Мартин Лютер Кингийн хийсэн алдарт иргэний хөдөлгөөний дараа арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн борооны дараах мөөг шиг олширсон. Өнөөгийн даяаршсан, ардчилсан ертөнцийг бий болгох нэгэн том, нөлөө бүхий иргэний хөдөлгөөн энэ байсан юм.
Мартин Лютер Кинг сургуульдаа сурлагаараа толгой цохидог хүүхэд байлаа. Түүний өвөө, аав хоёр нь санваартан байсан учир тэр ч мөн санваартан болох шийдвэр гаргасан юм. Бага наснаас нь л нийгмийг өөрчлөх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тэрслүү үзэл цухалздаг байв. Аавынхаа хоригийг эсэргүүцэж пиво уун, биллиард тоглож тэр ч байтугай тухайн үед хамгийн хаалттай зүйл байсан цагаан арьст эмэгтэйтэй хүртэл нэр холбогдсон түүхтэй.
Гэхдээ тэр санваартан болох шийдвэртээ үнэнч байж 1954 онд Монтгомери дахь Паптист сүмийн санваартан болов. Яг л энэ үеэс түүний амьдралд эргэшгүй өөрчлөлт гарч эхэлсэн юм. Учир нь нийгэмд арьс өнгөөр ялгаварлах үзэл улам бүр идэвхжиж байлаа. Энэ басамжлал, доромжлолыг удаан тэвчээгүй тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж, жилийн дотор л хүний эрх, эрх чөлөөний талаарх 208 илтгэлээ тавьсан гэдэг
.
1955 он буюу дөнгөж 25 насандаа докторын зэрэг хүртээд байхад нь хар арьстнуудыг дорд үзсэн хэргүүд удаа дараа гарч байв.
- 3 сарын 2-нд арван таван настай Клодетт Колвин охин цагаан арьст эрд суудлаа тавьж өгөөгүйнхээ төлөө баривчлагдан улмаар шоронд орсон.
- 12 сарын 1-нд 42 настай Роза Парк гэх эмэгтэй цагаан арьст үйлчлүүлэгчид суудлаа тавьж өг гэсэн автобусны жолоочийн шаардлагыг биелүүлээгүйнхээ төлөө мөн л шоронд оров.
Энэ хэргийн дараа Мартин Лютер Кинг болон бусад иргэний хөдөлгөөний тэргүүнүүд түүнтэй ирж уулзан, хот даяар “Автобусны эсрэг хөдөлгөөн” явуулахаар төлөвлөжээ. 382 хоног үргэлжилсэн уг эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүнээр Мартин Лютер Кинг сонгогдов. Учир нь тэрээр залуу, бас дээр нь сайн бэлтгэгдсэн, хатуу байр суурьтай, мэргэжлийн тэмцэгч байлаа.
Үүний үр дүнд 1956 оны 11 сард АНУ-ын дээд шүүхээс Алабам мужид хар цагаан арьстнууд автобусаар зорчихдоо адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Энэ бол Мартин Лютер Кингийн анхны маш том ялалт байлаа. Эсрэгээрээ тэмцэгчдийн эсрэг халдлага, хүчирхийллүүд ч ихсэж байв. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалах, бат бөх байгууллагын хэрэгцээ үүссэн байна. Ийнхүү Мартинаар тэргүүлүүлсэн хүмүүс 1957 онд “Өмнөдийн Христос Шашинтны Удирдлагын Зөвлөл” байгууллагыг үндэслэн байгуулжээ. Гол зорилго нь иргэний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулахын төлөө хийж буй хүчирхийлэлгүй тэмцлийг дэмжих, африк гаралтай америкчуудад сонгох эрхийг нь олгоход тэдний дуу хоолой болох байсан юм.
Автобус хөдөлгөөний дараа “Эрх чөлөөнд хүрэх алхам” номоо гаргаснаар бас нэгэн амжилттай “хөдөлгөөн”-ийг эхлүүлэв
. Номыг нь уншсан хүмүүс газар сайгүй арьс өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөнүүдийг эхлүүлж байв. Хойд Калифорний Гринсборо дахь хар арьст оюутнууд тус номыг уншсаныхаа дараа номын сан, дэлгүүр, кафе гээд суулт хийж болох бүх л газруудад суулт хийн, эсэргүүцлээ илэрхийлж байсан түүхтэй. Харин Кинг улс орноор хэрэн явж, иргэний эрхийн хөдөлгөөнд оролцох хүмүүст урам зориг өгөх илтгэлээ тавьсаар байв.
Эцэст нь1964 онд Нэгдсэн Улсын хуулийн хүрээнд Иргэний эрхийн хууль батлагдаж, 1965 онд сонгох, сонгогдох улс төрийн эрх шинэчлэгдэн батлагдсан юм.
1963 оны 8 сарын 28-нд Мартиныг Вашингтонд хүрэх энхийн марш зохион байгуулахад хагас сая хүн оролцжээ. Вашингтонд хүрсний дараа тэрээр алдарт “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавьсан юм. Энэ нь арьс өнгөний асуудлыг тэнцвэртэй болгох, ялгаварлалыг эцэслэх зорилго, агуулга бүхий илтгэл байлаа. Ийнхүү түүний илтгэл өдгөө ч АНУ-ын түүхэн дэх шилдэг 100 илтгэлийг тэргүүлсээр байгаа билээ.
Үүнээс хойш тэрээр ядууст зориулан хандив цуглуулах ажилд идэвхийлэн оролцох болжээ. 1968 оны 3 сарын 28-нд ажил хаялт зарласан хүмүүсийг дэмжих зорилготойгоор 6000 хүн оролцсон жагсаалыг зохион байгуулав. Гэвч энэ жагсаал түүний хамгийн сүүлийн эрх чөлөөний төлөөх тэмцэл нь байв. Учир нь 4 сарын 4-нд Мартин Лютер Кинг байрлаж байсан дэн буудлынхаа тагтан дээр зогсож байхдаа буудуулан, амь үрэгдсэн юм. Түүний цогцсыг задлан шинжлэхэд дөнгөж 39 настай түүний зүрх 60 настай хөгшин хүний зүрх шиг болсон байсан нь тогтоогджээ.
Хар арьстнуудыг “чөлөөлөх” мөрөөдөл нь ганц түүнээс эхэлсэн ч дэлхий даяар нэгэн том мөрөөдөл болон дэлгэрч өнөөгийн ардчилсан ертөнцийн эхийг тавьхад нөлөөлж чаджээ.
Түүний мөрөөдөл жижиг, том байсан нь хамаагүй, тэр мөрөөдөлтэй байж, түүндээ хүрч чадсан нэгэн. Харин танд мөрөөдөл бий юу?
Сэтгэгдэл бичих