Дулааны улирал эхлэхтэй зэрэгцээд хүмүүсийн амралт, зугаалга эхэлж хөдөө орон нутгуудаар явж байгалийн сайханд чөлөөт цагаа өнгөрүүлж, эрүүл агаарт гардаг. Гэтэл ойрын өдрүүдэд хачигны халдвар авсан иргэдийн ихэнх нь амралт зугаалгаар явж байгаад хачиганд хазуулсан хүмүүс байгаа тул хачигны халдвараас сэргийлж сонор сэрэмжтэй байхыг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Зоонорын халварын эмч Д.Энхбаяраас тодрууллаа.
- Өнөөдрийн байлаар хачигны халдвараар хэр олон хүн өвчлөөд байна?
- Одоогоор ХӨСҮТ дээр хачиганд хазуулсан 100 гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа. Өдөрт ойролцоогоор хачиганд хазуулсан 10 гаруй хүн манай дээр ирж байна. Хачиганд хазуулсан хүмүүсийн ихэнх нь амралт зугаалгаар явж байгаад хазуулсан
байна. Тиймээс иргэд хөдөө гадаа амралт зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байж хазуулсан тохиолдолд тэр дор нь эмчид хандах хэрэгтэй.
Харин хөдөө орон нутгуудын хувьд хачиганд хазуулсан хүмүүс харицангуй их байна. Тухайлбал, ойт хээрийн бүсүүд болох Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Булган зэрэг хачигны тархалт ихтэй газруудаар хачигны халдвар маш их байгаа.
- Хачиганд хазуулснаар ямар шинж тэмдэг илрэх вэ? Мөн ямар эрсдэлтэй вэ?
- Хачигт хазуулсны дараа ихэвчлэн 3-21 хоног нууц үе байдаг. Энэ үед бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг. Уг нь хачигт хазуулсан дороо шууд эмнэлэгт хандах хэрэгтэй
. Гэтэл манайхан тэр бүр тоодоггүй байсаар хүндрүүлдэг. Ингэснээр өндөр халуурах, биеэр юм туурах бүр цаашлаад ойн хээрний бүсүүдэд байдаг вирусын халвартай хачиганд толгой хэсэгтээ хазуулсан тохиолдолд мэдрэлийн судлуудад нөлөөлж тархины архаг эмгэгтэй болох, бүр үхлийн аюулд хүргэх эрсдэлтэй байдаг.
- Хачигны халвараар нас барсан тохиолдол бүртгэгдэж байсан уу?
- Өмнөх жилүүдэд хачиганд хазуулснаас болж 2-3 хүн нас барсан
. Харин энэ жилийн хувьд үхлийн тохиолдол бүртгэгдээгүй ч халдварын тархалт их байна. Хачиганд хазуулаад хүндэрсэн тохиолдол ихэнхдээ иргэдийн өөрсдийнх нь хайнга, санамсаргүй үйлдлээс болдог.
- Манайд хэзээнээс хачигны халдвар бүртгэгдэх болсон бэ. Ер нь халдвар тараадаг ямар төрлийн хачигнууд байдаг вэ.
- Анх манайд 2006 онд хачигны халдвар лаборторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогоор манайд 3 төрлийн хачиг байгааг судалгаагаар тогтоосон. Үүнээс ой хээрийн бүсд байдаг вирусын халвартай хачиг нь хамгийн аюултай төрөл. Ер нь ямар ч төрлийн хачиганд хазуулсан ирж шинжилгээ өгөөд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих