Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийхээр мордсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 18:00 цагт эх орондоо ирнэ.
Ерөнхий сайд Дубай, Абу Даби хотуудад болсон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ёслол" болон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцоод ирж байгаа юм.
Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр тус улсын бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлжээ.
Тус улсын Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах
талаар ярилцсан байна.
Мөн АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзалтаар Монголоос тус улсад нэг сая толгой малын мах экспортлохоор болжээ
.
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихаар болсон
гэдгээ мэдэгдсэн.
Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын үеэрээ “Рио Тинто” группын төлөөлөгчидтэй “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсныг эсэргүүцэж байгаа юм байна. Гол нь Ерөнхий сайдын энэ удаагийн Оюутолгойг хөдөлгөсөн шийдэл нь ард түмний эрх ашигт нийцээгүй
гэж үзэж байгаа аж.
Энэ дагуу гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 19 гишүүний гарын үсэг цуглуулсны дараа огцруулах асуудлаар тогтоолын төсөл өргөн мэдүүлэх юм.
Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “сайн” мэдээтэй ирэх ч “саар” мэдээ түүнийг угтаж байна. Тэрээр онгоцны буудалд буунгуутаа айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр болжээ.
Сэтгэгдэл бичих