Нийтлэл 08 сарын 03, 2015

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

Товлосон ёсоор бол өнөөдөр 9 цаг 30 минутаас УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Одоогийн байдлаар 14-ний өдөр хүртэл хуралдах захирамж гарсан.  Яг 4 сарын өмнө Ерөнхий сайдын Тавантолгойн тухай мэдэгдлийн эсрэг Их хурлын дарга сөрсөн базаа хийж, Ардчилсан намын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын удирдлага хоорондын хагарал олноо ил болсон. Тавантолгойн төслийн хувьд З.Энхболд даргын талд туг өргөгдөж, төсөл мартагдах, замхрах шатандаа ороод намартай золголоо. Харин ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр захирамжилсан эхний асуудал болох Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах (чөлөөлөх), томилох тухай, нэг үгээр МАН-ыг кабинетээс гаргах асуудлаар өнгөрсөн Баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн байр суурин дээр зогсож, намын дарга, ЕС хоёр нэг гарт байх ёстой гэж мэдэгдсэн нь түүний рэйтингэд эерэгээр нөлөөллөө. Гэхдээ спикер мөн л том толгойлж, өнгөрсөн хагас бүтэн сайнд ҮЗХ-ыг зарлан хуралдуулсангүй. Ингээд нэг бол дэгийн тухай хуулиар өргөн баригдаагүй асуудал хэлэлцэхээр оруулсан З.Энхболдыг огцруулах, эсвэл Дубайд гэрээ зурсан энээ тэрээхэн шалтгаанаар Шийдлийн ЗГ-ыг МАН-тай юутай хээтэй нь огцруулах асуудал ээлжит бус чуулганаар орж мэднэ.  Одоо Алтангадас фракц хаашаа хөдлөхөөс их зүйл хамаарах болов уу.  Наадмын өмнөхөн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж мэдэгдсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй Сайханбилэг ЕС-ийн талд өргөх үү, Н.Алтанхуяг атаман нь өнгөрсөн 11 сард өчиггүй авахуулсан өс санаж З.Энхболдын гарт намыг ч кабинетийг ч өгөхийг бодох уу? Намын удирдлагууд ийн хөл толгой нь олдохгүй зөрчилдөх дунд бусад гишүүдийн ирц хүрэхгүй, их санасан газар есөн шөнө хоосон хуулиа ч хэлэлцэхгүй, хэнийгээ ч үзэхгүй тарах магадлал ч бий. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд аль аль тал нь санаатай байж болох, энэ удаа хэн нь хэнтэйгээ нийлж, хэнийгээ нам дарж авах эсэхээ үзэх зодоон өрнөж байж мэднэ. Хөшигний ард ямар найруулга өрнөж байгааг таахад одоогоор эрт байна. Юутай ч одоогийн байдлаар ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхээр өргөн баригдаад байгаа хуулиудын талаар мэдээлэл хүргэе. 

 

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар эндээс
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар эндээс болон эндээс
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийн талаар эндээс болон эндээс, мөн эндээс

 

Сэтгэгдэл бичих

arrow icon