Хиллари Клинтон бол Төрийн нарийн бичгийн дарга, Нью-Йоркоос сонгогдсон сенатаар ажиллаж, АНУ-ын Тэргүүн хатагтай, Арканзасын тэргүүн хатагтай ч болж байсан нэгэн. Тэрээр хүний эрхийг дээдлэхийг л эрхэм зарчим, зорилгоо болгосоор ирсэн. Тухайн хүн эрэгтэй, эмэгтэй, ижил хүйстэн, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн тэгш эрхтэй байх ёстой гэж тэр үздэг. Тэр дундаа хүүхдийн эрхийн асуудлыг ноцтой авч үздэг бөгөөд үүнийхээ хүрээнд ч олон ажлуудыг нэр төртэйгөөр гүйцэтгэж байсан юм.
Хиллари Клинтон Иллинойсын энгийн л нэгэн дундаж гэр бүлд төрж өсчээ. Сургуулийнхаа хажуугаар ээжээрээ хичээл заалгадаг байсан тул Иелийн их сургуулийн хуулийн сургуульд амжилттай элсэж орсон байна. Яг энэ цаг мөчид түүний нөхөртэйгөө танилцсан түүх өрнөдөг.
Нэгэн өдөр Билл Клинтон Йелийн их сургуулийн номын санд сууж байлаа. Маш олон хүнтэй тус танхимд нэг л охиноос хараагаа салгаж чадахгүй байсаар түүндээ баригдаж билээ.
Ухаан алдмаар сайхан нүдтэй тэр охин өөдөөс нь алхаж ирээд “Чи надруу ингэтлээ ширтээд л байвал би ч ширтээд л байна шүү. Ингэхийн оронд илүү сайн танилцаж болох юм. Намайг Хиллари Родам гэдэг” гээд хэлчхэв.
Үүнийг сонссон Билл хариу ч хэлж чадалгүй өнгөрч байлаа. Тэрээр Хилларид хоёр ч удаа гэрлэх санал тавьж байсан. Анх 1973 онд хуулийн сургуулиа төгсөөд тэд Европ руу явсан юм. Энэ нь Хилларигийн хувьд анхны аялал байсан төдийгүй Эннердалийн эргээр зугаалж явахад нь Билл түүнд гэрлэх санал тавьсан юм. Гэвч Хиллари “Би чамд хайртай. Гэхдээ надад цаг хугацаа хэрэгтэй” гэж хэлээд татгалзаж байжээ.
Хиллари Клинтон Хуулийн сургуулиа төгсөөд Нью Йорк эсвэл Вашингтон хотын том хуулийн фирмд ажиллахын оронд Хүүхдийн батлан хамгаалахын санд ажилд орсон байна. Ажлынхаа хүрээнд Массачусетсийн Нью Бедфордод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах сургууль дутмаг байгааг олж судалсан байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгоход нь туслах түүхэн хууль тогтоомжийг батлуулахад ч чухал хувь нэмэр оруулсан.
Ерөнхийлөгч Никсоны конгрессын хорооны хуульчаар ажиллаж байгаад ядуу иргэдийн төлөөлөл болох хууль эрхзүйн клиник байгуулахаар Арканзас руу нүүсэн байна. Ийнхүү тэрээр Арканзасын хүүхэд, гэр бүлийн өмгөөлөгчдийн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Арканзаст ирсний дараа Билл ахин гэрлэх санал тавив. Хилларид нэгэн даруухан улаан тоосгон байшин маш их таалагдаж л дээ. Чухам Билл үүнийг нь анзаарч, түүнд зориулж уг байшинг худалдаж авав. Тэгээд “Би энд ганцаараа амьдрахыг хүсэхгүй байна. Чамайг надтай гэрлэнэ гэж найдаж байна” гэхэд нь л Хиллари зөвшөөрсөн хариулт өгчээ.
Ийнхүү Арканзасын тэргүүн хатагтайн хувьд эрүүл мэндийн халамжийн үйлчилгээ болон боловсролын стандартыг сайжруулахаар голчлон ажиллаж байлаа. 1980 онд Челси охин нь төрснөөр тэр хувийн амьдралдаа анхаарч эхэлсэн байна.
Билл Клинтон 1992 онд анх Ерөнхийлөгч болж байсан бөгөөд 1996 онд ахин сонгогдож байжээ. Тэргүүн хатагтай байх хугацаандаа Хиллари эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхээр зориг шулуудсан юм. Учир нь тэрээр айл өрх боломжийн үнээр эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг авах эрхтэй гэж үзэж байлаа. Тэрээр найман сая хүртэлх тооны хүүхдийг хүүхдийг эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамруулж, хүүхдийн даатгалын хүүг бууруулах ажлыг ч амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Бушийн дараах 8 жилд Хиллари АНУ-ын байр суурийг дэлхийд сэргээхээр зорив. Энэ үед Бүгд найрамдах намын хуучин төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер түүнийг “би хэзээ ч төрийн албыг ийм үр ашигтай замаар ажиллаж байхыг харж байгаагүй” хэмээн үнэлсэн байдаг.
1995 онд тэрээр НҮБ-ын дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хуралд АНУ-г төлөөлөн оролцож “хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” гэсэн хүчирхэг илтгэлээ тавьсан билээ. Үүгээрээ дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх олон улсын хөдөлгөөнийг эхлүүлж, эмэгтэйчүүдийг уриалж чадсан юм.
2000 онд Хиллари Нью Йоркоос анхны эмэгтэй сенат болон нэр дэвшиж сенатад сонгогдож байлаа. 2001 оны 9-р сарын 11-нд болсон халдлагаар Нью Йоркыг дахин босгох болон нутгийн хүмүүсийг эрүүл мэндийн тусламжаар хангахад Хиллари голлох үүрэг гүйцэтгэсэн
байна.
Конгресс жижиг хот тосгон болон хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадахгүй байхад Хиллари зүгээр хараад хойш суусангүй. Тэрээр Нью Йоркт eBay-тай цоо шинэ түншлэлийг эхлүүлж, орон нутагт онлайн худалдааг эхлүүлэхээр технологийг салбарын жижиг бизнесүүдийг дэмжиж, тэднийг бичил зээл, сургалтын хөтөлбөр зэргээр хангаж байлаа. Түүнчлэн “Фермээс сэрээ рүү” хөтөлбөрийг эхлүүлж Нью Йоркын фермерүүдийг ресторан, сургууль, коллеж, их сургуульд бүтээгдэхүүнээ худалдаалах боломжоор хангаж өгсөн юм.
2008 онд Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд сонгогдоогүй ч Ерөнхийлөгч Барак Обама түүнийг төрийн нарийн бичгийн даргаараа томилсон юм. Хиллари Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг авахын төлөө эвсэл байгуулж байсан бөгөөд үүний ачаар Израиль болон Хамас бүлэглэлийн дунд гал зогсоох гэрээг хийж байсан түүхтэй.
Түүний гол баримталдаг зүйл бол дэлхий даяарх залуу хүмүүс, ижил хүйстнүүд, охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх, интернетийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх юм.
2014 онд тэрээр өөр нэгэн шинэ албан тушаалд очсон нь Шарлотт Клинтон Мезвинскигийнхээ эмээ байв. Ийнхүү тэрээр хэсэг хугацаанд гэр бүлдээ анхаарал хандуулсныхаа дараа 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байна.
Сонгуулийн кампанит ажлаараа тэр айл өрх бүрээр дамжуулан хүчирхэг улсыг бий болгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Барак Обама болон Билл Клинтоноос ялгагдах Хилларигийн онцлог бол ард иргэдийг байлдан дагуулах илтгэгч бус харилцан ярилцах чадвартай нэгэн гэдэгт нь бий
. Барак Обама түүнийг маш сайн Ерөнхийлөгч болно хэмээн үнэлж байсан удаатай. Харин төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг нь хүлээн авсан Жон Керри ч Хиллари Клинтоныг хүнд хэцүү цагт албаа сайн гүйцэтгэж байсныг онцлон тэмдэглэжээ.
Тэр маш сайн удирдагчийн жишээ, зорилгодоо хүрч болдог нэгний жишээ. Өнөөг хүртэлх олон хүнд хэцүү давааг даван туулсаар өдийг хүрсэн. Хэдийгээр тэр хүчирхэг эмэгтэй гэгддэг ч юун түрүүнд хүний эх, эхнэр хүн билээ. Тиймээс АНУ-ыг эцгийн хатуу гараар бус, эхийн зөөлөн гараар зөв зам руу нь хөтлөх нэгэн айсуй
. Тэр зөв цагтаа зөв шийдвэрийг гаргаж чаддаг. Үүний нэгэн тод жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Моника Левински нарын амрагийн явдал байлаа. Энэ явдал Хиллариг байтугай дэлхийг цочирдуулж байсан. Харин энэ үед тэрээр нөхрийнхөө, улсынхаа нэр хүндийг тэр дундаа гэр бүлийнхээ нэр хүндийг амжилттай авч үлдэж чадсан юм. Уучлал гэдэг хамгийн том ухаан байдаг.
Хиллари түүнийг уучлан “
Америкийн Ерөнхийлөгч жаахан хүүхэд шиг сөгдөн суугаад уучлалт гуйж байхад уучлахгүй гээд би яах билээ
” хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан түүхтэй.
Сэтгэгдэл бичих