Нийтлэл 07 сарын 03, 2015

Олон улс ба Монгол: Органик бүтээгдэхүүний зах зээл ямар байна вэ?

     Олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж ирсэн боловч түүнийх нь хэрээр байгаль дэлхийд маш их өөрчлөлт орох болсон. 1800 оны тэртээгээс химийн үйлдвэрлэл эхэлж хэдэн сараар ургуулдаг хүнсээ хэдхэн хоногийн дотор гаргаж авах боломжтой болтлоо хөгжсөн байна. 1920 онд эрдэмтэд байгаль дэлхийн үржил шимд энэ нь муугаар нөлөөлж буйг илрүүлснээр органик хүнсний үйлдвэрлэлийг боловсруулж байжээ.

Органик бүтээгдэхүүн гэдэг нь эрүүл хөрс, эрүүл экосистем болон хүний эрүүл мэндийг дэмжихэд зориулагдсан үйлдвэрлэл юм. Түүнчлэн бусад бараа бүтээгдэхүүнээс үнийн хувьд өндөр байдаг ч худалдааны субъект болж, орлого олох боломжийг нээдгээрээ онцлог ажээ. Тиймдээ ч органик бүтээгдэхүүн сав баглаа боодол, тээвэрлэлт, хадгалалтаараа бусдаас ялгагдах тэмдэгтэй байдаг юм.

 

Өнөө үед органик гэдэг үг дэлхий даяар эрчимтэй тархаж, хэрэглээ нь ч энэ хэрээрээ нэмэгдэх болов. Түүнчлэн улс орнууд энэ төрлийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж, эрчимтэй хөгжүүлэх болжээ.Дэлхийн хэмжээнд нийт 154 орон органик газар тариалан эрхэлдэг бөгөөд Европт 42 улс, Африкт 38 улс байна. Харин Ази тивийн хувьд нийт органик тариалан эрхэлдэг газар нутгийн 56%-ийг Хятад улс эзэлж, түүний араас Энэтхэг, Казахстан, Индонез зэрэг улс ордог. 

 

 

Олон улсын хувьд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихийн зэрэгцээ эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь ч давхар ихэсч байгаа аж. 2000-аад оны үед жилд хэдэн зуун сая төгрөгийн органик бүтээгдэхүүн худалдаалагддаг байсан бол одоо тэрбум давах болжээ. 2012 онд  л гэхэд АНУ-д 30 тэрбум долларын органик бүтээгдэхүүн худалдаалагдсан байна. Судлаачид 2013 оноос хойш ийм төрлийн бүтээгдэхүүний худалдаа жил бүр 500 сая доллараар өсөх хандлагатай байгааг тодорхойлжээ.

 

Үүний зэрэгцээ эрүүл мэнддээ анхаардаг, хэрэглээний өндөр соёлтой хэрэглэгчдийн тоо ихсэж байгаагаас баталгаатай органик бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа юм. Япон улс органик бүтээгдэхүүний эрэлтээрээ дэлхийд тэргүүлэх зах зээл гэгддэг. Үүний араас Европ тивийн Герман, Франц, Англи, Итали улс ордог байна. 2000 оноос хойш энэ төрлийн экспорт тасралтгүй өсч 2011 онд 63 тэрбум долларт хүрчээ. 

 

 

 

Органик бүтээгдэхүүний дэлхийн зах зээл тасралтгүй өссөөр байгааг бид харлаа. Харин манай улсын хувьд энэ нэр томьёо хэдхэн жилийн өмнөөс нэвтэрсэн. Гэвч 100% органик гэдгийг нь таньж, мэдэх боломж хэрэглэгчдэд хомс байдгаас “органик хүнсний тухай хууль”-г өргөн барихаар болжээ. Ингэснээр төрөөс баримтлах тодорхой бодлоготой болж, баталгаатай органик бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очихоороо давуу талтай юм.

Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад бид органик үйлдвэрлэл багатай ч харьцангуй органик хүнс хэрэглэдэг орнуудын тоонд багтдаг. Учир нь бидний хүнсний хэрэглээнд мах, цагаан идээ зонхилдог билээ. Гэхдээ бидэнд боловсруулалтыг нь илүү органик болгох, органик үйлдвэрлэлийг төрөлжүүлэх нэн тэргүүний шаардлагууд тулгарч байна. Учир нь ингэж баталгаатай, олон төрлийн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлснээр дотоодын зах зээлээ эрүүл хүнсээр хангах, мөн экспортод гаргах ч бүрэн боломжтой юм.

Япон улс органик бүтээгдэхүүний хамгийн эрэлттэй зах зээл гэдгийг дээр дурдсан. Тэгвэл тус улс манайхаас мах, чацаргана экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Гэвч “дэлхийн стандарт”-д нийцдэггүй, үйлдвэрлэлийн хүчин чадал муутай зэрэг шалтгаанаас болж дээрх боломжуудаа алдсаар байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зах зээлд төрөл бүрийн органик бүтээгдэхүүн гарах болжээ. Бид органик гэдэг нэршлийн дор зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийг л мэддэг байсан бол өдгөө олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчээ авч байна. Гэхдээ органик гээд л органик болдоггүй. Тиймээс органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж чадсанаар эрүүл мэндээр тогтохгүй эдийн засгийн ч сайхан боломжууд шил дараалан гарч ирнэ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon