Нийтлэл 05 сарын 14, 2015

ЭКОНОФИЗИК

Нийгмийн шинжлэх ухааныг байгалийн шинжлэх ухаантай адилтган авч үзэх нь бий. Жишээ нь физиктэй, эдийн засгийг адилтган авч үздэг Эконофизик хэмээн салбар шинжлэх ухаан 90ээд оны дунд үеэс эхлэн хөгжжээ. Энэ нь физикийн батлагдсан хуулиудыг эдийн засгийн салбарт хэрэглэдэг ухаан юм. Жишээ нь опционы үнийг тодорхойлоход ашигладаг Блек–Шолесын тэгшитгэл нь Диффүз-адвекцийн тэгшигтэлтэй ижил байдаг байна. Байгалийн шинжлэх ухаан нь орчлон ертөнцийн харилцаа, шүтэлцэл хуулиудыг судалдаг ба ертөнцийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүмүүс биднийг ч судалдаг. Тэгвэл хүн төрөлхтөний үүсгэсэн нийгмийн тогтолцоог бүрэн зөв ойлгоход байгалийн ухаан хамааралтай байх магадлалтай. Учир нь бид орчлонгийн бусад юмстэй адил бөөмсөөс бүрдсэн, адгууслаг шинж чанартай хэвээр л байна. Одоогоор эконофизик нь Исаак Ньютоноор загалмайлуулсан механик физикээс хэтрээгүй л байна. Гэтэл физикийн тэргүүн эгнээ аль хэдийнээ энгийн ойлголтуудаас давсан. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал ч бидний санаанд оромгүй зүйлсээр дүүрэн болж, онолууд худлаа болсоор л байна. Иймд байгалийн ухааныг гүйцэж, тэдгээрийн шинэ ойлголтуудыг ашиглах, бүтэцжүүлэн загваржуулснаар өнөөгийн эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломж гарах магадлал бий. Хэт их хүчилсэн мэт санагдавч туршаад үзэхэд шинэ онолын эхлэл байхыг үгүйсгэхгүй. Энэ удаа эдийн засаг ба физикийг  хоёр жишээн дээр зэрэгцүүлэн сэтгээд үзье.

 

Квант шатаар уруудан хүний зан төлөв рүү өнгийх нь

Квант ертөнц нь сонгодог физикийн муруй зам, хурд, биеийн солбилцол зэрэг дасал болсон ойлголтуудыг утгаггүй болгов. Одоогийн байдлаар ертөнц дээр 6-н төрлийн кварк буюу эгэл бөөм байгаа хэмээн тогтоогоод байгаа боловч цаашид ч нэмэгдэж болзошгүй.

Матер болон юмсийн бүтцийн талаар тайлбарлах нь илүүц гэж үзээд шуудхан кваркын түвшинд сэтгээд үзье. Хэрэв эгэл бөөмс нь бүхэл ертөнцийг бүтээж байгаа юм бол зайлшгүй хоорондоо энергээр таталцаж таарна. Энергээр таталцах зайлшгүй нөхцөл нь тухайн бөөмс өөр дээрээ мэдээлэл агуулж байдагтай холбоотой. Энэ л эдийн засгийн салбарт маш том санааг өгч байгаа юм. Эдийн засаг гэдэг бол тэр чигээрээ мэдээлэл болон шийдвэр гаргалтын нийлбэр, цаашлаад шийдвэр гаргалт гэдэг өөрөө мэдээлэл мөн. Дийлэнхи эдийн засагчдийн үзэж буйгаар эдийн засгийн анхдагч элементийг хүн гэж байна. Гэтэл нийгмийн нөлөөллийн хувьд хүнийг нь молекул мэт задлан үзэх боломж байгаа юу гэвэл байгаа. Хариулт нь мэдээж тархи, түүний үйл ажиллагаа. Хүний тархинд дундажаар 100 тэрбум неврон буюу мэдрэлийн эс байдаг. Тэдгээр эсүүд маань идэвхитэй үедээ хоорондоо 30-40 Герцийн давтамжтай мэдээллүүдийг дамжуулж байдаг. Энэ бол эдийн засгийн хамгийн анхдагч шилжилт хөдөлгөөн юм. Өдгөө эдийн засгийн салбарт хүн бол иррационал буюу тэр бүр ашиг, учир шалтгаан тооцсоны үндсэн дээр сонголт хийдэггүй хэмээн үзэх болсон ч тархины эс нь рационал ажиллагаатай. Гэхдээ 100 тэрбум рационал ажиллагаатай эсүүдийн нийлбэрийг тайлж чадахгүй өнөө үед иррационал хэмээн үзэхээс өөр замгүй. Тайлдаг болчихвол эдийн засгийн нэгж хоорондоо ямар энергиэр таталцах, өөрөөр хэлбэл эдийн засаг хаашаа хөдлөх, түүнийг  хэрхэн удирдах тухай асар том газрын зураг үүснэ.

 

Эдийн засгийн хар нүх

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Ойр хавьд нь буй бүхий л юмсийг хүчтэйгээр сорж байдаг тус объект нь энергийг маш ихээр агуулдаг аж. Иймд массын хувьд үлэмж байх нь тодорхой. Хар нүхийг бөөмсийн дайны хэмжээтэй гэж үзвэл масс нь томоохон уул шиг байх юм. Мөн хар нүх нь ихээхэн идэвхитэй бөгөөд эргэлдэх хөдөлгөөнөөс гадна сансар огторгуйн хүрээнд аялж байдаг гэдгийг Бригэм Яам их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа нотолжээ. Тэгвэл яг үүнтэй ижил нөлөөтэй зүйл Монголын эдийн засагт  байна. Тэр хар нүх иргэн бүрийн цалингаас арван хувийг, цалин олгогч компани бүрээс 13 хувь хүртэл суутган авдаг. Сүүлдээ татвар хэмээн ойлгодог болсон тал бий. НД нийт иргэдийн 94 орчим хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын 59 орчим хувийг хамруулж үйл ажиллагаа явуулдаг ба 2013 оны эцсээр жилийн 966.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлэн ажилласан байна. Физикчдийн сонирхлыг татаж байдаг зүйл бол хар нүхэнд хуримтлагдсан энергийг ашиглах юм. Тэгвэл эдийн засагчдийн сонирхлыг татаж байдаг зүйл бол нийгмийн даатгалд хуримтлагдах хөрөнгийг зардал болж гарахаас өмнө хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж өгөөжийг бий болгох явдал. Гэтэл хөрөнгө оруулвал зарцуулалт хийх болоход хөрөнгө оруулалт хийхэд эргэн төлөгдөх хугацааны эрсдэл үүсэх болно. Харин хувийн тэтгэвэрийн сангийн системд бага багаар шилжсэнээр, иргэдэд тэтгэвэрийн сангаа өөрөө сонгох эрхийг олгосноор хар нүхэнд агуулагдах энергийг ашиглах боломж гарч ирэх нь дамжиггүй. Энэхүү зүйрлэлийн гол санаа нь мөнгө гэх ойлголт нь энергитэй ихээхэн төстэйд оршино.  Иргэн, аж ахуйн нэгж бүрийн энергийг сорогч аварга хар нүх эдийн засагт оршин байна, энэ их энергийг хөрвөх механизм бүрдүүлж хувьд, иргэдэд өөрт нь энерги, мөнгө буцаадаг тэтгэврийн сан болговол арай өөр "хар нүх"-тэй болно гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

arrow icon