Соошил медиад гадаадын иргэдэд тулган шаардсан өнгө аястай, сайн яривал улсын нэр хүндийг уландаа гишгэсэн нэгэн сурталчилгааны зураг трэнд болоод байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх барилгын ажлын явцтай танилцсан юм. Энэ үеэр хэд хэдэн зөрчил илэрсний нэг нь дээрх сэтгүүлийн сурталчилгаа байжээ.
“Хүннү лорд” хэмээх компани гадаадын зорчигчдод Засгийн газар, Нийслэл, Гааль, Хил хамгаалах, УИХ-ын логотой, 160 долларын үнэтэй сэтгүүл худалдан авахыг шаардсан танилцуулах материал тарааж байсан нь илэрсэн байна.
Угтаа манай улс “ITB Berlin”-ий хамтрагч орон болж, 2020 он гэхэд 1 сая жуулчныг татах зорилго тавин ажиллаж байгаа билээ. Жуулчдад ээлтэй орон болохын тулд шинэ нисэх буудал, нэмэлт агаарын замыг бий болгож, олон улсын сүлжээ зочид буудлуудыг ч ихээр оруулж ирж байна. Гэвч улс руу нь дөнгөж нэвтэрсэн жуулчдыг захиран тушаасан шинжтэй, улсын нэр төрд халдсан энэ мэт сурталчилгаагаар угтах нь хэр зөв бэ? Засгийн газар, Нийслэл, Гааль, Хил хамгаалах, УИХ-ын логог хэн дуртай нь хаа дуртай газраа тавиад гадна дотнынхныг дээрэмдээд байж болдог юм уу?
Хилээр дөнгөж нэвтэрмэгц Чи, гадаадын иргэн яаж ч бодсон “Аccess” сэтгүүлийг худалдаж авах ёстой! гэх сүрдэм гарчигтай сурталчилгаа таныг угтаж авах болно. Хэтрүүлэн хэлбэл учир мэдэхгүй гадаадын иргэдийг тулган шаардаж байгаад дээрэмдэж буйтай ялгаагүй мэт санагдана. Мөн Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэмээн бичсэн байгаа нь тухайн улсын талаар ямар ч мэдлэггүй тэдний хувьд энгийн нэг сурталчилгаа бус дүрэм журам мэтээр ойлгогдох нь тодорхой бизээ.
Харин тараах брошурын ар талын хэсэгт Монгол улсын аялал жуулчлалын хуулийн хоёр заалтыг иш татжээ. Эхний мөрөнд аялал жуулчлал гэдгийг тодорхойлсон байгаа бол хоёр дахь мөрөнд “Хэрэв Монголд амьдрах санхүүгийн чадваргүй нь тогтоогдвол Монголоос буцаана” гэсэн заалтыг бичсэн байв. Үүний яг доохон талд “Чи, гадаадын иргэн яаж ч бодсон “Аccess” сэтгүүлийг худалдаж авах ёстой! ” гэсэн өгүүлбэрийг бичсэн нь дээрх заалтыг яах гэж оруулсныг нь тодорхойлоод өгөх шиг болов. Өөрөөр хэлбэл та энэ сэтгүүлийг худалдаж авахгүй бол Монголд амьдрах санхүүгийн чадваргүй хэмээн үзэгдэнэ гэх сэтгэгдлийг жуулчдад төрүүлэхүйц байгаа юм.
Монгол улсын хууль, дүрэм журам ямар байдгийг мэдэхгүй гадаадын иргэдэд дээрх гурван сэтгэлзүйн дайралтыг хийж, уг сэтгүүлийг худалдан авахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа нь дээрэм хийснээс ялгаа юун.
Арай л дэгстүүлж байна гэж бодож байвал. Арай эвтэйхнээр орчуулах гээд үзье л дээ. “Гадаадын иргэн та ямартай ч “Access” сэтгүүлийг худалдан авбал зохилтой” (cанал болгох журмаар шүү) Маш эелдгээр ингэж уншиж болох л юм. Гэвч төрөлх Англи хэлтэй хүн ч өөрт нь ийн найр тавьж байна гэж унших нь юу л бол.
Уг компанид зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд тушаал болгосон. Гэвч тодорхой хугацаанд үргэлжилсэн энэ үйлдэл олон улсын зорчигчдод засгийн газартайгаа нийлж дээрэм хийж байна гэх буруу ойлголт төрүүлэхээр байгаа юм.
Аль ч улсад энэ мэт сурталчилгааг санал болгох журмаар, олон сонголттойгоор тараадаг. Гадаадын жуулчдад зориулж гаргаж буй сэтгүүл гэхэд наад захын энгийн өгүүлбэрээ зөв зохистой илэрхийлж, бичиж чадахгүй байна гэдэг ичмээр. Энэ бүхнийг хараад засаж залруулах боловсон хүчин ч алга гэж бодохоор эмгэнэлтэй.
Зар сурталчилгаа, тараах материалыг хянах, засаж залруулах ядаж л зөвшөөрөл олгосон бол олгогдсон эрх үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь эргэн нэг хянадаг болмоор.
Нэг хэсэг нь жуулчдыг татах, тэдэнд ээлтэй улс болохоор зүтгэж байхад нөгөө хэсэг нь тэднийг “үргээх”, “хөөн зайлуулах” ажиллагаа эрхэлж байна. Үүднээсээ эхтэй хөгжил, дэвшил манай наад захын үйл ажиллагаанд ч алга.
Ийм байхад хэн биднийг зорьж ирэх вэ? Яаж жуулчдаа нэг саяд хүргэх вэ?
БОЛЬЁ ОО