Нийтлэл 05 сарын 22, 2015

Манай Тэв Тэнгэр

Зарим сайдыг огцруулах хэрэгтэй байгааг, өөрт нь ч хэлж үзсэн тухайгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цай оочлох зуураа хууч хөөрсөн. Урд хөршөөс “добро”  авсан  улс төр, эдийн засгийн бүлэглэл Засаг авах хээрийн сургуулиа давхар дээл, Хууль зүйн сайдыг огцруулах  асуудлаар хийж хүчээ сорьж  үзэв. Н.Алтанхуяг хариу бариундаа түргэн болохоо харуулж, дах дэгтийгээ ч, намаа ч , засгаа ч бүрэн бүтнээр нь авч үлдэхдээ Ц.Элбэгдоржоос хүчтэй дэмжлэг авсан нь гарцаагүй. Монголын нууц биш бондны өрлөг жанжин, Фортун хэмээх Тэв Тэнгэрийг нус гаргалгүй огцруулах саналыг МАН-ын бүлгээс өргөн барьсан ёсон ийм.

 

Урд, хойд хөршүүд маань хэрэндээ л Монгол Улсыг анхаарч хэд хэдэн удаа хамтарч ажиллах санал тавьсныг манай улстөрчид бахдалтайгаар хулхидаж, яав ийв гэхээр би уг нь дуртай байсан юм аа, манай парламент зөвшөөрөхгүй байна  гэх мэтээр дургүйг нь хүргэчихсэн тул манай дарга нарыг хүлээж авч уулзахгүй, хаа нэгтээ таарсан ч болж өгвөл гар барихгүй зөрж өнгөрчих гээд байдаг болсон бөгөөд баттай бус эх сурвалжаас авсан мэдээллээр “Юу ч шийддэггүй хүнтэй би уулзаж цаг алдахгүй” гэж нэг хөрш маань хэлсэн байхад нөгөөх хөрш маань “Наад асуудлаа манай нэг хошууны орлогч даргад тавь, цаадуул чинь шийдчих хэмжээний юм байна билээ” гэж хэлээд биднийг үл тоодог болсон ёсон ийм.

 

Монголчуудад муу хэлүүлэн хэлүүлэн “Монгол бол асар баян орон” гэж магтан дуулсаар Фрийдланд гэгч нөхөр Оюу Толгойн төслийг цааснаас газарт буулгах хөрөнгө цуглуулж чадсны ачаар дэлхийн мөнгө санхүүгийн ертөнц Монголыг нээж, сонирхож эхлэв. Үүний тод илрэл бол Монгол гэсэн хаяг шошготой уул уурхайн төсөл болгон төвөггүйхэн хөрөнгө цуглуулж чадаж байв. Тэр бүү хэл өөр төрлийн бизнесд ч гаднаас зээл авах, хөрөнгө татаж оруулахад тун амархан болж, ХБНГУ-аас авахуулаад манай дарга нарыг тоохын дээдээр тоож эхлэв. Эдийн засгийн хямралыг ч бид ажрахгүй давж гарсан ёсон ийм. Тоохын хэрээр юм үзэж нүд тайлаагүйн харгайгаар биеэ тоож, баян тарган болсноо гайхаж, алаагүй бүү хэл олж хараагүй, зөвхөн сургийг нь гаргасан баавгайн арьсыг хувааж, элдэв дээдийн тэтгэвэр тэтгэмж, хавтгай халамж, дэд бүтэц байгуулахад олоогүй мөнгөө хуваарилаад эхлэв. Үүний сацуу баавгайг олоод, алж өгөх учиртай гадна дотны анчдаа хөөж гаргах, хэвлэлээр намнах ажилд ханцуй шамлан оров. Сонгууль болох эгзэгтэй мөчид гадны анчдыг харааж зүхсэн бүхэнд парламентын хаалга үүд нээгдэж, босоо хэвтээ элдэв популистууд парламентын танхимд олноор  морилсон ёсон ийм. Одоо бүр тоогоо өөрсдөө гаргаад 13 хүрсэн сурагтай.

 

Өнөөгийн ертөнцөд бурхан бус мөнгө бүхнийг захирдаг хойно, Монголд хөрөнгөө оруулсан толгойтой бүхэн тогтвортой улс төрийг хүсэмжилж байсан ч хамгийн тогтворгүй, эмзэг эвслийг сонгосон Н.Алтанхуяг өдөр болгон Гамлетын дүрд хувилж “Огцрох уу, эс огцрох уу” гэж суудаг болсон нь тэнэгтээ биш, бүдүүн бүлэг тогтвортой учраас өөрөөс нь илүү хүн олоод тавьчих магадлалтай учир өнгөт оймс овгийнхонтой нөхцсөн ёсон ийм. Ийм болохоор нь гадныхан хэзээ ч огцорч магадгүй засагтай газраас дайжиж дарангуйлагчтай боловч тогтвортой улс орнуудад хөрөнгөө оруулахаар гарч одов. Сонгуульд ялагдсан намынхан эх оронч бус “эх намч “ үзэл гаргаж, урд хөрш рүү гарч байсан жоохон нүүрсний наймааг ч зогсоож орхив.

 

Засаг баригч АН Сангийн сайдыг хамтрагчдаа өгсөн ч мөнгө олох ажлыг нь өгөөд зарцуулах эрхээ зальжин аргаар өөртөө авч үлдсэн нь Эдийн засгийн хөгжлийн яам нэртэйгээр төсвөөс гадуур мөнгө зарцуулдаг нэгэн сайдтай болсонд оршино.  Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө төлдөг болохоор мөрөөдөгч Тэв Тэнгэр зарцуулах мөнгөний эрэлд гарч даруй Чингис бонд, Самурай бонд гаргаж мөнгө цуглуулав. Түүнтэй ойр ажилласан болгоны амнаас түүн шиг ажилсаг хүн Монголд байхгүй, түүнчлэн аливаа хууль батлуулах гэж байгаа бол Тэв Тэнгэртэй зөвшилцөхгүй бол юуг ч унагаж, юуг ч босгож чаддаг увдистай гэхийг олонтаа сонссон ч олон нийтийн хэвлэл мэдээллээр түүн шиг эдийн засгийн алуурч байхгүй гэж сурталдахыг бодохоор юу гэж ойлгохоо мэдэхгүй хүн надаас эхлээд түмээрээ бий. Юунд зарцуулахаа мэдэхгүй байж мөнгө зээлээд ирснийг нь зэмлэхэд ч хэцүү магтахад ч хэцүү. Гоочилбол  гудамж төсөл байна. Эдийн засгийн ач холбогдол, үр ашгийг нь хэмжих боломжгүй, мөнгөөр шууд илэрхийлэгдэх үр дүнгүй юманд зээлийн мөнгө зарцуулахаар эргэж юугаар төлөх юм? Төсвөөс төлнө гэж байгаа бол анхнаасаа төсвийн мөнгөөр хийхгүй яасан юм. Ахуйгаар үлгэрлэж хэлбэл айлаас гурван сарын цалинтайгаа тэнцэхүйц мөнгө зээлж байгаад 32 инчийн зурагтаа 51 инчийнх болгочихож байгаа юм. Зурагт л томорч байгаа болохоос тэр айлд мөнгөөр хэмжигдэх ахиц, орлого нь нэмэгдсэн зүйлгүй. Зочин орж ирвэл сайхан том зурагттай юм л гэхээс өөр ямар ч нэмэргүй иймэрхүү юманд  зээл авдаг тэнэг олдохгүй л дээ. Хажуугаас нь харсан биш ажил хийдэг үү, архи уудаг уу, мэдэхгүй тул огцрох уу эс огцрох уу гэдгийг л таамаглаж болох юм.

 

АН олон фракц бүлэглэлүүдээс бүрддэг. Түүхэн холбоо сүлбээнээс гадна ашиг сонирхол, эдийн засаг, амбицийн нэгдэл, үзэл бодол, найз нөхөд, барьцаалагдсан гээд олон шалтаг шалтгаанаар эвлэлдэн нэгдсэн олон бүлэглэлүүдийн эрх ашиг нь ерөнхийдөө нарны аймгаар хязгаарлагддаг бөгөөд хэзээ ч яаж ч өөрчлөгдөж мэдэх тул үе үеийн АН-ын дарга нар байнгын толгойны өвчтэй явж байсан нь нууц биш юм. Дээр өгүүлсэн засаг солих хээрийн сургуулийг хоёр фракц сөрөг намтай хамтран хийсэн боловч фракцийн дотоод зөрчлөөс болоод засаг ч бүтэн, АН ч бүтнээрээ үлдсэн. Түүнчлэн юу юугүй өлгийдөж авсан намаа задлаад хаячих сонирхол Ц.Элбэгдоржид байгаагүй тул загнах нэгийг нь загнаж, аргадах нэгийг нь аргадаж Н.Алтанхуягт том тусалсан байх. Хээрийн сургуулиас гарсан дүгнэлт бол МҮДН гэдэг фракцийг Алтангадастай муудалцуулахгүй бол энэ засаг унахгүй юм байна гээд Тэв Тэнгэрээр сор залах ажиллагааг эхлүүлж байх шиг байна. Хээрийн сургуулийг шал өөр газар хийсэн нөхдүүд одоо л нэг зөв газраа эхэлж байна гэж бодож байж болох ч түрүүчийн хээрийн сургуулиас дээрдэх нөхцөл байдал үүссэнгүй. Учир нь хойд урд хөрш маань Монголыг яг хэн удирдаж байгаа вэ гэдгийг олоод харчихсан, тиймдээ ч уулзаж учраад, зарим нэг тохироогоо хийчихсэн учраас одоо наадмын налгар цагаар улс төржөөд нэмэргүй л болов уу. Гэхдээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй нэг гарц байгаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж Сангийн яаманд нь өгөөд, Сангийн сайдыг нөгөө намын боловч чих зөөлөн хүнээр сольж тавьж болох юм. Эдийн засгийг “унагасан” ял тулгагдаж буй хоёр сайдад хариуцлага тооцсон уу -”тооцсон” ,  дан дээлтэй болгосон уу – “болгосон”,  МҮДН-ы нэг сайдыг “огцруулаагүй юу”- огцруулаагүй, Тэв Тэнгэрийг гомдоосон уу - жахаан гомдоосон, гэхдээ салж гүйхээр их биш. Нэг сумаар хэдэн ч юм туулай буудах энэ гарцыг ашиглахгүй бол Н.Алтанхуягийг солих шиг амархан юм Ц.Элбэгдоржид байхгүй. Хүссэн ч хүсээгүй ч, хуультай ч хуульгүй ч  Ц.Элбэгдоржийн гаргасан давхар дээлийг нь тайлуулах сайдын нэрсийн жагсаалтад таван хүний нэр байгаа гэж миний төлөгт бууж байна.

 

Үндэсний Тойм сэтгүүлийн 2014 оны зургадугаар сарын 9-ний  дугаарт нийтлэгдсэн.

Сэтгэгдэл бичих

arrow icon