юм. Үг хэдий амьд ч харь гаралтай үг тийм ч амар үндсэн утгаа гээхгүй, тэгэхээр нэлээн урт хугацаанд, нэлээн өргөн хүрээнд бид муу утга өгөхөөр референт байж иржээ. Бидний амбиц эрх мэдэл, албан тушаал, хоосон карьер хөөх талдаа тул хэл шинжлэлийн хүрээлэн маань албан ёсоор тэр утгаар нь тольд тайлбарлажээ. Иргэн бүр өөрийн зорилготой, түүндээ хүрэхээр тууштай хөдөлмөрлөдөг амбицтай байсан сан бол энэ үгэнд ийм өнгө үнэр шингэхгүй байсан нь лавтай. “Алим”, алимны зураг хоёр шиг, “амбиц”, бидний амбиц хоёр мөргөнө. Нэг зовлонтой нь үг муу утга шингээвэл түүнийг хэрэглэж байгаа биднийхээ сэтгэлгээг эргээд хашина

Нэг сонирхолтой баримт: Англи хэлнээс гүүглээр орчуулахад монгол хэлээр орчуулга гарахгүй, японоор 9 ханз гарч ирнэ.  9 ялгаж нэрлэмээр баялаг референт япончуудад бий,  тэрийг нь нэрлэх 9 өөр ханз байхад гайхах юмгүй.  Харин монгол хэлээр орчуулга буухгүй, шууд галиглаад кириллээр нутагшиж байгаа нь нэгийг өгүүлнэ. Монгол хэлийг муулж байна гэж уурлах нь дамжиггүй "сэив монголианист"-уудад хурдхан хэлэхэд баялаг сайхан эх хэлээ үгийн сангүй гэж хэлэх санаа огт үгүй. Хүчирхэг, баялаг хэл байсаар байтал орчуулагдахгүй галиглаж авч байгаад нэг учир байж таараа гэсэн л үг. Ер нь бол нэг зорилгод төвлөрч, хөөцөлдөх биш нүүдэллэж оддог, энгийн бодь өвөг дээдсийн үр удам билээ бид.  Унаган соёлоосоо хол ухагдахууныг кириллээр галиглаж гадаад үг импортлож авах бол хаана ч байх. Харин шинэ үгээр тэмдэглэх учиртай нэг сүрхий шинж чанарыг нэлээн буруу ухаж давхиад байгааг утганд гарч эхэлсэн нугалаа харуулж байх шиг. "Boys, be ambitious" гээд Мэижийн шинэчлэлийн үед Хоккаидо их сургууль байгуулахад зөвлөхөөр ажиллаж, шинэ Японы соёлд жинтэй хувь нэмэр оруулсан Кларкын хэлсэн алдартай үг байдаг. Энэ үгийг хэлэх, эшлэх дуртай бизнесмэн, багш нар одоо ч цөөнгүй. Монголчууд ч хэлмээр үг, гэхдээ зөв утгаар нь: "BOYS, BE AMBITIOUS!

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon