Д.Дорлигжав сайд хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн шинэчлэлийг “шинэчлэх”-ээр шийдвэрлэж, 2015 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (ХЭЗБТХШНТ) болон Өмгөөллийн тухай хуулийн төсөл (ӨТХТ)-ийг боловсруулж, ӨТХТ-ийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр төслүүд 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (ХЭЗБТХ), түүнд үндэслэн гарсан Хуульчийн мэргэжлийн дүрэм (2013) болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмууд (2014)-аар орж ирсэн олон улсын стандарт, дэвшилтэт зохицуулалтуудыг үгүй болгож, 2012 онд эхэлсэн эрх зүйн шинэчлэлд олон ухралт хийхээр байна
. Тиймээс, миний бие эдгээр төслүүдэд хийсэн товч анализ аа цуврал нийтлэл болгон хэвлэхээр шийдсэн. Эхний нийтлэл “Д.Дорлигжав сайдын төслүүдийн 7 сул тал: Хуульчийн мэргэжлийн хариуцлагын шинэ тогтолцоо тогтвортой хэрэгжихгүй бол үр дүнгээ өгөхгүй”[1] гэсэн нэртэйгээр 2015 оны 6 сарын 29-ний өдөр trends.mn цахим хуудаст тавигдсан. ХЭЗБТХШНТ болон ӨТХТ хоёр батлагдвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хоёрдмол стандарт үүсгэж, мэргэшсэн хуульчид тавигдах объектив шаардлагыг үгүй болгох сул талтай
байгааг энэ удаа хоёр дахь нийтлэлээр өгүүлэх болно.
ХЭЗБТХ ба Хуульчийн мэргэжлийн дүрэм: хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдмэл стандарт
2012 оны ХЭЗБТХ болон Хуульчийн мэргэжлийн дүрмээр одоо нийт хуульчдад, ялангуяа хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчид нэг стандарт үйлчилдэг.
ХЭЗБТХ-ийн 26-р зүйлд хуульчдын нийтлэг үүрэг, 27-р зүйлд хуульчид хориглох зүйлс, 32-р зүйлд мэргэшсэн хуульчид тавигдах шаардлага, 33-р зүйлд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц зэргийг заасан. Мөн, Хуульчийн мэргэжлийн дүрмийн Нэгдүгээр ангид заасан хуульчийн нийтлэг зарчим, үүрэг, Хоёрдугаар ангид заасан хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульчийн үүрэг, Гуравдугаар ангид заасан хуульчийн зарчимч байдлыг хангах үүргүүдийг хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй бүх хуульчид биелүүлэх ёстой. Өмгөөлөл бол хууль зүйн үйлчилгээний нэг төрөл учраас өмгөөлөгч хуульчийн нийтлэг үүрэг, зарчим болон хууль зүйн үйлчилгээтэй холбоотой бүх үүргийг биелүүлнэ. Өмгөөллийг үйлчилгээг зөвхөн өмгөөлөгч явуулах бөгөөд ингэхдээ ХЭЗБТХ-ийн Тавдугаар бүлэг болон Хуульчийн мэргэжлийн дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан өмгөөлөгчийн тусгай үүргүүдийг мөн.
ХЭЗБТХ-ийн 32-р зүйлд мэргэшсэн хуульчид тавигдах шаардлагыг анх удаа заасан.
Энэ зүйлд зааснаар хуульч нь шүүхийн өмнө төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болох бөгөөд дараах шаардлагын аль нэгийг хангаагүй бол уг нэршлийг хэрэглэх эрхгүй: (1) шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон тухайн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг түлхүү явуулж түүгээрээ мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсэж байгаа; (2) гурваас доошгүй жил Хуульчдын холбооны тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байгаа; (3) хуульчийн үргэлжилсэн сургалтаар гурван жил тутам хангах ёстой багц цагийн гуравны хоёроос доошгүй нь тухайн мэргэшсэн чиглэлийн сургалтын агуулгыг багтаасан байх. Мэргэшсэн хуульч гэж өөрийгөө нэрлэх эрхтэй болохын тулд хуульч тухайн чиглэлээр түлхүү өмгөөлөл хийх, тухайн чиглэлийн хороонд гишүүнээр ажиллах, энэ чиглэлийн үргэлжилсэн сургалтад тогтмол хамрагдах зэргээр өөрийгөө бэлдэх ёстой гэсэн объектив шалгуурыг тогтоож өгснөөрөө ач холбогдолтой
. Нийгмийн харилцаа хөгжиж даяарчлагдахын хэрээр хууль зүйн үйлчилгээг мэргэшсэн байхыг олон улсад төрийгүй манай улсад шаардаж буй
өнөө үед ийм зохицуулалт 2012 онд хуульчилсан нь цагаа олсон явдал байсан. ХЭЗБТХ батлагдахаас өмнө мэргэшсэн хуульч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох объектив шалгуур байхгүй байсан учраас хэн дуртай нь өөрийгөө тодорхой чиглэлээр мэргэшсэн гэж тодорхойлж сурталчилдаг байсан бөгөөд үүнийг хянах механизмгүй байсан
. Тухайн чиглэлээр мэргэшсэн биш этгээд өөрийгөө мэргэшсэн гэж нэрлэн олон нийтийг төөрөгдүүлж хохироодог байсан
нь хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байв.
ХЭЗБТХШНТ ба Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм: хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хоёрдмол стандарт
ХЭЗБТХШНТ болон ӨТХТ-д өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан үйлчлэх хэм хэмжээг давхардуулан заажээ
. Жишээлбэл, хараат бус байдлын баталгаа (ХЭЗБХТ-ийн 33-р зүйл, ӨХТ-ийн 24-р зүйл), үйлчилгээний нууц (ХЭЗБХТ-ийн 34-р зүйл, ӨХТ-ийн 22-р зүйл)-ийн заалтууд бараг адил агуулгатай байна. Мөн, хуулийн зөвлөхийн сурталчилгааг ХЭЗБХТ-ийн 35-р зүйлээр зохицуулсан ч өмгөөлөгчид энэ талаарх ямар ч зохицуулалт алга. Үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, хууль зүйн үйлчилгээний талаарх амлалт, олон нийтэд өгөх мэдээлэл зэрэг нь өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн аль алинд хамаатай асуудлууд боловч үүнтэй холбоотой хориглолтод зөвхөн өмгөөлөгчийг захируулсан (ӨХТ-ийн 16-р зүйл). Түүнчлэн, хууль зүйн үйлчилгээний гэрээ, хөлс зэрэг асуудлыг зөвхөн өмгөөлөгчид хамааруулан зохицуулж (ӨТХТ-ийн 18, 19-р зүйлүүд), хуулийн зөвлөхийн гэрээ, хөлсийг зохицуулалтгүй орхижээ.
Хуульчийн мэргэжлийн дүрмийг Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм гэж шинээр нэрлэжээ. Хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчийг өмгөөлөгч болон хуулийн зөвлөх гэж хоёр ангилж, Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд захирагдах үүргийг аль алинд нь хүлээлгэжээ. Хуульчдын холбооны Их хурлаас батлах Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм болон Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс батлах Өмгөөлөгчийн үйл ажиллагааны стандарт гэсэн ихэнх агуулга нь давхардсан эрх зүйн эх сурвалжууд бий болохоор заажээ. ХЭЗБТХШНТ-ийн 26.3-т “Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээ хуульч, үйлчлүүлэгч, хуульчид хоорондын харилцаа, хуульчдын нийтийн өмнө хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчил, нууцлал, эрх хэмжээ, хараат бус байдалтай холбоотой бусад харилцааг зохицуулна” гэжээ. Гэвч, ӨТХТ-ийн 25.1-д “өмгөөллийн үйл ажиллагааны стандарт тогтоож, мөрдүүлэх” бүрэн эрхийг Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд өгсөн байна. Уг төслийн 15.2.1-д “өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих” гэж заасан байх бөгөөд үүнд Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагааны стандарт багтахаар байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим хуудаст Өмгөөлөгчийн үйл ажиллагааны стандарт гэх баримт бичиг байрлуулжээ.[2] ХЭЗБТХШНТ батлагдвал ийм агуулгатай стандартыг Өмгөөлөгчдийн холбоо баталж мөрдүүлнэ гэж ойлгогдож байна. Цахим хуудаст буй стандартыг өмгөөлөгч бүр дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд өмгөөлөгч энэ үүргээ биелүүлж буй эсэхэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд болон аймаг нийслэлийн салбар зөвлөлийн дарга нар хяналт тавина гэж заажээ.[3] Өмгөөлөгчийн үйл ажиллагааны стандарт дахь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль дээдлэх, нууц хадгалах, хараат бус байх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тавигдах шаардлага, үйлчлүүлэгчтэй тохирсон цаг баримтлах, хүндэтгэлтэй харилцах зэрэг заалт нь Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд багтахаар хуульчлагдсан дээрх агуулгатай давхцаж байна. Стандартын эдгээр заалтууд нь өмгөөлөгч төдийгүй хуулийн зөвлөхөд ч хамаатай учраас хоёр өөр газраас нэг асуудлыг шийдвэрлэж тогтоосон өөр өөр хэм хэмжээ
үйлчлэхээр байна.
Ямар ч судалгаа, үндэслэл танилцуулалгүйгээр “мэргэшсэн хуульч” гэх хууль зүйн шинэ ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хасаж
төсөлд тусгажээ. Хуульчдын холбоо 2013 оны 9 сард байгуулагдсан бөгөөд ХЭЗБТХ-ийн дагуу мэргэшсэн хуульч гэсэн нэршилийг хэрэглэхийн тулд хуульч гурван жил тухайн чиглэлийн хороонд гишүүн байж, үргэлжилсэн сургалтад хамрагдах ёстой учраас одоогоор ийм нэршлийг хэрэглэх эрхтэй хуульч хараахан байхгүй бөгөөд 2016 оны 9 сараас хуульчид өөрсдийгөө мэргэшсэн гэж нэрлэх боломжтой болох байсан. Гэвч, хуулийн энэ зохицуулалтыг үйлчилж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байна. “Мэргэшсэн хуульч” гэсэн нэршлийг хэрэглэх гэж өөрийгөө бэлдэж байсан хуульчдын хичээл зүтгэл талаар болж,
хэн дуртай нь өөрийгөө мэргэшсэн гэж нэрлэж олон нийтийг хохироох, хуульчид итгэх итгэлийг алдагдуулдаг хуучин тогтолцоо руу буцахаар
байна.
Олон улсын туршлага: хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдмэл стандарт
Олон улсад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нэг байдаг
. Энэ стандартын дагуу боловсруулагдсан 2013 оны Хуульчийн мэргэжлийн дүрмийн агуулгаас үүнийг харж болно.[4] Хичээл зүтгэл гаргах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх, хууль зүйн үйлчилгээтэй холбоотой гол гол асуудал дээр үйлчлүүлэгчийн шийдвэрийг дагах, үйлчлүүлэгчтэйгээ тогтмол харилцаа холбоотой байх, үндэслэлтэй хөлс, зардал тодорхойлох, мэдээллийн нууцлалыг хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг зохих ёсоор хадгалах, шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, боломжит үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх зэрэг үүргүүд тавигддаг. Мөн, хууль зүйн зөвлөгөө, гуравдагч этгээдэд өгөх хууль зүйн дүгнэлт, хөндлөнгийн этгээдээр ажиллах тохиолдол, үйлчлүүлэгч бус этгээдтэй харилцах харилцаа, өмгөөллийн нөхөрлөл, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа, сурталчилгаа зэрэг асуудал ч өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд хамаардаг. Тиймээс, өмгөөлөгч болон хуулийн зөвлөх хоёрт үйлчлэх ёс зүйн хэм хэмжээг дийлэнх тохиолдолд ялгах боломжгүй.
Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд адилхан агуулгатай өөр өөр эх сурвалжууд үйлчилдэг жишиг судалгаанд хамрагдсан улсуудад алга
. Монголд байдагтай адилхан АНУ болон Канадын олон мужид хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн төдийгүй прокуророор ажиллаж байгаа хуульч хуульчдын холбооны гишүүн байж,[5] бүх хуульчид мэргэжлийн үйл ажиллагааны нэг стандартад захирагддаг.[6] Чех зэрэг Европын улсад өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ялгаж үздэггүй бөгөөд хуульчийн баримтлах нийтлэг стандартыг тогтоож мөрдүүлдэг.[7] Өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийг ялгаж үздэг байсан Франц энэ ангиллаасаа 23 жилийн өмнө татгалзжээ. Францад “1992 оны 1 дүгээр сарын 1-ний хуулиар зөвлөхийн (conseil juridigue) мэргэжлийг татан буулгаж, гагцхүү өмгөөлөгч байхаар заасан,”[8] ингэснээр хууль зүй үйлчилгээг үзүүлж буй нийт хуульчдад нийтлэг нэг стандарт үйлчилж эхэлсэн.
Олон улсад мэргэшсэн хуульчид тусгай объектив шаардлага тавьж хангасан хүмүүс ийм нэршлийг хэрэглэх эрхтэй байдаг
. АНУ-ийн ихэнх мужуудад ийм объектив шалгуурыг хангасан хүмүүс мэргэшсэн хуульч гэсэн нэршлийг хэрэглээд зогсохгүй мужийн хуульчдын холбоо нь мэргэшсэн хуульчдын нэрсийг өөрсдийн цахим хуудаст тавьж олон нийт болон бизнес эрхлэгчид итгэлтэйгээр сонголт хийх боломж олгодо
г.[9] Германд бол мэргэшсэн хуульч (Fachanwälte)-ийн тухай илүү нарийвчлан зохицуулдаг
.[10] Энэ улсад захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, социал эрх зүйгээр хуульч мэргэшиж болох ч хоёроос илүү чиглэлээр мэргэшихийг хориглодог. Германд мэргэших хүсэлтэй чиглэлээрээ үнэхээр мэргэшсэн, туршлагатай эсэхийг нь Хуульчдын холбооны тусгай хороо шалгаж тогтоодог бөгөөд мэргэшсэн хуульч тухайн чиглэлийнхээ сургалтад тогтмол суух шаардлагатай байдаг. Францад хуульчид “мэргэшсэн хуульч” гэж нэрлэгдэхийн тулд тусгай сургалтад сууж диплом авдаг
.[11]
Дүгнэлт
ХЭЗБТХШНТ-өөр өмгөөлөгч болон хуулийн зөвлөх хоёрын мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг механикаар хувааж, давхардуулан зохицуулаад
зогсохгүй Мэргэжлийн ёс зүйн дүрэм болон өмгөөллийн үйл ажиллагааны стандарт гэсэн хоёр өөр субъектээс баталсан, хоёр өөр субъектээр хянагддаг зөрчилдөөнтэй тогтолцоог үүсгэх боломжийг олгожээ
. Мөн, мэргэшсэн хуульч гэсэн нэршлийг хэрэглэх объектив шаардлагыг төсөлд устгаж ухралт хийжээ. Хуульчид нь нэр хүндтэй бөгөөд олон нийтийн итгэлийг хүлээдэг улсуудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгдмэл стандарттай бөгөөд мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэхийн тулд объектив шалгуурыг хангасан байх ёстой байдаг жишгээс төсөл зөрсөн гэдэг нь тодорхой. Тиймээс, 2012 ХЭЗБТХ-д буй мэргэжлийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт, Хуульчийн мэргэжлийн дүрмийн зохицуулалтыг цаашид хадгалах хэрэгтэй
.[12]
[1] “Д.Дорлигжав Сайдын төслүүдийн 7 сул тал: Хуульчийн мэргэжлийн хариуцлагын шинэ тогтолцоо тогтвортой хэрэгжихгүй бол үр дүнгээ өгөхгүй | Trends.mn,” 2015 оны 6 сарын 30-нд үзсэн, http://www.trends.mn/n/3532.
[2] Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгчийн үйл ажиллагааны стандарт,” 2014, http://www.ama.org.mn/Rule.
[3] Мөн тэнд.
[4] 2013 оны Хуульчийн мэргэжлийн дүрмээр зохицуулсан эдгээр бүх асуудлууд нь АНУ, Канад, Европын улсуудын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр бас зохицуулагддаг гэдгийг дараах хоёр харьцуулсан судалгаанаас харж болно: Chirstina Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States” (INPROL, 2010), 19–24, http://inprol.org/publications/3968/establishing-and-reforming-bar-associations-in-post-conflict-states; Maya Goldstein Bolocan, Professional Legal Ethics: A Comparative Perspective (Central European and Eurasian Law Initiative, 2002), 11–76.
[5] Murtaugh, “Establishing and Reforming Bar Associations in Post-Conflict States,” 8.
[6] ABA, “Model Rules of Professional Conduct,” 2013, http://www.americanbar.org/groups/professional_responsibility/publications/model_rules_of_professional_conduct/model_rules_of_professional_conduct_table_of_contents.html; Federation of Law Societies of Canada, “Model Code of Professional Conduct,” 2011, http://flsc.ca/wp-content/uploads/2014/12/conduct1.pdf.
[7] Board of Directors of the Czech Bar Association, “The Rules of Professional Conduct and the Rule of Competition of Lawyers of the Czech Republic,” 1997, http://www.ccbe.eu/index.php?pageNum_Liste_tri=1&totalRows_Liste_tri=50&id=107.
[8] Кристофер Осакве, Харьцуулсан Эрх Зүй Судлал: Ерөнхий Ба Тусгай Анги (бүдүүвч), trans. Ж.Нямдорж нар (УБ, 2005), 77.
[9] “List of Specialized Attorneys,” Alabama State Bar, accessed June 30, 2015, https://www.alabar.org/resources/specialization/list-of-specialized-attorneys/.
[10] “The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),” n.d., http://www.brak.de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf.
[11] “What Is a ‘Specialized’ French Attorney?,” French-Business-Law.com, accessed June 30, 2015, http://www.french-business-law.com/what-is-a-specialized-french-attorney-page17.html.
[12] Прокурор болон шүүгчийн ёс зүйн асуудлыг Хуульчийн мэргэжлийн дүрмээр зохицуулж, Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалуулж байгаа нь зөв үү гэдэг дээр тусгайлан ярилцах хэрэгтэй учраас энэ нийтлэлд бичилгүй орхив.
Shine tusluur tsagdaad ajillaj bga huniig huulichiin songond oruulj bgaan bolovuu herev oruulj bgaa bol bi shine huuliin tusliig demjine ene n chiniiheer chanargui huulich olon niitiig hohiroono gedeg undesleld hamaarahuu