Хаантай ч юм шиг, заантай ч юм шиг төрөөс салаад овоо хэдэн жилийн нүүр үзэв. Асуудлыг ганц том хамартай хүн шийддэг байсан нь өөрсдийнхөнд ч таалагдахгүй, өрөөлийнхөнд ч таалагдахгүй, ард түмэнд ч таалагдахгүй болж байгааг том хамартын их хатан гярхай олж харж, талбай дээр “хиймэл гурав дахь хүчин, иргэний хөдөлгөөн” гаргаж тогооны даралт бууруулдаг хавхлаг маягаар ажиллуулсны хүчинд л оймсны өнгөө гайхуулаад, үтэр түргэн илүүдэл жингээ хаяхаас өөр хохирол амссангүй бололтой үлдэв, базарваань. Нэг хүн шийддэг байсан юмыг хуруу дарж тоолбол 11 хүн шийдэлцдэг болсон нь даруй том дэвшил. Ардчилсан нам засаг авангуутаа МАН-аас нүүр буруулсны ачаар гэх үү, бачаар гэх үү асуудал шийддэг хүний тоо эргээд гурав болов. Цаашдаа нэг болох хандлага их байна. Тэр нэг нь “сайн хүн” байж таарвал монголчууд бидний зол, “муу хүн ” байж таарвал хохь болох нь. Тохиолдлоос, хувь хүнээс шалтгаалуулахгүйн тулд систем буюу тогтолцоогоор, хуулиар удирдуулах нь дэлхий нийтийн жишиг
. Энэ системийг Монголд яаж хэр зөв зохистой болгох нь өөр сэдэв. Харин өнөөгийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг буйдангийн улс төрчийн нүдээр харвал ямар шалтгаантай, цаашид юу болж магадгүй тухай таамаглал дэвшүүлье, зүгээр л уран зохиолын түвшинд хүлээж авахыг хүсье. Уран зохиолтой шүүхдэлцээд явахгүй байх гэж найдаж байна.
Олгой хагаравч тогоон дотроо гэдэг том зарчимтай МАН тахимаа өгөх нь тодорхой болсон өдрөөс улс төрийн мухар гудамж руу эргэсэн АН олон фракц, амбийцтайгаа хоёр жилийн дараа эргэх хэцүү, байх хэцүү байдалд орлоо. Н.Алтанхуяг намын даргын хувьд Ц.Элбэгдоржийн зөвлөснөөр (ер нь бол жаахан шоу хөөх гээд байдгаас биш зөв зүйтэй юм ярьдаг хүн шүү, ярьснаа хийж гүйцэлдүүлэх нь тусдаа асуулт) МАН-тай эвссэн бол байдал ямар байх байсныг мэдэхгүй, гэхдээ л өнөөдрийнх шиг Монголын улс төр гурав хуваагдахгүй байсан биз. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд, улс төрчийн хувьд хамгийн объектив байр суурьнаас хандаж, чадах чинээгээрээ засаж залруулах, зааж чиглүүлэх ажлаа хийж байна. Харамсалтай нь хуулийн хүрээнд ч тэр, бодит амьдрал дээр ч тэр шийдвэр гаргах хэр хэмжээ дутмаг учраас ил далд дайн зарласан хоёр талтай хоёулантай нь үзэлцэх хэрэг гарч байна. Үзэлцэх зэвсэг нь үзэл суртал. Чухал эгзэгтэй мөч болгонд гарч ирж асуудлыг намжааж буй мэт боловч, ил галыг далд оруулахаас өөр ид шид алга. Шийдвэртэй арга хэмжээ авах гэхээр олон жилийн нөхөрлөл, хүн ёсны харилцаа, бусдыг өөрийн хэмжүүрээр хэмжээд засрах байх, арай ч ийм хүн биш юмсан гэх бодол, өөр юу ч байдаг юм, саад болох юм хангалттай байдаг бололтой. Тэгээд ч нэг талын илт дэмжиж нөгөө талыг дарж унагах хүсэл байдаггүй байж болох. Ямартаа ч Н.Алтанхуягийг огцруулахгүй, эгзэгтэй үед нь дэмжлэг үзүүлээд аваад явахыг бодоход хэд хэдэн нөхцөл шалтгаан бий. Нэгд гэвэл АН буюу өөрийнх нь өлгийдөж авсан нам, даргалж явсан нам нь олон жилийн дараа засаг авч байхад тастаж хуваагаад тарааж бутраах хүсэл байхгүй. Хоёрт тарж бутрах, амбицлаж задрахын зовлонг өөрийн биеэр амссан хүн. Гуравдугаарт, ардчилал гэдэг ухагдахууныг өөртэйгөө бат бөх нааж, Монголын түүхэнд үлдэх Ардчилал=Элбэгдорж гэдэг томьёог батлах шаардлага байгаа. Дөрөвдүгээрт, одоо л хоёр хөрштэйгөө ойлголцолд хүрч, хамтын ажиллагаа өргөн хүрээнд эхлэх гэж байхад ямар ч улс төрч гар бие оролцох сонирхолтой байлгүй яахав. Тавдугаарт, дээр өгүүлсэн шийддэг гурвын нэг байх сонирхол байж л таарна.
Довтлогч тал болох Х.Баттулга+З.Энхболдуудын ашиг сонирхол маш олон зүйл дээр давхцаж байгаа тул овоо бат бэх холбоотнууд гэж харагдаж байгаа боловч нидэр дээрээ оролцогч гурван тал өөрийн эрх ашиг хангагдмагц юу ч дуугарахгүй эргэж хараад явж чадах тул нийтлэг эрх ашиг байх хугацаанд л холбоотнууд. Гурвалын аль аль нь дандаа хөшигний араас хүү түлхэж тоглодог боловч энэ удаагийн дайнд аргагүй өөрсдөө ил гарлаа. Түлхэх олигтой хүү дутсаных ч байж мэднэ. МоАХ, Шонхор аль аль фракц нэгдмэл байж чадаагүй бөгөөд үүнд Ц.Элбэгдоржийн нөлөө их. Учир нь Ц.Элбэгдоржийг абсолют лидер гэж үздэг хүмүүсийн дийлэнх нь энэ хоёр фракцад хамаардаг бөгөөд зөвхөн Ц.Элбэгдоржийн үгээр хөдөлнө гэдгээ ч хэлсэн байж таарна. Түүнчлэн МАН-д засаг авч өгнө гэхээр баргийн тэнэг хөдлөхгүй гэдгийг тооцоолж чадсангүй. Нөгөө талаар Н.Алтанхуягийг татаад унагачихвал МАН-ын хамгийн том зорилт биелэх нь тэр. МАН-ыг нэг гараар зангиддаг хөг нь өнгөрсөн бөгөөд Хотын фракц засаг авсан ч яадаг юм гэж байгаа бол эсэргүүцэж, 16 онд олонх болсон нь хавьгүй дээр гэж үзэж байгаа хэсэг нь давамгай тул засаг авч заваарахгүй л байсан болов уу. Өөрөөр хэлбэл АН-ынхан жоомоо алах гээд гэрээ шатаахыг харж суух сонирхол маш их байсан бөгөөд аль ч тохиолдолд довтлогч тал ялалтад хүрэхгүй байсныг тооцоход буйдангийн улс төрч байхад хангалттай. Х.Баттулгын хувьд М.Энхболдтой хамтын маш том түрийвч байдгийн хувьд сайн ойлголцож ирсэн ч, аль алиных нь хувьд насан туршийн үерхэл биш. Х.Баттулгыг олны ам Жамух шиг уйдамтгай нэгэн гэх бөгөөд бизнесээр хамтарсан хүмүүстэйгээ олон муудаж, олон сайндсан түүхтэй. М.Энхболдыг Ерөнхий сайд болгох сонирхол юунд байсныг тааж хэлэхэд бэрх. Ц.Элбэгдорж Э.Бат-Үүл баатарт амласан байж болох сэнтийд санаархаж байгаа бол З.Энхболд намынхаа залуу улс төрч Х.Тэмүүжинг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулах биш хамгаалах ёстой байсан. Намаасаа зөрсөн хүн яаж ҮЗХ дээр, намынхаа их хурал дээр намайг нэр дэвшүүлээч гэж гуйх гэж байгааг харах л үлдлээ. Зөвхөн албан тушаалд хүмүүсээ байршуулснаар, харьяа агентлагуудаараа дайснаа намнаснаар улс төрд хүчирхэгжинэ гэж бодож байгаа бол эндүүрэл. Монте Кристо хэдий зохиолын баатар ч гэсэн өш хонзон, атаа жөтөөндөө сохроогүй, ухаалаг хөдөлсөн тулдаа л амжилтад хүрдэг. Мөнхийн дайсан гэж байхгүй гэдэг, гол гарах болгондоо гүүрээ шатаагаад байхаар буцах зам нь их тойруу болно гэдгийг ухаармаар даа.
Н.Алтанхуягийг унагаж сөрөг хүчинд засгийн эрх авч өгөх төлөвлөгөөг Ц.Элбэгдорж таслан зогсоож, Н.Алтанхуягийг торгоож үлдээсэн. Шалтгаануудыг дээр дурдсан. Н.Алтанхуяг хариуд нь Ц.Элбэгдоржид 100 хувь итгэж зарим сайдыг огцруулах өртэй юм. Гэхдээ огцруулах ёстой сайдуудын тоонд МҮДН-ын бөө сайд багтсан тул Н.Алтанхуяг маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэгчээр Ц.Элбэгдоржийн дэмжлэгээс МҮДН-ын дэмжлэг дээр гээд амласнаасаа буцсан тул Ц.Элбэгдорж хоёр фронт нээж байлдахаас өөр гарцгүй болсон. Риббентроп-Молотовын пакт ч тодорхой зорилготой байсны адил одоохондоо гурав буюу Н.Алтанхуяг зөвхөн хоёр буюу Энхболдууд+Баттулгатай байлдаж, нэг буюу Ц.Элбэгдоржтой байлдахгүй байгаа тул өөртэй нь байлдахгүй ч үгэнд нь орохгүй байгаа гуравтай нэг бас дайтахгүй. Гэхдээ байнга сандаргаж цочоох үйлдэл хийж байгааг ажвал дарамт шахалтаа аажим аажмаар нэмэх нь гарцаагүй. Хэрэв гурав цаашид нэгийн үгэнд орохгүй, намынхаа, парламентын хяналтын багцыг гартаа оруулчихсан гэж тооцож байгаа бол бас л эндүүрэл. 1+3>2 гэдгийг саяхан баталсан тул 1+2=3 гэдгийг баталж бас чадна. Н.Алтанхуягийн ганц хөзрийн ноён бол АН-ын задралыг Ц.Элбэгдорж эхлүүлэхгүй гэсэн итгэл, гэхдээ хөзөрт тамга гэж нэг юм байдгийг мартах хэрэггүй. Улаан, хар хүнийг энэ удаад дурдах хэрэггүй биз. Х.Баттулгын хувьд олон жил Ц.Элбэгдоржийн түрийвч байсан учир эрхлэх, туних шалтгаан хангалттай бий. Нөгөөх нь ч олны нүдэн дээр “бут авдаг” ч ганцаарчилж уулзахаараа учирлаж гуйдаг биз. 2>1 гэдэг нь үнэн тул байлдсан ч яахав гээд цус гаргахгүй хэвлэлээр жаахан байлдаж, Ц.Элбэгдорж руу дайрсан цахим ертөнцийн зураггүй, “эх оронч” нэртэй байлдагчдаа тавьсныг харж болно. Ихэнх нь энэ оны гуравдугаар сард бий болсон цахим “байлдагчид”. Нэгэнт сум тавьж байгаа тул далимд нь Хятад, Ц.Нямдорж, ЭмСиЭс, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин гээд цогцоор нь харлуулах нь зөв. Г.Батхүү, Д.Зоригт нарыг бага дайрч байна лээ шүү гээд матчихъя. Энэ дайнд хэдхэн хоногийн өмнө зуузай холбож байсан Энхболдууд оролцохгүй байгаа учрыг Х.Баттулга өөрөөсөө асуух хэрэгтэй.
Аливаа биетэд нөлөөлж буй хүчнүүд тэнцүү, чиглэл нь харилцан эсрэг бөгөөд байнга өсөн нэмэгдвэл тухайн биет бут үсрэх тул 2016 он хүртэл Монголын улс төр ийм маягаар явах ямар ч боломжгүй. Х.Баттулгын эвийг олохгүй, ихээхэн гөжүүлбэл дахиж нэг хоёр нэвтрүүлэг хийгээд массыг босгоод ирэх хангалттай нэр хүндтэй. Өөрийнхөө зөв гэдэгт 100 хувь итгэсэн хүн юунаас ч буцдаггүй боловч юу хүсээд байгаагаа өөрөө ойлгоогүй бол өрөөл бусад яаж ойлгох вэ?
Уг нь нэг хоёрын гурав аа гээд нэг зүгт зүтгэвэл 1+2+3 > 1+3-2 болж Монгол арифметикт ойртох юм даа?
Үндэстний Тойм сэтгүүлийн 2014 оны зургадугаар сарын 30-ны дугаарт нийтлэгдсэн
Ali divangaryn yum gehed onoodor ch ach holbogdloo aldaagui niitlel baina. Shine yum bicheechee Sergelen ah aa
ЗӨВ ШҮҮ