Нийтлэл 08 сарын 05, 2015

Уран олборлох, ашиглах гэрээний ард

Өнгөрсөн зургадугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг Францын "Areva" компанийн хөрөнгө оруулалттай "Кожеговь" компанид олгосныг олон нийт төдийлөн анзаарахгүй өнгөрөөх шиг болов. Цөмийн Энергийн газар татан буугдсан тул  Ашигт малтматын газар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэх агаад  АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа "Кожеговь" ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн тухай мэдээ Ашигт малтмалын газрын хуудаснаа зураг хөрөгтэйгөө мэдээлэгдсэн. Ингэснээр хайгуулын 49 лицензийн 27-г, ашиглалтын 5 лицензийн 3-ийг Арева групп эзэмших болсон аж.

Ийн лиценз гардуулахаас яг жил орчмын өмнө  Улаанбадрах суман дахь гүний усны хордлого, нөхөн сэргээлт, малчдын бухимдал эсэргүүцэл тойрсон ширүүн маргаан, эсэргүүцэл, тэмцэл ид өрнөж, хэвлэл мэдээллээр трэнд болж байсныг санах нь санаж, мартах нь мартсан байгаа байх.  Энэ жил харин  Чех, Япон, Франц зэрэг орнуудтай  цөмийн энергийн хамтарсан компани байгуулах, үүнээс 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших  ажлууд зөв зүгээр энх тайванч гэгч нь хийгдсэн нь сонирхолтой. Мөнгө авах гэж жагсдаг, өгчихвөл дуугүй болчихдог гэдэг нь энэ юм болов уу?

Энэ удаагийн гэрээ хийгдсэн цаг хугацаа мөн анхаарал татна. Лицензийг 6 дугаар сарын 12-нд буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийж, үг хэлснээс 2 хоногийн дараа гардуулж өгчээ. Бас тэрээр уг үйл явдлаас нэг сарын өмнө Японд айлчилж, Абэ ерөнхий сайдтай уулзаж ярилцаад ирсэн.  Уран экспортлогч орнуудын хувьд  аюулгүйн хамгаалалт арга хэмжээний гэрээгээр заагаагүй бол заавал хаягдлыг буцаан авах үүрэггүй, бүх зүйл гэрээнээс хамаарна. Ерөнхийлөгч олны хардлага туйлдаа хүрсэн үймээнээр Монголын газар нутаг дээр хэзээ ч цөмийн түлшний хаягдал булахгүй гэж ам өчиг өгсөн улс төрч, энэ амлалтаа зөрчих гэрээ яриа хийгээгүй нь лав. Гэхдээ манай улстай хамтран ажиллахаар яригдаж байгаа талуудад дотооддоо цөмийн хаягдлын олон асуудалтай орнууд байгааг мартаж болохгүй. Лиценз гардуулж өгснөөс хэд хоногийн дараа Оосакад Япон, АНУ-ын тал хамтран цөмийн түлшний хаягдлыг Монголд гаргах нууц төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа гэж үзсэн Монгол судлаач багш, иргэдийн семинар болсон. Семинарын тухай нарийн тодорхой мэдээлэл байхгүй тул хий хардлага уу, гайгүй сайн мэдээлэл судалгаа юм уу одоогоор хэлж мэдэхгүй.  Дотооддоо ДНБ-ий өсөлтөд улстөрийн нэр хүнд нь уяатай, өсгөе гэвэл эрчим хүч хямд байх ёстой, хямд байхын тулд цөмийн энергиэс татгалзах аргагүй, хэрэглье гэхээр цөмийн хаягдлыг нь хүлээж авах муж олдохгүй маягийн хэцүүхэн ацан шалаанд орсон Абэ ерөнхий сайдын хувьд сүүлийн хэдэн жил бусад оронтой цөмийн эрчим хүчний талбарт хамтран ажиллах, улмаар нутагт нь багтаж шингэхээ байсан хаягдлыг гаргах боломжийг тууштай эрэлхийлж буй. Манайхыг лиценз гардуулахаас 2 сарын өмнө  яг энэ компаниуд буюу Арева, Мицүбишитэй хамтран 2017 онд цөмийн эрчим хүчний станц барих гэрээг Туркийн парламент баталж, байгаль орчны төлөөх ТББ болон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалууд гарсан. Түүнээс гадна манай улс 2009 онд баталж энэ оны хоёрдугаар сарын 13-нд шинэчлэн наруулсан Цөмийн энергийн тухай хуулиндаа тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх боломжтой үйл ажиллагааны жагсаалтад “цацраг идэвхт хаягдал булшлах” гэж төрөлтэй, түүнийг зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ гэсэн заалттай байдаг.  Тэгэхээр төрийн тэргүүний хувьд хэзээ ч булахгүй гэсэн амлалт, тусгай зөвшөөрөл олдоод булшлах боломжийн аль нь давамгайлах, өөрийн орны цацраг идэвхт хаягдал гэдэг нь өөрийн орноос экспортлогдоод эргээд ирж байгааг хэлэх үү хэлэхгүй юу, Монголын засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа компаниас экспортлохоор яах уу гэх мэт хуульч, мэргэжлийнхний шүүмж хэрэгтэй олон асуулт урган гарна. Доорх зүйл заалтыг харахаар импортлож, экспортлож, тээвэрлэж, хаягдлыг булшлах боломжтой ч юм шиг, хаягдлыг гэдэг нь экспортлох гэсэн өмнөх хэсэгт хамаагүй гээд интерпретац хийчиж болохоор ч юм шиг.  Хууль гэдэг утгын ертөнц, өчигдөр бичсэнчлэн хилийн үнэ өсөхөд бензиний үнэд 6 сарын дотор шингээнэ гээд буурахад яахыг огт тусгахгүй орхичихсон байгаа шиг зориуд салаа интерпретац хийх боломжтой байдлаар найруулах нарийн ухаан гаргаж мэдэх л улс. 

15.2.3.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх. 

Цацраг идэвхит эрчим хүч олборлодог юм уу ашигладаг  50 орчим орноос зарим нь хаягдал түлш агуулах боломжгүй гэгдэх агаад радио идэвхээсээ хамаараад 100-1 сая жил цацраг  идэвхээ хадгаладаг хаягдал түлшийг хаана, хэрхэн хадгалах талаар нэгдсэн практик шийдэл одоогийн байдлаар олон улсад олдоогүй байна. Манай улсын хувьд уран ашиглалтын хамтарсан компанийн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшихээс бусдаар ямар нөхцөлтэй хамтын ажиллагааны хэлбэр яригдаж байгаа талаар одоогоор тодорхойгүй. Ерөнхийдөө газарзүйн хувьд цөмийн хаягдлыг аюулгүй булшлах боломжтой юм бол зөв бурууг  нэгмөр шийдэх хэмжүүр байхгүй, бидний хүсэл сэтгэл мэднэ.  Эдийн засгийн орлогыг илүүд үзвэл аюулгүй шийдэл үнэхээр байгаа бол ашигтай бизнес хийж болно, гэхдээ газар нутгаараа гангардаг орны хувьд үндэстний бахархал, нутгаа хайрлах сэтгэл гэх мэт эдийн засгийн бус утгаараа их төлөөс төлөхөд хүрнэ. Алийг нь ч сонгох эрх ард түмэнд бий, харин сонгох боломж, мэдээлэл, коммюникацыг дутаахгүй байх нь гол.  

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-06

    “цацраг идэвхт хаягдал булшлах” гэж төрөлтэй, түүнийг зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ гэсэн заалттай байдаг. гэж бичсэн байна энийгээ хэддүгээр зүйлийн хэддүгээр заалт гэдгээ хэлдээ олохгүй байхын

    • Зочин
    • 2015-08-06

    odoo chin 21r zuun bolson baina ain. busad ornuud ashiglaad bhad. gantshan manaih ashiglaj boldgui yatsan horwoo we

arrow icon