Нийтлэл 06 сарын 28, 2015

“ОРЧУУЛГАТАЙ' МЭДЭЭ - Засгийн газар 1 тэрбум хятад валютын бонд арилжааллаа

Сангийн яамны "Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр дим сам бонд арилжааллаа" мэдээг  "орчуулан" хүргэв. Хараар тодруулсан хэсгийг алгасах замаар орчуулгагүй эх мэдээг унших боломжтой. 

 

            Монгол Улсын Засгийн газар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олон улсын зах зээлд юанийн дим сам бондыг амжилттай арилжаалж, тус бондыг арилжаалсан хоёрдох улс боллоо. Өнгөрсөн жил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар 3 жилийн хугацаатай дим сам бонд арилжаалж, уг бондыг олон улсын зах зээлд гаргасан эхний улс болжээ. Энэ нь мөн Монгол улс Азийн тусгаар тогтносон улсуудаас юанийн бонд гаргасан анхны улс боллоо гэсэн үг юм. Энэ явдлыг уг арилжааны нэг брокер  CLSA Securities пүүсийн олон улсын зээлийн хөрөнгийн зах зээлийн газрын дарга Кэти Лиу дүгнэн хэлэхдээ Төв болон Зүүн өмнөд Азийн хуурай газрын болон усан замын хуучин холбоо, хөрөнгө, худалдааны хамтын ажиллагааг сэргээх зорилготой  Бээжингийн  “Нэг бүс, Нэг зам” торгоны замын бодлого хэрэгжиж эхлэх гарааны цэг гэж хэлжээ.

 

 

            Дим сам бондын зах зээл нь юаниар илэрхийлэгдсэн бондын олон улсын зах зээл бөгөөд жил ирэх тусам хөгжин тэлж буй зах зээл юм. Өөрөөр хэлбэл  Хятадын эдийн засаг өснө, юан үнэ цэнээ алдахгүй гэж хөрөнгө оруулагчид итгэж, Хятадын компаниуд олон улсад бондоо санал болгох хэмжээнд өргөжиж, Хятадын засгийн газар ч 1999 оноос хойш долларын эсрэг юанын хэрэглээг нэмэгдүүлэх бодлого эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй байгааг батлан харуулж буй зах зээл юм.

 

БНХАУ-тай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын гүн түншлэлтэй, дотоодын эдийн засаг маань бараг хараат болж ирсэн  манай улсын хувьд тус зах зээлд юанийн бонд гаргах нь хөрөнгө оруулагчдынхаа хүрээг Хятадуудаар буюу юанийн хөрөнгөтнүүдээр тэлэх, замбараагаа алдсан дотоод, гадаадын өрөө нөхөх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх өр тавих аргачлалын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Энэхүү бондын хөрөнгийг бас л дотоодын иргэддээ өр тавьж зээлээд, ус цас мэт урсгадаг төсөвтөө хэрэглэсэн Засгийн газрын өндөр хүүтэй, энэ жил хугацаа нь дуусгавар болж буй дотоод үнэт цаасыг санхүүжүүлэх ба энэ нь хойд хормойгоо урд хормойгоо авч нөхөх төсвийн санхүүжилтийн зардлыг бууруулах, яаж ийгээд төлөх хугацааг хойшлуулж дундаж хугацааг сунгах, зохисгүй болоод ирмэгц нь хуулиа өөрчлөөд сайхан зохистой болгочихдог өрийн зардал, хэмжээг зохистой түвшинд хадгалах өрийн удирдлагын чухал ач холбогдолтой юм.  Түүнчлэн, татвар цагдаа хяналтын элдэв дарамт, гадаад худалдаа, үйлдвэрлэлийн олигтой бодлогогүй, улс төр нам бүлгийн элдэв хямралаар дотоодын корпорацуудаа дарангуйлж, гадагш байтугай дотогш бонд гаргах тэнхээгүй байлгаж байгаа  Засгийн газрын зүгээс  юанийн бондыг гаргаж, зах зээлийн жишиг хүүг бий болгосноор Монгол Улсаас хувийн хэвшлийн байгууллагууд уг зах зээлд нэвтрэх, хөрөнгө босгох боломжийг нээж өглөө.

 

            Засгийн газрын зүгээс 3 жилийн хугацаатай, 1.0 тэрбум юанийн бондыг 7.5 хувийн хүүтэй арилжаалсан ба улмаар юань-ам.долларын своп хэлцэл хийж энэхүү юанийн 7.5 хувийн хүүг зах зээлийн тухайн үеийн үнэлэмжээр ам.долларын 5.9 хувийн хүү болгон бууруулсан, валют хоорондын хүүгийн зөрүү нь хэний ч юм бэ санхүүгийн брокерийн хармаанд орох  амжилттай хэлцэл гүйцэтгэлээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-06-29

    өөө за алдаг юм байна. Өрийн тааз гээд байсан бүр утгаа алджээ

arrow icon