Японы автомашины брэнд Toyota, Nissan компаниуд нийт 6,5 сая машинаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь машины эд анги үйлдвэрлэгч Takata компанийн аваарын дэрийг солих юм.
Toyota компанийн хувьд 2003 оны 3 сараас 2007 оны 11 сарын хооронд үйлдвэрлэгдсэн Corolla, Vitz болон бусад загварын нийт 5 сая машин, харин Nissan компани 1,56 сая машин буцаан авахаар болжээ.
Тус компаниудын машинтай холбоотой ямар нэгэн осол, аваар мэдэгдээгүй байгаа ч аваарын дэрийн хийлэгчийг шалгаж, солих хэрэгтэй гэж тэд үзсэн байна. Учир нь Takata компанийн хийсэн аваарын дэрнээс болж 6 хүн нас барсан тохиолдол гарчээ. Гэхдээ эдгээр бүх осол Honda компанийн машинд болсон юм.
Toyota, Nissan компаниуд машинаа эргүүлэн татах тухайгаа зарласны дараа Honda компани ч агаарын ууттай холбоотой асуудлаар машинуудаа татна хэмээн мэдэгдэв. Одоогоор Honda компани хэдэн машин татах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард мөн л энэ асуудлаар АНУ-аас 100,000 машиныг Honda компани буцаан авч байсан. Харин Takata компанийн аваарын ууттай холбоотой асуудлаар 2008 оноос хойш дэлхий даяар нийт 10 өөр компани 25 сая машинаа буцаан татаж байжээ.
Сэтгэгдэл бичих