Нийтлэл 06 сарын 24, 2015

Тогтвортой засаглал ба тасралтгүй хөгжлийн стратеги

Олон намаас бүрдсэн парламент, эвслийн Засгийн газар байгуулагдах явдал түгээмэл болж буй өнөө үед тухайн улс орны тогтвортой хөгжлийн төлөө төр засгийн эрх барих байгууллагуудын тогтвортой ба бүтээлч ажиллагааг хангах нь чухал юм. Хамтран засаг байгуулах намууд ялгаатай үзэл баримтлал, үнэт зүйлтэй, тус тусын мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцуулан дэмжлэг авсан байх тул эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн өөрсдийн бодлогыг тусгахаас эхлээд засгийн эрх мэдлийн хуваарилалт, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны итгэлцэл гэх мэт олон хүчин зүйлээс Засгийн газрын тогтвортой ба бүтээлч байдал хамаардаг.  

 

Тогтвортой хөгжлийн стратеги яагаад чухал вэ?

Засгийн газрууд, ялангуяа олон намын хамтарсан эвслийн Засгийн газар тогтвортой байж улс орны хөгжил дэвшлийг тасралтгүй үргэлжлүүлдэг байх нь чухал юм. Үүний тулд улс орнууд Үндэсний урт хугацааны тогтвортой хөгжлийн страте­гийн баримт бичиг боловс­руулан баталж, даган мөрдөж байна.

Үндэсний тогтвортой хөгжлийн страте­гийг Их Британи улс 1999 онд (“A Better Quality of Life”) боловсруулан баталсан бол Польш улс 2012 онд (“Long-Term National Development Strategy -2020”), Катар 2011 онд (“Qatar National Development Strategy -2030”) боловсруулсан байдаг. Германы Засгийн газар Үндэсний тогтвортой хөгжлийн стратегийн (“Perspectives for Germany”) хэрэгжилтийн явцын тайлангаа  2012 онд буюу сонгуулийн өмнөх жил олон нийтэд танилцуулсан байна.

Тогтвортой хөгжлийн стратеги нь улс төрийн дээд түвшинд зөвшилцөл хадгалах суурь болдог бол нийгэмд ирээдүйнхээ төлөө зөвшилцөн ойлголцох, нэгдэн нягтрах соёлыг төлөвшүүлэх нөлөөтэй юм. Учир нь, улс төрийн намууд батлагдсан урт хугацааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх хүрээнд мөрийн хөтөлбөрүүдээ боловсруулан, сонгуульд өрсөлддөг. Ард түмнээс илүү дэмжлэг аван сонгогдсон намууд хамтран Засгийн газар байгуулж нэгдсэн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд угаас суурь нэг нь бол бэрхшээл бага тулгарна гэсэн үг.  Энэ нь эвслийн Засгийн газрууд тогтвортой бөгөөд бүтээлч үйл ажиллагаатай байх таатай нөхцөл болно. Хамтарсан Засгийн газрын тогтвортой байдалд нө­лөөл­­дөг жижиг боловч сонир­­холтой өөр нэгэн хүчин зүйл нь хамтрагч намуу­­дын болгоомжлол буюу хэрэв тухайн Засгийн газарт муу ажиллавал дараа­гийн сонгуулиар сонгогч­дын саналыг алдах вий гэсэн айдас байдаг байна. Жишээ нь, 2009-2013 оны Германы эвслийн Засгийн газрын хамтрагч тал Чөлөөт ардчилсан нам 2013 оны сонгуулиар дөнгөж 4,8 хувийн санал авч парламентын босго даваагүй үлджээ. Тус нам Засгийн газарт байхдаа тодорхой салбарын татварыг бууруулах хэт популист, компаниудын нөлөөнд автсан бодлого хэрэгжүүлэхийг оролдож байсан нь сонгогчдын саналыг алдахад нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарласан байдаг.

Үндэсний тогтвортой хөгжлийн урт хугацааны стратеги гэж юу вэ?

Урт хугацаанд хэрэгжүүлэх улсын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийн томъёолол ба түүний тасралтгүй хэрэгжих механизмын бүрдэл

гэж товчоор ойлгож болно. Энэ нь манлайлал буюу хөгжлийн стратегийн чиглэлүүд, тэдгээрийн эрэмбэ дараалал, төлөвлөлт, хэрэгжүүлэх арга, үе шат, мониторинг хийх, төлөвлөгөөний биелэлтийг хэмжих шинжүүр, туршлага дээрээ суралцан сайжруулах үйл явц гэсэн үндсэн зорилтуудыг салбарын, салбар хоорондын болон салбар дундын гэсэн хүрээнд, орон нутаг, улс, олон улсын түвшинд хэрэг­жүүлэхээр төсөв, цаг хугацааны хүчин зүйлсийг тооцон боловсруулсан улсын хөгжилд баримтлах баримт бичиг юм. Жишээ нь, Германы тогтвортой хөгж­лийн стратегид сэргээг­дэх эрчим хүчний эх үүсвэрийн энергийн эцсийн зарцуулалтад эзлэх хэмжээг 2020 он гэхэд 20 хувь, 2050 онд 60 хувь нэмэгдүүлэх, цахилгааны зарцуулалтад эзлэх хэмжээг 2010 онд 12,5 хувь, 2020 онд 35 хувь, 2050 онд 80 хувьд хүргэсэн байхаар төлөвлөжээ. Хөгжлийн стратегийг улс орны богино, дунд, урт хугацааны төсвийн орлого, зарлагын төсөөлөлтэй уялдуулан боловсруулаагүй л бол мөрөөдлийн жагсаалт болж хувирна.

Манай улс хөгжлийн бодлого, зорилтуудаа Мянга­ны хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгж­лийн цогц бодлого, Бүсчил­сэн хөгжлийн бодлог­о гэх мэт баримт бичгүүдэд тусгасан байдаг. Гэвч эдгээ­рийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүү­лээгүй, хэрэгжилтийн төлөв­лөгөөг улсын төсвийн орлого, зарлагын зорилт, таамаглалтай тооцон холбоо­гүй, стратегийн хэрэгжилтийг хариуцсан институц байхгүй гэх мэт дутагдлуудын улмаас тунхаглал төдий явж иржээ. Үе үеийн Засгийн газрууд, түүнийг байгуулсан улс төрийн намуудын мөрийн хөтөл­бөр нь хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилт, арга замыг тусгаагүй, сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд багтаасан “товч мөрөөдөл” төдий байсан гэж хатуугаар хэлж болно. Үнэндээ хөдлөшгүйгээр мөрдөх Үндэсний тогтвортой хөгжлийн урт хугацааны стратеги байхгүйгээс улсын хөгжил хаашаа явж буйг иргэд таамаглах аргагүй, улс төрийн намууд ч тодорхой төсөөлөлгүй зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд бие биеээс өрссөн халамжийн хөтөлбөрөөр уралдаж ирлээ. Үүнийг засч залруулах нэгэн сайн мэдээ дуулдаж байгаа нь Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулах ажлыг УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар 2014 онд эхлүүлсэн байна. Энэхүү Үндэсний тогтвортой хөгж­лийн урт хугацааны стратегийг жинхэнэ утгаар нь боловсруулан мөрдөж эхэлснээр улс төрийн намууд хөгжлийн төлөө бодит мөрийн хөтөлбөртэй болох, сонгогчид намуу­дын хөтөлбөрийг харьцуу­лан шинжиж дүгнэх, ухам­сартайгаар сонголтоо хийн хэрсүүжих юм. Тогтвор­той хөгжлийн бодлогоос хальсан популист амлалт нь улстөрчид, улс төрийн намуудад сонгогчдыг татах биш, түлхэх хүч мэт үйлчлэх болно.


Манай улс 2012 онд сон­гуулийн холимог тог­тол­­­­цоог ашигласнаар олон намаас бүрдсэн их хурал бүрдэж, мөн тооны намуудын хамтарсан эвслийн Засгийн газар ажиллаж байна. Сонгуулийн мажоритор ба пропорциональ тогтолцоотой улсуудын хооронд ерөнхийдөө дараах ялгаа байдаг:

  • Мажоритор тогтолцоотой улсууд. Нэг намын Засгийн газар байгуулагдах нь түгээмэл бөгөөд тухайн нам өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллах боломж илүү
  • Пропорциональ тогтолцоотой улсууд: Парламент олон намаас бүрдэж, олон намын эвслийн Засгийн газар байгуулагдах хандлага элбэг

Цаашид ч ийм хэлбэр үргэлжлэх магадлалтайг суд­лаачид хэлж байгаа ба олон улсын хандлага ч үүнийг харуулж буй. Тогтвортой, бүтээлч засаглалтай байх орчныг бүрдүүлснээр улсын хөгжил ямар Засгийн газар байхаас үл хамааран тогтвортой урагшилна. Үүний тулд Үндэсний тогтвортой хөгжлийн стратеги зайлшгүй хэрэгтэй.

И.Цэрэн

Сэтгэгдэл бичих

arrow icon