Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы үеэр хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар гишүүд санал бодлоо солилцсон байна.
О.Баасанхүү гишүүн :
Өнөөдөр гэр бүлд аавуудын үүрэг гэж байхаа больсон байна
Өнөөдөр гэр бүлд аавуудын үүрэг гэж байхаа больсон байна. Ээжүүдийн нуруун дээр хамаг ачаа үүрэгдэж, аавууд гадуур тэнэж зугаа цэнгэл хөөж явдаг болсон. Үүнтэй холбоотойгоор бутач хүүхдийн асуудал ч хөндөгдөж байна.
Мөн хүүхэд үрчлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Багад нь үрчлүүлчихээд том болохоор нь буцааж авдаг асуудал ихээр гарах болсон.
С.Одонтуяа гишүүн :
Төрийн байгууллагынхан амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг зарцуулж чаддаггүй
Хүүхэд хамгааллын асуудалд гэр бүл хамгийн чухал үүрэгтэй. Гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг. 2014 онд гэр бүл салалт сүүлийн 10 жилээс өндөр гарсан. Цаашдаа ч өсөх магадлалтай байна. Энэ бүхний цаана хүүхэд хохирч байгаа.
Мөн хүүхдийн гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаас хороож байгаа гол зүйл нь төрийн байгууллага. Хэзээнээс ч юм төрийн байгууллагууд амралтын өдрүүдээр янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах болсон. Үүнээс болж төрийн байгууллагынхан амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг зарцуулж чаддаггүй. Эцэг, эх хүүхэдтэйгээ хамт байх цагийг өөр зүйлд зарцуулахад байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр юм.
С.Бямбацогт :
Сургуульд орох хүүхдийн насыг 6-8 наснаас сонголттойгоор тусгаж өгөх хэрэгтэй
Энэ хууль цаг үеэ олж хэлэлцэгдэж байгаа. Сургуульд орох хүүхдийн насыг 6-8 наснаас сонголттойгоор тусгаж өгөх хэрэгтэй .Сургуульд хүүхэд 6 настай орох ёстой гэж заасан нь хөдөөгийн малчдад хүндээр тусдаг.
Мөн нийтийн тээвэрт оюутнууд үнэгүй зорчиж байхад хүүхдүүд мөнгөө төлөөд зорчдог. Үүнийг зохицуулах үүднээс улсын сургуулийн хүүхдүүдэд зориулсан нийтийн тээврийг гаргаж өгөх хэрэгтэй байна.
Х.Болорчулуун гишүүн :
Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг дурьдах хэрэгтэй
Тунхагийн шинжтэй хуулиас илүү үр дүнтэй хууль гаргах нь чухал. Энэ хуулинд өнчин хүүхдийн асуудлыг хангалалттай авч хэлэлцээгүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг дурьдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор энэ хуулинд улсын болон хувийн асрамжийн газрын зохицуултыг оруулах хэрэгтэй.
Д.Сарангэрэл гишүүн:
Хүүхэд хамгааллын асуудал 2 толгойгоос илүү ач холбогдолтой
Хүүхэд хамгааллын асуудал 2 толгойгоос илүү ач холбогдолтой. Насанд хүрээгүй хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй гэдэг асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Дэлхийн бүх оронд энэ асуудал анхаарлын төвд байдаг. Өнөөдөр бид энэ асуудлыг ярихаар малаа дагаад явчихдаг монгол ахуйгаа эхэнд тавьдаг. Гэтэл үүнээс болоод өчнөөн хүүхэд түлэгдэж, усанд унаж байна үхэж байна.
Мөн Монголын онцлогт тааруулан сумын сургуульд 1-р ангид элсэн орж байгаа хүүхдүүдэд 6-8 насны сонголтыг бий болгож өгөх хэрэгтэй.
Д.Бакей гишүүн :
Багш харгалзагч болон дотуур байрны асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй
Гэрээсээ дайжсан тэнэмэл хүүхдийн эцэг эхэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндөх хэрэгтэй.
Мөн малчдын хүүхэд сургуульд суухад гэр нь хоёр хуваагддаг. Эсвэл хүүхэд дотуур байранд амьдардаг. Энд хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс сургуульд сууж байгаа 6 настнуудын эрхийг хамгаалах үүднээс багш харгалзагч болон дотуур байрны асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Б.Бат- Эрдэнэ гишүүн :
Олон улсын жишигт нийцсэн биш монгол ахуйд нийцсэн хуулийг үйлдвэрлэх нь зүйтэй
Олон улсын жишигт нийцсэн биш монгол ахуйд нийцсэн хуулийг үйлдвэрлэх нь зүйтэй. Иймээс энэ хуулийг цогцоор өөрчилж хэлэлцэх хэрэгтэй. 6 настай хүүхдийг сургуульд сургадаг болсноос хойш гэр бүлийн асуудал нилээн хүндэрсэн. Шашны үзэл ярихаас өмнө намын үзлийг хүүхдэд суулгахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Г.Батхүү нар энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Р.Гончигдорж гишүүн :
Хүүхдийн хамгааллаас түрүүнд хүүхдийг хайрлах асуудлыг ярих хэрэгтэй
Хүүхдийн хамгааллаас түрүүнд хүүхдийг хайрлах асуудлыг ярих хэрэгтэй. Хүүхдийг хөгжүүлэхэд сургууль, эцэг эх, хүүхдийн байгууллагын оролцоо чухал. Гэр бүлийн хайр халамжид өссөн хүүхэд эцэг эх болохоороо тэр уламжлалаа үргэлжлүүлдэг. Энэ уламжлалыг алдагдуулахгүй байх хэрэгтэй.
Р.Амаржаргал гишүүн :
Хүүхэд хамгаалах том асуудалтай бусад хуулийг хольж хутгасан байна
Шаардлага хангаагүй хуулийн төсөл гэж үзэж байна. Хүүхэд хамгаалах том асуудалтай бусад хуулийг хольж хутгажээ. Хүүхдийн нэрийг бариад компанит ажил шиг юм хийж хэрэгжих үндэслэлгүй хууль ярих нь утгагүй.
Хүүхэд хамгааллын асуудлын мөн чанар нь гэр бүлийг төлөвшүүлэх, эдийн засгийн баталгаа хангах зэрэг олон чухал зүйлд оршино. Гол зүйлээ барьж авахгүйгээр хольж хутгасан, халтвардсан шинжтэй хуулийн төсөл байна.
Г.Батхүү гишүүн :
Хүүхэд эцэг эхийн дэргэд байж хүний ном, сургуульд ороод номын ном сурдаг
Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг ярих нь зөв. Гэхдээ монгол ахуйдаа үндэслэлгүйгээр суурин соёлд нийцсэн хууль гаргаж ирэх нь тохиромжгүй.
Хүүхэд эцэг эхийн дэргэд байж хүний ном, сургуульд ороод номын ном сурдаг. Малчдын хүүхэд боловсрол олохдоо морь унаад сургуульдаа явах зэрэг олон асуудлуудад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг харгалзаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боловсролын асуудалтай хамт хүүхдийн эрхийн асуудлыг давхар авч хэлэлцэх нь зүйтэй. Хууль батлах амархан. Хамгийн гол нь амьдрал дээр хэрэгжих, амьдралд ойр хуулийг батлах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих