Ерөнхийлөгчтэй улс орнуудад хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ерөнхийлөгч нь ажил хийдэг гэж хэлцдэг нь тийм ч оргүй үг биш юм. Сонгуульд ялчхаад овоо хэдэн сар чимээгүй суусан Ц.Элбэгдорж ойрд улс төр, нийгэмд хүчтэй нөлөөлөхүйц хэд хэдэн ажил өрнүүлэв. Ухаалаг төр гэх хэлц үг, бодлого гаргаж ирэхийн өмнөхөн, “дан дээл давхар дээл” гэх хэлц үг улс төрийн хүрээнд оруулж ирэв. Угаасаа сэтгүүлч мэргэжилтэй хүн, аль болох ард олонд ойр, ойлгомжтой байхаар санаагаа илэрхийлдэг учраас хожим хойно ч яригдаж үлдэхээр хэлц үгс олныг бий болгосон.
Чухам 1996-2000 онуудад Ардчилсан хүчнүүдийг хооронд нь хагаралдуулсан Үндсэн хуулийн нэг заалт бол УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй заалт. Парламентын засаглалтай олон оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийх үзэгдэл элбэг байдаг. Чухамдаа 400, 500 хүнтэй парламент байдаг болохоор 10, 20 парламентын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийлээ гээд хариуцлагын тогтолцоо гаждаггүй байх. Харинманай 76 гишүүний 20 хувь нь сайд хийхээр гажуудал үүсэх нь аргагүй
. Засаж залруулах арга саам эрэлхийлж Ц.Элбэгдорж хууль өргөн барив. Мөхөс бидэнд ямар хууль яаж гарах гэж байгааг мэдэх боломж хомс тул ямартай ч тэрлэг дахны ялгааг биеэрээ мэдрэхийн хувьд санаагаа тэрлэсү.
Хууль хэрэгжих хугацааны хувьд түргэн тусмаа сайн боловч тоглоом эхэлсэн хойно дүрэм өөрчлөх нь шударга бус. Тийм болохоор тоглоомд оролцож буй хүн бүр толгой дараалан зөвшөөрсөн тохиолдолд л дүрмийг тоглоомон дунд өөрчилж болно.
Өөрөөр хэлбэл, 76 бүгд “ок” байвал шударга дүрэм байна гэж ойлгох нь. Эс бөгөөс хэн нэгэн хожихын тулд олонхоор дүрэм өөрчилсөн болж таарна.
Дараагийн тоглоом ийм дүрэмтэй байна шүү гэж одоо батлахад харин дараачийн тоглоомд оролцох хүмүүс ширээний аль талд суухаа шийдэх боломжтой. Намууд ч гэсэн, хэнээрээ гайхуулж суудал авах вэ, хэнээрээ ажил хийлгэх вэ гэдгээ тоглоом эхлэхээс өмнө шийдэх боломжтой болох бус уу?
Засгийн газрын гишүүн гэдэг томилгоот албан тушаалын хувьд гурван сайд заавал дархлаатай баймаар
санагдаж байна. Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд гэх албан тушаал давхар дээл бүү хэл дах дэгтийтэй байх учиртай. Улсын төсвийг төлөвлөдөг хүн руу дурын нэг гишүүн утастаад, улс оронд хэрэгцээтэй эсэх нь хамаагүй, элдэв зүйл тулган шаардаж, төсөвт суулгах гэж оролдвол дан дээлтэй, томилгоотой сайд зөвшөөрөхөөс өөр аргагүй. Дах дэгтийтэй сайд бол харин улсад хэрэгцээтэйгээ л хийнэ. Манайх шиг төсвийн хуультай, гишүүн болгон төсөвт “захиастай” улсад, дан дээлтэй Сангийн сайд байн байн ”хатгаа” аваад салахгүй байх шүү.
Гадаад хэргийн сайд Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлж илэрхийлдэг учраас болдогсон бол засаг солигдоход хүртэл хэвээр үлддэг дархлаатай бол тун сайнсан. Нэгэнт л Монгол Улс маань аль ч нам ялсан бай, мөнхийн хоёр хөршийнхөө дунд байх л учраас парламентын гишүүн, төрийн гадаад бодлогыг тодорхойлогч, илэрхийлэгч нь элдэв санаатай босоо хэвтээ гишүүдээс айж эмээлгүй ажлаа хийх дархлаатай баймаар.
Захын нэг популист гишүүн гадаад бодлогод нөлөөлөөд, дан дээлтэй Гадаад хэргийн сайдаа толгой түрүүгүй загнаад байдаг бол Монгол Улстай, Монголын төртэй ямар улс гүрэн тоож, энэ тэнцүү харьцах вэ дээ.
Хууль зүйн сайдын хувьд бас л ойлгомжтой. Хууль сахиулах байгууллагуудын дарга даамлыг тохоон томилдог, удирдан чиглүүлдэг, хууль зүйн бодлого тодорхойлогчийн хувьд элдэв улс төрийн дарамт шахалтаас ангид, дархлаатай баймааж нь сая хууль сахиулах байгууллагуудын хараат бус үйл ажиллагааг хангах боломжтой. Даамай улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг ял завших, гэмт үйлдлээ нуун дарагдуулах арга хэрэгсэл болгосон, болгох санаатай хүн бишгүй л нэг байгааг ганц би хараад байгаа юм биш шүү дээ. Дарга даамалд хууль тэгш бус үйлчилж байгаа тухай бүтэн 20 жил ярьсан ч энэ чиглэлд одооноос л өөрчлөлт гарч мэдэхээр байна. Ийм дээр нь дан тэрлэгтэй идэр есийн хүйтэнд адуу мануулах гэвэл бүтэшгүй.
Давхар дээл бүү хэл дах дэгтий гэдэгт эдгээр сайдыг огцруулах, ажлыг нь дүгнэх тусгай заалтуудтай байвал яасан юм бол доо гэсэн санаа оршиж буй. Нэгэнт л дан дээл давхар дээлийн асуудал тавьж хууль батлах бол дах дэгтийний асуудлыг нэг мөр хамт шийдвэл зүгээр бус уу? Дах дэгтий хүнд ч жавар сөрж зогсоход даанч ажрахгүй сайхан
даа...
Үндэсний Тойм сэтгүүлийн 2014 оны нэгдүгээр 13-ны дугаарт хэвлэгдсэн
Сэтгэгдэл бичих