Саадууд сайд боллоо хэмээх трэндийн талаар. Хэчнээн төрлийн онигоо, шүгэл, хараал зүхэл бичигдэж байгаа талаар эс өгүүлэн өгүүлэх нь:
Бид асуудлыг хүн төвтэй харж даджээ. Уран зохиолын хичээлийн шинэчлэл бол агуулгыг нь биш Насанбаярыг ярина, Тавантолгой бол нүүрс биш Оджаргалыг, засгийн газар бол бодлого биш Алтанхуягийг, эсвэл түүний хүргэнийг гэх мэт. Улсын хэрэг явдал хэдэн хүний нэр тойрон өрнөнө, хүн холбогдохоор аяндаа хэлэлцүүлэг биш хэрүүл, хараал болж ирнэ.
Хүний ард гэхдээ дандаа бүтэц, систем, инстүүц*, механизм оршино
. Бид инстүүцийн асуудлаа анхаарахгүй, хааяа хүнээр дамжиж илрэхээр нь нөгөөхийг нь балбаад суугаад байдаг, ард нь байгаа хэв дардас улам тодроод, гүнзгийрээд байдаг. Ард язгуур, мэргэжлийн биш энэ тэр гэгдэж бухимдал дагуулсан сайдуудын ард ямар бүтэц оршин байна вэ?
Товчхондоо, сайд гэж юу ч биш болсон бүтэц.
Сайд гэж уг нь юу вэ(хүн биш төрийн функц тул хэн бэ биш юу вэ гэж асуув) ?
Цоолдсон оймс шиг болсон Засгийн газрын тухай хууль, сайдын бүрэн эрхийн тухай хэсгийг товчхон базаад хэлвэл батлагдсан төсвийн хүрээнд салбарын хөгжлийг удирдах, зохицуулах төрийн албан тушаал.
Гэтэл сайдын хариуцах салбарын төсвийг, бодлогыг хэн мэдэж байна? УИХ. Хэдэн компани, хааяа Монголбанк(энд нэг жишээ нь), заримдаа нутаг нугын зөвлөл, лам багш ч мэдэж байж магадгүй. Ямар ч гэсэн өнгөндөө бол УИХ.
Засгийн газар юу ч биш, Ерөнхий сайд бас “юу” ч биш болсныг сүүлийн гурван жилд бид хоёр нүд нэг бөндгөрөөрөө гэрчилж ирлээ. Нэгийг нь сайдтай, хүргэнтэй нь элдэвлэсээр байгаад аваад шидсэн, нөгөө нь ам биеэ хүнээр мэдүүлсэн мэт явсаар энэ байдалд хүрснийг бид өөрсдөө сүүлийн хэдэн сар харсан. УИХ төсвөөр дамжуулан гар хөл толгой нүдийг нь боочихсон атлаа хариуцлага, бодлого, дан давхар гэх мэтийг туйлын чухал сэдэв болгон шидэж олны нерв, энергийг барна. Ер нь сайд гэдэг үгийг нь одоогийн бүтэц, онцлогт тохирсон цоо шинэ гоё нэршлээр сольчихвол бухимдал арилж мэднэ.
Тогтолцоо ийм байхад хэн нь ч билээ хэлээд ад болж байсанчлан бодлого барих проферционалиас илүү зохион байгуулах чадвартай менежер байвал хөхүүрийн ам цаашилсан энэ тулгуу цагт ажил урагшилж мэднэ.
Тэгээд ч ажлаа хийж чадахгүй гэж шийдээд эмгэнэл зарлаад байхад арай эрт мэт.
Төр гэмээ нь хүний бие организм мэт зүрх нь зүрхний, тархи нь тархины, гар нь гарны үүргээ гүйцэтгэж, тэгсэн хэрнээ нарийн чанд уялдаа холбоотой байх ёстой юм шиг байгаа юм. Хэзээнээс инстүүц биш бие даасан байгууллагуудын бөөгнөрөл маягийн юм болж хувирсныг энд судлаач Д. Ганхуяг хөндсөн байсан.
Сонгуульд ялсан нам, эвслийн дарга нь ЕС хийдэг, хөгжлийн бодлогоо өөрөө тодорхойлдог, тэрнийг нь УИХ дэмжихгүй бол тараадаг, сайдууд нь салбараа мэддэг, баздаг кабинеттэй болсон цагт хэн сайдаар томилогдох нь хөгжлийн жинхэнэ ялгаа авчирдаг болох буй заа. Ер нь УИХ-ын тухай хуулиндаа хүн гүтгээгүй л бол чуулганы танхимд хэлсэн, дэвшүүлсэн асуудлынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүйгээр дархлагдсан УИХ-ын гишүүдээс илүү болохгүйдээ хүрвэл тараах боломжтой(тараасны дараах сонгуулиар кабинет дахин бүрдэхгүй байх магадлалтай), тийм ч болохоор кабинетийн гишүүдийн чадамж, ЕС-ийн хариуцлага нэхэгддэг систем нь хатуу гар хүсдэг монголчуудад илүү зохиж магадгүй.
Олон улсад Их Британи, Шинэ Зеланд, Герман, Австрали, Япон гэх мэт парламентын тогтвортой байдлаас гадна засаглалын уян хатан чанарыг хангах талаас төрийн байгууламжаа зохион байгуулсан орнууд байна. Японд 2005 онд тухайн үеийн дэлхийн хамгийн том санхүүгийн гигантад тооцогдох төрийн өмчит шууданг хувьчлах бодлогыг нь дэмжээгүйн төлөө ЕС Коизүми доод танхимыг тарааж, эргээд үнэмлэхүй ялалтаар кабинетээ байгуулж, улсынх нь санхүүгийн либералчлалд үлэмж нөлөөтэй хуулийн төслөө баталж авч байв. Хууль зүйн үүднээс хуульч Д.Уянга энэ нийтлэлдээ Германы канцлер парламентаа тарааж, засаглалын хямралыг дуусгасан тухай жишээ татаж, МУ-ын хувьд УИХ өөрөө тарахын тулд гишүүдийн 3/2-оос доошгүй санал хэрэгтэй буюу
“ Монгол Улсад улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх чадвартай байх уян хатан чанараас төрийг тогтвортой байлгах эрмэлзлэлийг илүүд тавьсан байна. Энэ нь ардчилалын эхний жилүүдэд чухал, шаардлагатай байсан байж магадгүй”
гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн буй.
Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох хоёр, дээр нь нэмээд шүүх цагдаа нь дэндүү холилдож эрлийзжсэн, нэг нэгнийхээ барьцаанд орсон тогтолцоо цаашид гүнзгийрвэл бор халзан хонь ч бай сайдаар томилогдож мэднэ. Ялгаа нь олонд танигдсан эсэх л болох болов уу. Харин Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль, Үндсэн хууль гээд эх хонины тухай хэлэлцэх болоод ирэхийн цагт ээ дээ таминь нүд чих тавьж байх ёстой шүү, хаа хамаагүй өөр трэнд дагаж хэн нэг хүнд анхаарлаа хандуулж байгаад дуусчих вий дээ. Эх хонь эсэн мэнд, эрүүл саруул төллөж байхад лав хурга майлахаа болихгүй.
*Институци-г Баабарын галигласнаар бичив.
nice
Good
kkkk.mailj l bga.mailsaar l irsen