Нийтлэл 07 сарын 09, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Ямар бараа, үйлчилгээ албан татвараас чөлөөлөгдөх вэ?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталжээ. Уг хуулийг 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөж эхлэх юм байна.

Хэнд хамаатай вэ ?

Монгол улсын нутаг дэвсгэр дээр бараа худалдан авч, үйлчилгээ авдаг хэн бүхэнд

Үндэслэл шаардлага

Бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор бизнесийг дэмжсэн татварын 2 дахь үе шатны шинэчлэлийг хийж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох.

Юу өөрчлөгдөх вэ?

Одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй бөгөөд татвар төлөгчдөд нэмэлт, татварын дарамт үүсэхгүй.

НӨАТ суутгагчаар бүртгэгдэх борлуулалтын орлогын хэмжээг 50.0 сая болгон нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ААН-ийн хувьд бизнесийн таатай орчин бий болно.

Далд эдийн засгийг бууруулж, татварын бааз суурийг өргөтгөх хүрээнд НӨАТ төлөгч болох эцсийн хэрэглэгчийн худалдан авалтыг бүртгэн урамшуулснаар албан татвар суутгагчийн борлуулалтыг бүртгэх нөхцөл бүрдэнэ 

Хууль

Дараах барааг албан татвараас чөлөөлнө

  • Гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа
  • Монголд байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа
  • Гадаадын ЗГ, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл
  • Улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл
  • Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг
  • Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого
  • Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн
  • Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол
  • Гадаадад захиалгаар хийлгэсэн Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт
  • Борлуулсан алт
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн
  • Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн
  • Банк, ББСБ болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх
  • Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил
  • Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
  • Монголд дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Монголд үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл
  • Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис
  • Импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал
  • Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир
  • Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл
  • Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж
  • Газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний 5 жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл
  • Газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос
  • Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа

Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө

  • Валют солих үйлчилгээ
  • Мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ
  • Даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ
  • Үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ
  • Зээл олгох үйлчилгээ
  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ
  • Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ
  • Орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ
  • Боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Шашны байгууллагын үйлчилгээ
  • Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна
  • Нийтийн тээврийн үйлчилгээ
  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ
  • Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ
  • Оршуулгын үйлчилгээ
  • Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулвал албан татвараас чөлөөлнө. /импортоор оруулахаас бусад/
  • Монголын ЗГ-аас бусад улсын ЗГ, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ

 

Сэтгэгдэл бичих

arrow icon