Байгаль нуурын бүсэд цөмийн цахилгаан станц барих саналыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Нуур Судлалын хүрээлэнгийн захирал, академич Михайл Грачев гаргасан байна.
Ингэснээр эрчим хүчний хэмжээг тэнцвэржүүлж, хомсдолоос сэргийлэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн дэлхийн дулаарлын улмаас хур тунадас багасч байгаа энэ үедуг станцыг барьснаар дан ганц Байгаль нуур төдийгүй Монгол улсыг ч эрчим хүчний алдагдлаас хамгаалах юм
.
Байгаль нуурын усны түвшин 2-р сарын 25-нд анх 1 см-ээр багассанаас хойш бага багаар алдагдаж эхэлжээ. Судлаачид үүний гол шалтгааныг хур тунадас багассантай холбож тайлбарлаж байна. Тэд долоон сарын эхээр мөс бүрэн хайлж дуусахад усны түвшин буцаж хэвэндээ орно хэмээн найдаж байгаа. Хэрэв усны түвшин хэвэндээ орохгүй, багассаар байвал ойрын ирээдүйд Брацк, Усть-Илим усан цахилгаан станцууд зогсох уршиг ч гарах магадлалтай юм. Цөмийн цахилгаан станц бол дэлхийн дулаарал гэх бодит аюулаас сэрэмжлэх ганц боломж бөгөөд Монгол улсаас Сэлэнгэ мөрөнд барихаар төлөвлөгдөж байгаа Шүрэн усан цахилгаан станцтай зохицох боломж гэж академич Михайл Грачев үзэж буй юм.
Харин ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской энэ саналыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.
Тэрээр “цөмийн цахилгаан станц барьснаар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихэснэ. Стандарт үйл ажиллагаанаас эхлээд Байгаль нуур орчмын газар хөдлөлийн аюулгүй байдалд хүртэл эрсдэлтэй. Энэ асуудлыг авч үзэхийн тулд Байгаль нуурын онцгой статусыг эхний ээлжинд бид бодолцож үзэх хэрэгтэй. Байгаль нуур бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газар учраас бид нэн тэргүүнд нуурын экосистемийг хамгаалах үүрэгтэй.” гэсэн байна.
Цөмийн цахилгаан станцын хүчийг бусад төрлийн станцуудтай харьцуулахын аргагүй ч үүнээс гарах хор уршиг гамшгийн хэмжээнд яригддаг. ОХУ-д нийт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ийм төрлийн станц байдаг
ч бүгд нутгийн баруун хэсгээр баригдсан. Хэрэв Байгаль нуур орчимд баригдвал манай улстай хамгийн ойр орших цөмийн цахилгаан станц болно. Бидэнтэй ойр орших байрлалыг нь бодсон ч, дэлхийн өв болох онцгой бүсэд баригдах тухай яригдсан учраас ч энэ асуудалд бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Уг цахилгаан станцыг усны нөөц ихтэй газар барих шаардлага тавьдаг. Энэ утгаараа Байгаль нуур хамгийн тохиромжтой газар гэж судлаачид үзсэн байж болох юм. Хэдий санал төдий яригдаж салбарын сайд нь эсэргүүцсэн ч ахин яригдахгүй гэх баталгаа үгүй.
“Шүрэн” усан цахилгаан станц 2017 оноос баригдаж эхлэх гэж буй. Энэ станцыг барьснаар Байгаль нуурын усны түвшинд сөргөөр нөлөөлөх аюултай хэмээн Оросын тал үзэж анхнаас нь эсэргүүцэж байсан. Үнэхээр усны түвшин сөргөөр нөлөөлж болох ч Монгол улс өөрийн гэсэн усан цахилгаан станцтай болсноор Оросоос экспортлох эрчим хүчний хэмжээ буурахаас ч сэрэмжилж байж болно. Аль нь ч бай Байгаль нуурын усны түвшин багассаар байвал цөмийн цахилгаан станц барих асуудал ахин сөхөгдсөөр байна гэдэг л тодорхой болж байна.
Сонирхуулахад Оросын түүхэнд цөмийн цахилгаан станцтай холбоотой гурван осол гарч байсан:
- 1957 оны 9-р сарын 29 нд болсон Кыштымын осол цөмийн түлш дахин боловсруулах үйлдвэрийн цацрагийн бохирдлоос болж үүссэн. Үйл ажиллагааны ачааллас болж хаягдлын савны дэлбэрэлт болж байгаль орчинд цацраг идэвхт бодис их хэмжээгээр тархсан. (Ослын түвшин 6)
- 1975 онд ОХУ-ын Ленинград мужийн Сосновый Борын цөмийн цахилгаан станцын реактор 1-р нэгжид цөмийн хэсэгчилсэн хямрал болсон.
- 1993 онд Оросын Томскын станцын даралт ихээр хуримтлагдсанаас тэсрэх механик алдаанд хүргэсэн байна. (Ослын түвшин 4)
Дээрх ослын түвшинг харахад бүгд аюултай хэмжээнд болж байжээ. Цөмийн цахилгаан станцын ослыг 7 түвшингээр хэмждэг бөгөөд түвшин, үр дагаврыг инфографикаар харуулав:
Сэтгэгдэл бичих