Нийтлэл 05 сарын 21, 2015

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улс л хожих ёстой

                                                    

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эх орондоо ирэнгүүтээ Оюутолгойн асуудлаар олон нийтэд хандаж шуурхай мэдэгдэл хийлээ.

Тэрээр ямар нэг гэрээ биш Оюутолгойн далд уурхайг үргэлжлүүлье гэдэг төлөвлөгөө баталсан, улс орноо боддог л юм бол улстөрчид энэ асуудалд хутгалдаад байх хэрэггүй хэмээн мэдэгдэл хийсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

 

“Хүмүүсийн ярьж байгаагаар нуугдаж,хулгайгаар өөр газар гэрээ хийсэн юм байхгүй. Оюутолгойн асуудлаар 2 талын ажлын хэсэг Сингапур,Лондон,Дубай гээд олон газраар явж, ажилласны эцэст эдийн засгийн томоохон төв гэсэн утгаар нь Дубайд баталж, гарын үсэг зурсан.

Аль аль талд хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл байсан ч энэ удаадаа 2009 оны гэрээндээ тулгуурлаж төлөвлөгөө гаргасан.

Энэ төлөвлөгөө батлагдсанаар дараах давуу талууд бий болж байна.

  • Удирдлагын менежментийн зардал 6 хувь байсныг 3 хувь болгож бууруулахаар тохирсон. Одоо ОюуТолгойн бүх санхүүгийн зардал,тооцоонд Монгол Улс бүрэн хяналт тавьж чадахаар болсон.
  • Татвараас болж арбитрын шүүхэд хандах гэж байсныг Монголын тал болиулж,ойлголцоод тохирч чадсан.
  • ОюуТолгой-той холбоотой 20 сар царцсан бүх хувьцааны үзүүлэлт өссөн,тэсэрсэн.

Оюутолгойн санхүүжилт дэлхийн 14 том банкаар дамжин босч ирэх ёстой. Хамгийн том банк нь орж байгаа тул бусад нь ч эргэлзэхгүй орох байх. Энэ төслөө бид амжилттай үргэлжлүүлнэ гэдэг нь Монгол улсын эдийн засаг сэргээд ирнэ гэсэн үг юм. Оюутолгойгоо бид шийдлээ үргэлжлүүлээд Тавантолгойн асуудлаа УИХ-тайгаа хамтраад шийдээд явна гэж бодож байна.

Мөн сүүлийн богино хугацаанд  Монгол Улс гадаадаас 8тэрбум долларын мөнгөн урсгал татахаар болоод байгаа. Энэмэтчилэн Улаанбаатар, Лондон, Сингапур, Дубайн дунд итгэлцэл,ойлголцол нэмэгдсэнээр Монгол улсын эдийн засаг мөнгөний урсгалтай болох юм.  ” гэлээ.

 

 

Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь улстөрч,УИХ-ын гишүүдэд хамаатай асуудал биш, компани,банк хоорондын асуудал болохыг дурьдаад ойлгож, зөвшөөрөхийг хүссэн юм.

Мөн энэ том төслөөс Ганбаатар,Сайханбилэг хоёрын хэн нэг нь биш, Монгол Улс л хожих ёстой гэсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon