Нийтлэл 08 сарын 04, 2015

Шатахууны үнэ шалдаа буучлаа штэ

Өнгөрсөн оны намраас эрчимтэй унаж эхэлсэн  түүхий нефтийн үнэ  энэ оны 3 дугаар сарын  сүүлээс эргээд бага зэрэг нэмэгдэж байсан ч  өчигдрийн байдлаар нэг баррель нь 45,8 доллар болж, гуравдугаар сарын 17-нд тэмдэглэгдсэн хамгийн доод үнэ 43,88 долларт дөхөж ирлээ. Энэ нь  2014 оны 6 сартай харьцуулахад даруй 2,4 дахин бага, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр батлагдсан 2012 оны сүүл,  АИ-92 регуляр бензиний үнэ 1660 дээр мөнхрөх бумбандаа буусан 2013 оны эхэн үеэс  бараг хоёр дахин хямдарсан дүн. Түүхий нефтийн үнэ хоёр дахин хямдарсан ч тээвэр, гааль, ханшийн зөрүү бодогдоно, манайд шууд хоёр дахин хямдрах боломжгүй. Гэхдээ 1550, 1660, 1790 дээрээ батарей нь дууссан цаг мэт  таг гацах нь бас хачин жигтэй.  

 

Бензиний үнийг тогтвортой барьж байхын тулд Уул уурхайн яам, Монголбанк хоёр гар нийлж, хямд доллар зээлүүлэх гэрээ байгуулагдсан нь 2012 оны 10 дугаар сар.  Энэ үеэр зурсан  А/171-146 дугаартай тушаалд жил орчмын дараагаар 2013 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхайн яамны сайдын хамтарсан тушаал гарч, журамд шинэчлэлт орсон байдаг.  Дэд хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай А 187/183 тоот уг тушаалд 3 сонирхолтой заалт бий.

  • Нэгд, бензиний үнийн өөрчлөлтийн шалтгаан, үнэ бүрдэлтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх
  • Хоёрт, Шатахууны хилийн үнийн өсөлт, ханшийн өөрчлөлтийг борлуулалтын үнэд 6 сарын дотор шингээх
  • Гуравт, Шатахууны хилийн үнийн өсөлт, ханшийн өөрчлөлтийг жижиглэнгийн үнэд зөвхөн Монголбанкны зөвшөөрлийн дагуу шингээнэ. 

 

Нэгдүгээр заалтын хувьд Уул уурхайн яаман дахь 2014 оны 7, 8 сарын үнэ бүрдэлтээс өөрөөр журмын дагуу  олон нийтэд мэдээлсэн мэдээлэл харагддаггүй.  Үнийн өөрчлөлтийн шалтгааныг мэдээл гэхээр, өөрчлөгдөхгүй гацаж байхаар  мэдээлэхгүй байж болно гэсэн үг юм  уу, бүү мэд. Энд гаргасан тооцоогоор АИ-92 гэхэд хилийн үнэ 620 доллар буюу 2012 оны есдүгээр сарын хагас орчимтой тэнцэж байхад улсын татварууд болон ААН ашгаас бусад өртөг 1100 орчим төгрөг болохоор харагдаж байгаа.

Хоёрдугаар заалтын хувьд, их зальжин, хилийн үнэ өсвөл 6 сарын дотор багтааж дагуулан өсгөхөөр журамлангуутаа хилийн үнэ буурвал яах тухайг хар дээр цагаанаар бичилгүй орхих ухаан гаргасан байгаа юм. Түүхий нефтийн үнэ унаж эхлээд жил тойрох гэж байна.  Үнэ тогтворжуулна гэдэг нь өсөх чиглэлийн эрсдэлийг зохицуулах хөтөлбөр, буурах өөрчлөлтийг зохицуулахгүй, тогтворжуулах хөтөлбөр дуусан гэвэл тогтворгүй байх эрх чөлөө олсон бензиний үнэ өдийд  бууж баймаар.

Гурав бол зах зээлийн үнэд төр орооцолдоно, дээр нь нэмээд мөнгөний бодлого барих ёстой Монголбанк гүйцэтгэх засаглалтай хүзүү сээрээ холбож, бүр бодлогын гарын үсгийг нь атгах болсон нэг жишээ.  Энд бас хилийн үнэ буурахаар хэн нь шийдэх тухай оруулаагүй, анх хөтөлбөр 3 жилээр батлагдсан ч энэ оны эхээр чимээгүйхэн дуусгаж хилийн үнээс гарах ашгийг татварт авна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Монголбанкны уг хөтөлбөрийн явцтай холбоотой мэдээлэл  2014 оны 1 сараас хойш шинэчлэгдээгүй.  Үнэ тогтвортой байгаад байхыг бодоход хөтөлбөр дуусаагүй мэт, улмаар журам дүрэм нь хүчин төгөлдөр хэвээр бол хилийн үнийг хэзээ шингээхийг  Монголбанк мэдэх ч юм шиг.  Мөнгөний бодлого, Засгийн газар, зах зээл гурав орооцолдсон энэ зангирааны хаана үнэ гацаж байгаа нь сонирхолтой. Хаана ч гацаж байсан олон нийт чимээгүй байгаад байвал засаг бол татвар авч байгааг хэлэх үү, сонгууль дөхөж байгааг хэлэх үү ийм сайхан улс төрийн хөзрийг тамга болтол нь дарна. Ер нь  2014 оны сүүлээс мөнөөх  идэвхийлэн тогтворжуулахаар дайлсан “үнэ” –ээ ярихаа больсон. Жишээ нь МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ 2014 -д

“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр SIFS”-ийн хүрээнд 2012 онд ОХУ манай улсын импортод 92 хувийг эзэлдэг байсан бол дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 77 хувь болж 15 нэгж хувиар буурсан. Түүнчлэн “Роснефть” компаниас авах импортын хувийн жинг 2-3 дахин бууруулж 30 хувьд хүргээд байна.

гэжээ. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр маань гол нь хувийн жинг бууруулах хөтөлбөр болж  биелсэн байх нь.

 

Хилийн үнэ өдий хэмжээнд буурч байхад үнэ яаж бүрдэж байгааг мэдээлэх, хилийн үнэ буурахад жижиглэнгийн үнэд хэн хэрхэн шингээхтэй холбоотой журам байдаг бол хэрэгжүүлэх шаардлага тавьцгаамаар байна. Шилэн засаглалын эрин бус уу?! Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ чуулганд тогтворжуулах хөтөлбөрөөс гарсан,  цалин тэтгэвэрт ногдуулна гэж нийтэд мэдэгдсэн ч үнэ тогтвортой, бусад юмны үнэ улам үнэд орж орлого багатай өрхүүд туйлдаж байна. Татвар авлаа ч нэг өдөр унах бээнз тоёта, шээдэг гүүр гэх мэтэд зарж байдаг юм бол төсвийн орлого болгож байх хэрэг ч алга. Хэн ч нь зурлаа, хилийн үнийг хэрэглэгчдийн төлдөг үнэд бүрэн биш гэхэд хэсэгчлэн тусгах цаг болсон. Ер нь анхнаасаа үнэ тогтворжуулах чинь   нэг л үнэ мөнхөд тогтвортой, нөгөө хэд нь дүүлэн нисэж байхыг хэлэх юм гэж хэн мэдлээ...

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-06

    shaldaa buugagui l bna da. orosod buugad bhad manaid hewereere

    • Зочин
    • 2015-08-06

    Stooo goyo chuhal sedew tsaash m sai n uhaj bich amjilt olno shuu

    • Зочин
    • 2015-08-05

    tsalin hols heden jildee oligtoi nemegdeegui bhd benzinii une hedhen jiliin dotor hed dahin osson shuu dee. odoonii une hurtel ondor ortogtei sanagdaj bhd yuun shaldaa buulaa gj

arrow icon