Нийтлэл 05 сарын 20, 2015

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨС ГАРГАСАН УРИАЛГА

Өнөөдөр Ардчилсан намын залуучуудтайгаа нэгдэн нийлж Ардчилсан намаа шинэчилж, бодлогын хөгжлийн институт болгон хөгжүүлэх их үйлсэд нь өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулахаар шийдлээ. Ингээд та бүхэндээ УРИАЛГА-ыг бүрэн эхээр нь толилуулж байна.

 

Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ,

Тэртээх цагаан морин жилийн буюу 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Ардчилсан нам нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг зоригтой хийж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох үйлст түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн.

Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намд бүрэн итгэл үзүүлж, улс орноо хурдтайгаар хөгжүүлэх боломжийг бүх шатанд олгосон.

Гэвч АН-ын өнөөгийн удирдлага хувийн эрх ашиг, бүлэглэл хоорондын зөрчилдөө автаж, 1996-2000 оны “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийн Засгийн газрын гашуун туршлагыг давтан, шинэчлэлийн Засгийн газраа МАН-тай нийлэн огцруулснаар иргэд сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн явдал боллоо.

АН-ын гишүүд ээ, бидэнд ЭВ НЭГДЭЛ ус агаар мэт дутагдаж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх болон Ерөнхийлөгчийн институцийн түвшинд үл ойлголцож, засаглалын хямралд улс орныг хөтөлж байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан зарим хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч тэр үеийн алдаагаа давтсаар л сууна. Бид ТӨРИЙН ТҮШЭЭ БИШ ТҮГЖЭЭ БОЛСОН УЛС ТӨРЧДӨӨС САЛАХ ЦАГ БОЛСОН !!!

Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биеэ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Монгол төрийн “хар хайрцагны бодлого”, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж, шинээр томилогдсон сайдууд өмнөх сайдынхаа хийснийг үгүйсгэх явдал газар авлаа.

Хувийн өчүүхэн эрх ашгаа шударга эх орончийн дүрээр халхавчилж, популизмаар хийрхэх, хэлбэрдэх явдал хавтгайрлаа. Эрүүл саруул ухааныг уралдуулж, хийж бүтээснээрээ биш бусдыг дайрч доромжилсон, гүтгэсэн, чанга хашгирснаараа, зураг авч, бүжиглэж дуулснаараа сайн улс төрч болж харагдах марафонд УИХ-ын эрхэм гишүүд ч гүйлдэх боллоо.

АН-д ХАРИУЦЛАГЫН ШИНЭЧЛЭЛ зоригтой хийцгээе.

Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого зарчмаасаа ухарч, Ардчилсан намд саналаа өгсөн олон мянган сонгогчдын итгэлийг хөсөр хаян­, сөрөг хүчинтэйгээ хамтарч Засгийн газар байгууллаа. Давхар дээлтэй байх нь зохисгүй хэмээн шүүмжилж суусан нэгэн шинэ Засгийн газарт сайдаар томилогдоод дуугаа хураахыг бид харлаа. Энэ мэт ичгүүргүй, хариуцлагагүй улс төрчдийг өөгшүүлсээр суух нь зөв үү?

Бидэнд ҮНДСЭН ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛ, НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДАЛ, ТЭГШ БОЛОМЖ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭЧЛЭЛ хэрэгтэй байна.

Өнөөдрийн Ардчилсан нам үнэт зүйлс, үзэл баримтлал, эрхэм зорилгоосоо хазайж, хүний нөөцийн бодлогоо алдаад байна. Намын дотоод ардчилал өдрөөс өдөрт бүдгэрч, үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо бүлэглэл хоорондын зөрчилдөө автжээ.

Жирийн гишүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан, цөөн хэдэн хүнд үйлчилдэг Ардчилсан намыг бид хүсээгүй.

Дээд шатандаа үйл ажиллагаа нь доголдсон, дотооддоо явуулсан сонгуулиа ч баталгаажуулж чаддаггүй Ардчилсан нам дунд шатандаа бас хэн нэгний хувийн нам, гэр бүлийн нам болтлоо жижигрэн агшсан байгаа нь мянга, мянган жирийн гишүүдийн итгэл зүтгэлийг хөсөрдүүлж байна.

Намын үйл ажиллагааг эрүүлээр шүүмжилж, дотоод ардчилалын төлөө үгээ хэлсэн гишүүдийг гадуурхан хавчиж, ажил албанаас нь халдаг боллоо. Эрх мэдлийн төлөө нэг нэгнийгээ хүчний байгууллагуудаар шалгуулж хорьдог, ах дүүс найз нөхдийг нь айдаст автуулдаг дарангуйллын талаар чих дэлсэх нь өдрөөс өдөрт нэмэгдлээ. Эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн цөөн хэдэн дарга нар, нам дамжсан олигархи бүлэглэлүүд Монгол Төрийг удирдах ёсгүй ! ! !

Ардчилсан намын гишүүд ээ! Манай намд БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ хэрэгтэй байна.

Улс оронд засаглалын болоод эдийн засгийн хямрал нүүрлэж, ард түмний намуудад итгэх итгэл эрс буурч, бүх шатны ээлжит сонгууль хаяанд иржээ. Сонгогчид манай намаас хариуцлага НЭХЭХ тэр цагт сөрөг хүчин бидний  хариуцлагыг хуваалцах уу?

Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улс төрийн  институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна.

Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе ! ! !  Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй болгоцгооё ! ! !  Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе ! ! !  Хариуцлага, ёс зүй, улс төрийн соёлыг шат шатандаа нэвтрүүлцгээе ! ! !  Ардчилсан намын нийт гишүүд ээ, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн намынхаа хазайсан чигийг зөв тийш эргүүлж, эв нэгдлээ эрхэмлэн, ялалтын буухиагаа үргэлжлүүлцгээе!

“Ардчилсан намын Шинэчлэлийн Хөдөлгөөн”-өөс өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр дараах Уриалгыг гаргаж байна.

Нэг.  Ардчилсан намын ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулахыг намын дарга,  Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд,

Хоёр. Ардчилсан намд бодлогын, хариуцлагын, хүний нөөцийн шинэчлэл хийж, санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг бий болгох санаачлагад идэвхитэй нэгдэж, бүх шатны намын байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ илэрхийлэхийг ардчилсан намын бүх гишүүд, дэмжигчдэд,

Гурав. Ардчилсан намын Үндсэн дүрмийг шинэчлэхэд оролцохыг намын нийт гишүүд, дэмжигчид, эрдэмтэн судлаачдад УРИАЛЖ БАЙНА

АРДЧИЛАЛ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БҮТЭЭСЭН ҮНЭТ БАЯЛАГ БӨГӨӨД ХӨГЖҮҮЛЖ ХАМГААЛАХ НЬ ТА БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ МӨН.

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН

Сэтгэгдэл бичих

arrow icon