Нийтлэл 05 сарын 13, 2015

Өрийн удирдлагын хууль дор Өгөөдэй Бонд гаргах уу?

"Худалдаа Хөгжлийн банкны 500 сая долларын бонд монголын санхүү тойрсон асуултууд төрүүлж байна" мэдээ Ройторс агентлаг нийтлэсэн. Уг мэдээний агуулга болоод хөндөгдөж буй өрийн удирдлагын хуулийн заалтуудыг нэгтгэн хүргэе.

 

Ройторсын мэдээний агуулгаас

Мүүдийз болон S&P-ээс  B2/B+ үнэлгээтэй байгаа ч Монголын Засгийн газрын Худалдаа Хөгжлийн Банкны 500 сая долларын дунд хугацааны банкнотыг батлан даасан (засгийн газрын бондоос ялгахын тулд ХХБ-ын бондыг банкнот гэж тэмдэглэв). ХХБ 9-р сард төлөх 330 сая долларын өрийн төлбөрт зарах зорилготой гэж байгаа ч хөрөнгө оруулагчид уг баталгааг Засгийн газар долларын нөөцөө нэмэх зорилготой гаргаж байж болзошгүй гэж санаа зовж байна.

Энэ жил батлагдсан Өрийн удирдлагын хуулийн хүрээнд засгийн газар зөвхөн төрийн өмчит Хөгжлийн банкны зээлийг 100 хувь, эсвэл бусад шаардлага хангасан этгээдийн зээлийн 85 хувийг батлан даах боломжтой. Харин хуулийн этгээд засгийн газрын бондыг эзэмшиж байвал, өрийн хязгаараас үл хамааран тэр хэмжээний гадаад зээлд  засгийн газар баталгаа гаргах боломжтой.

Энэ нь ХХБ  500 сая долларын банкнотыг бүгдийг нь зах зээлд гаргах юм бол хугацааг нь дуустал 500 сая доллартай дүйцэх хэмжээний дотоодын бонд эзэмшиж байх ёстой гэсэн үг. Банк 4-р сарын 28-ны байдлаар 517 сая доллартай тэнцэх 1,015 их наяд төгрөгийн засгийн газрын үнэт цаас эзэмшиж буй гэж мэдэгдсэн.   Монголын дотоодын өрийн хэмжээ 1,75 тэрбум доллартай тэнцэнэ гэх албаны тоо буй ч яг зөв эсэхийг мэдэхгүй гэж шинжээчид хэлж байна. 

“Монголын хувьд гадаад өр нь дотоод өрөөсөө илүү ил тод байдалтай” Standard & Poor's-н төрийн болон олон улсын өр хариуцсан захирал Р.Зонг

ХХБ банкнот борлуулсан долларыг Монголын төв банкинд өгч төгрөг болгож авна. Энэ нь банкнотын хугацаа дуустал өрийн хязгаарт багталгүйгээр төв банк доллартой болох боломж гэсэн үг. Эсрэгээрээ ХХБ хамаг доллараа Төвбанктай төгрөгөөр солих юм бол эргээд доллар хэрэгтэй болох үед Төвбанкнаас өөр доллар гаргаж өгөх чадамжтай институц байхгүй, бусад арилжааны банкнууд доллараа ХХБ-д өгөхгүй байх гэж нэгэн монголын банкир хэллээ.

 

Ройторс агентлагийн мэдээлсэн уг мэдээтэй холбогдуулан ХХБ-наас тодруулга авлаа:

Өрийн удирдлагын хуулийн хүрээнд арилжааны банкууд бонд гаргах боломжтой болсон, манай банк хамгийн түрүүнд энэ боломжийг ашиглахаар хөрөнгө оруулагчдад санал болгоод байгаа. Бонд худалдан авах явц их нарийн байдаг, одоо ч үргэлжилж байна. Харин уг хуулийн заалтаар бондын хөрөнгийг бондын төлбөрт зарцуулах ёсгүй, 9 дүгээр сард төлөх 300 сая долларын төлбөрийн зориулалттай гэдэг нь худлаа гэдэг мэдээлэл өгөв.

 

 

Хөгжлийн банкны орлон тоглогчид гарч ирэх үү?

Дор оруулсан нэг нэгнээсээ хөвөрсөн хуулийн заалтуудын харилцаанаас нэг сонирхолтой зураг ажиглагдана. Үнэт цаас гаргагч байгууллага Засгийн газрын үнэт цаасыг баталгаа гаргуулж байгаа дүнтэй дүйцэх хэмжээнд эзэмшиж л байх юм бол нөгөө өрийн хязгаар, таазаа нэвт цохиод дотоодын бонд хэвлэж чадах хязгааpaap долларын өр тавих боломжтой  . 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ч Засгийн газрын өрийн бичиг болоод өрийн баталгааны дүнг аль алийг нь Засгийн газрын өр гэж тооцно гэж заасан ч  энэ оны хоёрдугаар сарын 18-нд өрийн удирдлагын хууль батлагдсантай зэрэгцэн хоёрдугаар сарын 18-нд доорх заалт нэмэгдсэн буй. 

Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй

Шинэ 7 хоног эхлэхэд дефолтын эрсдэлийг удирдах арга нь олдоно доо гээд бичиж байсан, аль хэдийн хоёрдугаар сарын 18-нд нэг аргаа олсон байж. Хоёрдугаар сарын 18 чинь юу билээ, битүүн байлуу, шинийн нэгэн байлуу...  

Гэхдээ урд хормойгоороо хойд хормойгоо авч нөхөх маягийн энэ арга, нэгд дотоодын үнэт цаасаа эзэмшүүлж, доллар босгуулаад, тэгээд ханшийн эрсдлийг хувийн байгууллагад үүрүүлж байгаагаараа төсвийн тогтворгүй байдал, төгрөгийн ханшийн эрсдэлд арилжааны банкнуудаа хутгаж эхлэв. Хоёрт  дээрх журам, хуулийн заалтуудаас харахад, засгийн газрын баталгааг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж гаргах ёстой байна.  Банкнууд Засгийн газрын баталгаагаар бонд босгож, хөрөнгийг улсын хөрөнгө оруулалтын хүрээнд зарна гэдэг нь чингислэг, самурайлаг нэн танил  сценар. Өчигдөр төрийн хөрөнгө оруулалтын удирдлага үр ашиггүй байхад улсын хөрөнгө оруулалт том байх нь макро эрсдэл дагуулдаг тухай текник судалгааны дүгнэлт хүргэсэн. Үнэхээр ч Хөгжлийн банк төсвөөс гадуур хөрөнгө оруулалт хийсэн нь сайн муу олон үр дагавар дагуулсны нэг нь төсвийн тогтворгүй байдал. Одоо харин арилжааны банкуудаа нэн төстэй механизмд оруулж буй мэт. Энэ хардлага ортой эсэхийг бондын хөрөнгийг юунд зарцуулахыг харж байж мэднэ. 

 

 

Засгийн газрын баталгаа, Өрийн удирдлагын хуулийн заалтууд:

Засгийн газрын баталгаа гаргах нөхцөлд зааснаар баталгааны хэмжээ өрийн хязгаарт нийсэн байх ёстой, гэхдээ Өрийн удирдлагын хуулийн 35.3-т заасан этгээдэд хамаарахгүй:

Сангийн яам засгийн газрын баталгаа хүссэн өргөдлийг хүлээж авч дараах нөхцлүүдийг хангасан эсэхийг шалгана:

4.1.1. санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан эсэх;
4.1.2. баталгааны хэмжээ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
4.1.3. баталгааны хэмжээ нь өрийн хязгаарт нийцсэн байх;
4.1.4. баталгааны хэмжээ нь Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээнд нийцсэн байх;
4.1.5. баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн үр ашигтай, зээллэгийг эргүүлэн төлөх чадвартай байх;
4.1.6. баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байх.
4.2. Энэхүү журмын 4.1.3-т заасан шаардлага нь Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасан этгээдэд баталгаа гаргахад хамаарахгүй.

 

Өрийн удирдлагын хуулийн 35.3-т заасан этгээд гэдэг нь:

35.3.Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана.

 

Баталгаа гаргуулагч ямар шаардлага хангасан байх ёстой вэ? 

34.2.Баталгаа гаргуулагч нь дараах шаардлагыг бүрэн хангасан байна:

34.2.1.сүүлийн гурван жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх;

34.2.2.хугацаа хэтэрсэн өргүй байх;

34.2.3.зээлдүүлэгч байгууллага нь баталгаа гаргуулагчтай нэгдмэл сонирхолгүй, хамааралгүй этгээд байх;

34.2.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан байх;

34.2.5.холбогдох мэдээлэл, тайлан тооцоо, баримт бичгийг хуульд заасны дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байх;

34.2.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж байгаа зээл, үнэт цаасыг эргэн төлөх чадвартай байх.

 

33.3-т заасан шаардлага гэдэг нь: 

33.3.Засгийн газрын өрийн баталгаа гаргах зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.2-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

 

18.5.2-18.5.4, 18.5.7-д заасан шаардлага гэдэг нь 

18.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

18.5.1.төсөвт тусгагдсан байх;

18.5.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;

18.5.3.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан байх;

18.5.4.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, баталгаажуулсан байх;

18.5.5.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээ эдийн засгийн үр ашигтай, зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай нь эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон байх;

18.5.6.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас илүүгүй байх;

18.5.7.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж, баталгаажуулсан байх.

 

 

 

  

Сэтгэгдэл бичих

arrow icon