Нийтлэл 05 сарын 18, 2015

Ч.Долгорсүрэн 'Монголд хамгийн анхны угаадаг даавуун живхийг үйлдвэрлэсэн'

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж  шинэ техник технологи бий болж хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан, хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэ бүтээгдэхүүнүүд бий болсоор байгаа билээ. Харин бидний хувьд монгол хүний ур ухаан дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн тэднээс дутахааргүй шинийг санаачлан монгол брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Энэ удаад бид алаг үрсдээ хэрэглэж, айл өрх бүрийн эдийн засгийг хөнгөвчлөх монгол брэндийн угаадаг даавуун живхний үйлдвэрийг зорьсон юм.  

 

 Даавуун живх гэхээр таны санаанд аав ээжийн үеийн хатуу орос даавууг хэрэглэж, бохирдсон даавууг угаахаар төсөөлөгдөж байна уу. Тэгвэл орчин үед  давуун живхний хэрэглээ ихээхэн хөгжиж нэг удаагийн живхтэй харьцуулахад хэрэглэхэд хялбар, хямд өртөгтэй загварлаг болоод байгаа ажээ.  АНУ, Канад, Австрали, Англи, Европын орнууд даавуун живийг хэдийнээ хэрэглэж дадсан бөгөөд даавуун живх үйлдвэрлэх хэдэн арван брэндүүд бий болоод 20 гаруй жилийг өнгөрөөж байгаа гэнэ. Ингээд Монголын хамгийн анхны угаадаг даавуун живхийг санаачлагч “TEZARD”ХХК-ийн захирал Ч.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Сайн. Баярлалаа.

- Тэгэхээр ярилцлагаа бүтээгдэхүүнээсээ эхэлье. Угаадаг живхийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн.  Танай үйлдвэр үйл ажилагаагаа явуулаад хэр удаж байна? Яагаад анх угаадаг живхийг үйлдвэрлэхээр санаачилсан бэ?

- Манай “Diaperworld” брэндийн үйлдвэр 2014 оны 6 сард байгуулагдсан.

Би анх нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг байлаа. Ингэж явахдаа  хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдийг хараад өрөвдөж эцэг, эхчүүдэд нь тус дэм болох арга зам эрэлхийлж явахдаа угаадаг живх үйлдвэрлэх санаа төрж үүнийгээ ажил хэрэг болгохоор шийдсэн.

Тэгээд 2012 онд хүүхэдтэй болоод гэртээ сууж байхдаа живхний талаар судалж эхэлсэн. Мөн хүүхдэдээ АНУ-аас даавуун живх захиулж нэг удаа хэрэглэж байсан. Гэтэл үнийн хувьд харицангуй өндөр байсан. Тиймээс Монголдоо угаадаг живхийг үйлдвэрлэхээр болсон байгаа.

 

- Даавуун живхний давуу тал нь юу вэ? Хятадаас манайд  оруулж ирдэг даавуун живхнүүдээс ямар ялгаатай вэ?

- Хятадаас манайд оруулж ирдэг даавуун живх АНУ-д үйлдвэрлэдэг даавуун живхтэй харьцуулахад 100 хувь чанарын шаардлага хангадаггүй. Манай үйлдвэрийн хувьд

живхнийхээ материалыг далайн боомтын хотуудаас оруулж ирдэг болохоор чанар стандартын өндөр шаардлага хангадаг төдийгүй эдэлгээ удаантай, харшил өгч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй,  эдийн засагт хэмнэлттэй, эцэг эхчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилөөд зогсохгүй байгаль экологид ч мөн эерэг нөлөөтэй

 

- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж байна. Монгол брэндийн угаадаг даавуун живх хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна вэ? Нэг удаагийн живхнээс ялгарах онцлог юу вэ?

- Нэг удаагийн живхийг удаан хэрэглэснээр хүүхдийн бөгсийг улайлгах, харшил өгөх сул талтай байдаг төдийгүй үнэтэй, байгаль орчинд нөлөөлөх хор нөлөө нь ч маш их байдаг. Нэг удаагийн живх газрын хөрсний бохирдол үүсгэдэгээрээ дэлхийд 3-рт ордог. Мөн газрын хөрсөнд 500 жилийн дараа шингэдэг гэсэн судалгаа бий. Үнийн хувьд бидний үйлдвэрлэсэн даавуун живх маань төрлөөсөө шалтгаалаад 12000-25000 төгрөгийн хооронд байгаа. Нэг удаагийн живх худалдаж авснаас даавуун угаадаг живх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Миний нэг найз аав бий. Хоёрдахь хүүхэд нь төрөөд манайхаас даавуун живх худалдаж авсан. Гэтэл   угаадаг даавуун  живх хэрэглэснээр 2 сая төгрөг хэмнэсэн тухайгаа ярьсан. 

 

Diaperworld taniltsyylga

Posted by Diaperworld on Tuesday, May 6, 2014

 

- Даавуун живхний төрлийн хувьд ямар ямар байгаа вэ?

- Халаастай, хөтөвчний, живхний бүрхүүл гэсэн 3 төрлийн даавуун живх байгаа. Энэ нь хүүхдийн нас, жингээс шалтгаалаад хоорондоо ялгаатай байгаа. Мөн үнийн хувьд ч өөр өөр.

 

- Монголд үйлдвэрлэсэн угаадаг даавуун живх гэхээр хүмүүс нэн ялангуяа ээжүүд их уриалгахан хүлээж авч байгаа байх. Ер нь борлуулалтын хувьд хэр байна?

- Тэгэлгүй яахав. Үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 6 цэгээр худалдаалж байгаа. Борлуулалт маш сайн байгаа. Ер нь манайхан үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг. 

- Угаадаг живхийг худалдаж авахаар сонирхож байгаа ээжүүд танай үйлдвэртэй  яаж холбоо барих вэ? 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Төмөрчний гудамж "Мөнгөт" цамхаг 8-р давхар 801 тоотод захиалгаа өгч болно. Мөн www.diaperworld.mn, www.facebook/diaperworld цахим хуудсаар бидэнтэй холбогдоорой. Холбоо барих утас: 77341113, 94666017

- Үйлдвэрлэх хүчин чадлын хувьд хэр вэ? Танай үйлдвэр хэр олон ажилтантай вэ?  

- Манайх 3 оёдолчин, нэг хүргэлт гэсэн хүний нөөцтэйгээр ажиллаж байгаа. Хүчин чадлын хувьд өдөрт 100-150 живх үйлдвэрлэдэг. 

 

- Ярилцлагынхаа төгсгөлийн үгийг танд үлдээе.

- За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө бидэнтэй хамтарч ажиллан, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархснаа илэрхийлмээр байна. Мөн монголынхоо олон мянган ээжүүд, аавууд  хүүхдэдээ эрүүл болоод чанартай бүтээгдэхүүнийг сонгоорой гэж хэлмээр байна. Эрүүл хэрэглээ урт удаан амьдралын нууц.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon