Нийтлэл 05 сарын 21, 2015

Халуун нарнаас хүүхдээ хамгаалах энгийн аргууд

Зуны улиралд балчир үрс минь өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үл хайхран гадаа, үеийн нөхөдтэйгөө тоглож, зугаацахыг хүсдэг. Энэ л үед тэднийг халуун нарнаас хамгаалах даалгавар эцэг эхчүүдэд ногддог.

Харин та хүүхдээ хамгаалахад бэлэн үү? Хэрэв үгүй бол доорх энгийн бөгөөд ашигтай зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.


  

  • Сүүдэр газар тоглуул: Нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгийн энгийн арга бол сүүдэрт тоглуулах. Хэрвээ тоглох газарт нь хангалттай сүүдэр байхгүй бол хэт ягаан туяаны цацраг хамгийн хүчтэй байдаг 11 - 3 цаг хүртэл хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг хичээгээрэй.
  • Нарны малгай, шил зүүлгээрэй: Хамгийн түрүүнд нар тусдаг толгой болон нүүрийг нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй. Тиймээс нүүр болон хүзүүг далдлах өргөн саравчтай малгай, зүүж тоглоход эвтэйхэн нарны шил авч өгөөрэй.
  • Даавуун, гэгээлэг хувцас өмсүүл: Зуны цагт бие барьсан хувцаснаас илүү сул,том хэмжээтэй хувцас өмсүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөлөргөж, чийгтүүлдэггүй даавуун, гэгээлэг өнгийн хувцас сонгож өмсүүлээрэй. Учир нь бараан өнгө өөртөө илүү их нарны гэрэл татдаг гэдэг шүү дээ.
  • Устай сав байнга дэргэд нь байлга: Халууны улиралд удаан тоглосноор хүүхэд маш их хөлөрдөг. Ингэснээр шингэн дутагдах эрсдэлтэй тул байнга шингэн юм уулгаж байх нь зөв. Үүний зэрэгцээ хэт халуун үед усаараа малгай болон футболкоо норгож өмсөн, сэрүүцэх давуу талтай.
  • Хүүхдэд зориулсан нарны хамгаалалт хэрэглээрэй: Химийн бодис хүүхдийн эмзэг арьсыг цочроодог. Ялангуяа PABA, oxybenzone нь арьсанд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс цайрын оксид болон титаны давхар исэлтэй хүүхдэд зориулсан нарны тос сонгоорой. Хүүхдээ гадаа гарахаас 30 минутын өмнө биед нь, ялангуяа мөр, хамар, чих, хацар, өвдөг гэх мэт эмзэг газруудад нь сайн түрхээрэй. Нарны тосыг усаар тоглосны дараа болон хоёр цаг тутамд түрхэж өгвөл хүүхдийн арьсыг найдвартай хамгаалж чадна.

 Анхаар: Дөнгөж төрсөн болон, 6 сараас доош настай хүүхдийг хурц наранд гаргаж болохгүй. Мөн нарны тосыг 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon