Нийтлэл 08 сарын 21, 2015

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий юу? (2)

      Өмнөх нийтлэлээр (энд дарж уншина уу!) Монголын байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулах зайлшгүй шаардлага тулгарч буйг, хэрэв дотоодын зах зээлээр дамжуулбал улс орны эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой талаарх асуудлыг хөндөж бодит баримтаар баталгаажуулсан. Тэгвэл энэ удаад хөрөнгийн зах зээл хөгжвөл нийгмийг эрүүлжүүлэхэд ямар ач тустайг хөндье. Хөрөнгийн зах зээлийн хөгжил авилгыг хэрхэн хазаарладгийг хэлэлцье.

 

Авилга хээл хахууль яагаад өсөөд байна вэ?

Авилгын мөнгө төсвийн мөнгө. Төсвийн мөнгө иргэдийн мөнгө. Миний таны хөлсөө дуслуулан байж олсон цалингаас авдаг татварын мөнгө.

Жишээ нь, төрийн өмчийн компаниудад хэдэн тэрбумаар шахаа хийдэг тухай бид бишгүй л ярьдаг. Тэгвэл тэрхүү шахааны бүтээгдэхүүнийг худалдан авч буй мөнгө хэний мөнгө вэ? Төсвийн мөнгө. Иргэдийн мөнгө. Миний, таны мөнгө.

2014 оны байдлаар Transparency International-ээс гаргасан авилгын индексээр бид 39 оноо авч. Уг индекс нь 0-100 хооронд утга авах ба 0-рүү дөхөх тусмаа авилга ихтэй, 100-руу дөхөх тусмаа авилга багатай гэж үнэлдэг байна. Тэгвэл 39 оноо гэдэг авилга ихтэй орны тоонд орох нь. Тодруулбал, бидний татварын мөнгөний дийлэнхийг бидний хяналтгүйгээр бас тийм ч үр ашигтай зүйлд зарцуулалгүйгээр хуваарилалт хийж байна гэсэн үг. Эндээс асуулт эхэлнэ. Таны мөнгийг таны хяналтгүйгээр зарцуулахыг зөвшөөрөх үү? Сарын цалингаа авчхаад огт танихгүй хүнд та банкны картаа өгөх үү? Мэдээж үгүй. Тэгвэл та хүүхдэдээ хүссэн юм аа ав гээд өгөх үү? Магадгүй л юм. Гэхдээ ардаас нь хянана.

Гэтэл таны татварын мөнгөнөөс бүрдсэн төсвийн мөнгийг таны огт мэдэхгүй нэгэн даргын гарын үсгээр авилгын хэрэгсэл болгож, үр ашиггүй зарцуулж байгааг бид хүлээн зөвшөөрч болно гэж үү? Би татвар битгий төл гэж байгаа юм биш. Төлөх ёстой. Үгүй бол бие өвдөхөд эмнэлэг байхгүй, хүнд дээрэмдүүлэхэд цагдаа байхгүй, бусдад хулхитуулахад шүүх байхгүй, гамшиг болоход тусламж байхгүй, хүүхдээ сургахад сургууль байхгүй болчихно. Иймээс татвар төлөх учиртай. Гагцхүү тэр мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянах боломж бидэнд байх ёстой. Бүх зүйл ил тод байх ёстой.  Тэгвэл хэрхэн хяналт, хариуцлагын сайн тогтолцоог бүрдүүлж ил тод болгох вэ?

 

Хяналт, хариуцлагын тогтолцоо сайн байвал...

Хяналт, хариуцлагын тогтолцоо сайн байвал авилгаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлж чадна. Илрүүлэхдээ баримт нотолгоогоо сайн бүрдүүлж чадна. Баримт нотолгоо сайн байвал зохих ял шийтгэлийг нь оноож хариуцлагаа тооцно. Эцсийн бүлэгт хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулж авилгыг хазаарлана гэдэг микро түвшинд бидний хөрөнгийг хамгаалж буй хэрэг. Зарцуулалтыг нь үр ашигтай болгож буй үйл ажиллагаа. Харин макро түвшинд улсын хөгжлийн түргэсгэж буй бодлогын асуудал. Тэгвэл сайн хяналт, хариуцлагын тогтолцоог хэрхэн бий болгох вэ? Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд лав биш...

Хэрхэн төсвийн зарцуулалтыг ил тод болгох вэ? Эрх мэдэлтнүүдэд авч буй авилгыг хэрхэн илрүүлэх вэ? Монголын баялгийг барьцаанд тавьж босгосон Чингис бонд шиг олон тооны бондын мөнгийг авилгын үүр уурхай болгохгүйн тулд бидэнд ямар систем хэрэгтэй вэ?

 

Хөрөнгийн зах зээл авилгыг хазаарлаж зах зээлийг цэвэршүүлдэг

Өндөр хөгжсөн орнуудын зах зээлд хөрөнгө оруулагчид итгэдгийн гол шалтгаан нь тэнд бүх зүйл ил тод байдаг. Бүх зүйл хяналт дор оршдог. Асуудал гарвал хариуцлага тооцох эрх зүй нь чанга байдаг. Жишээ нь, тендерт ялахын тулд авилга өгсөн компанийн үйлдэл хөндлөнгийн аудитаар орох явцад илэрнэ. Аудитууд материаллаг алдаа ихтэй, мэдээлэл нь дутуу, дүгнэлт өгөх боломжгүй гэвэл тэр компанийн хувьцааг эзэмшиж буй олон мянган хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдөж хувьцааны ханш унана. Асуудал хоромхон зуур хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж асуудал хөрөнгө оруулагчдын бус нийгмийн асуудал болно. Эцэстээ авсан болоод өгсөн нь хоёулаа тодорхой болж хариуцлага хүлээдэг. Удирдлага ажлаасаа халагдаж хариуцлагаа нэмж үүрнэ. Дарга тушаалаасаа бууж хариуцлага хүлээнэ.

 

Монголд авилгыг бүрэн биш ч гэлээ хэсэгчлэн бууруулъя гэвэл...

  • Төрийн өмчийг хувьчлахдаа бүгдийг нь биржээр дамжуулъя. Энэ талаар “Төрийн өмчийг түмэнд нь” сэдэвт нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.
  • Хөгжлийн банкны дансаар дамждаг Чингис, Самурай, Дим Сам ....гэх мэт бондуудын зарцуулалтыг банкуудаар бус хөрөнгийн зах зээлээр дамжуулдаг болъё. Энэ талаар “Хөрөнгийн зах зээлд хөгжлийн сан байгуулъя” сэдэвт нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.
  • Төв банк нь ЗГҮЦ-ны арилжааг МХБ-ээр хийдэг жишгийг тогтоож, тасралтгүй үргэлжлүүлсээр байя. Хүү нь буурч төсөвт үзүүлэх дарамт ч буурна. Эцсийн бүлэгт биднээс бүрдүүлдэг татварын мөнгө хэмнэгдэнэ.
  • Цаашлаад улсаас тендер авч ажил гүйцэтгэдэг компаниудаа хувьцаат компани болгоход анхааръя.

Хөрөнгийн зах зээл бол авилгыг хазаарлаж, таны татварын мөнгийг үр ашигтай зарцуулж, авилгын үүр уурхай болгохгүй байхад чухал үүрэг гүйцэтгэх санхүүгийн зах зээл юм. 

Хөрөнгийн зах зээл бол олон нийтийн ил тод зах зээл. Олон нийтийн ил тод зах зээлд хяналт хүчтэй, хариуцлага чанга байна. Мэдээж хөгжсөн хөрөнгийн зах зээлд шүү дээ. Иймээс л хөрөнгийн захыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon