Нийтлэл 09 сарын 16, 2015

The Economist тайлбарлаж байна: Алтны үнэ яагаад унав?

Өнгөрсөн 7 сарын 20-нд энэ таван жилийн хамгийн доод үнэд хүрч буурсан алтны үнэ 8 сард бага зэрэг өссөн ч 9 сараас эргээд их бага хэмжээгээр хэлбэлзэнгээ буурсаар байна. Алтны үнэ одоогийн эрэлт нийлүүлэлтийг, мөн ирээдүйн хүлээлтийг тусгадаг. Шар өнгөтэй энэхүү металл хоёр зорилгоор хэрэглэгдэнэ: Нэгд электрон бараа, гоёл чимэглэл, шүд эрүү гэх мэт хэрэглээнд, хоёрт улс төрийн эрсдэлийн эсрэг даатгалын бодлогын дор хадгаламжийн хөрөнгө гэдэг утгаар.

Гэхдээ алт хөрөнгө гэдэг утгаараа асуудалтай. Хадгалж байлаа гээд орлого авчрахгүй, бас хадгалахад зардалтай. Гялалзсан гоё шар металл маань 2008 оны хямралын дараа үнэд орж, 2011 онд оргилдоо хүрснээс хойш уруудсаар л байна. Зарим шинжээчид яваандаа нэг унц алт 1000 доллароос доош бууж мэднэ гэж үзэж байна.

 

2008 оноос хойших алтны үнэ. Эх сурвалж: Насдак

 

Алтны үнэ уналтын хамгийн том шалтгаан нь чангарч байгаа доллар. Алтыг доллароор үнэлдэг, тиймээс нэг доллар үнэтэй болж ирмэгц хөрөнгө оруулагчид нэг унц алтыг төдий чинээ бага доллараар илэрхийлнэ.

Доллар өсч байгаа дээр нэмээд, АНУ-ын эдийн засаг эргэн сэргэж, хүүгийн түвшин нэмэгдэх хүлээлт үүсгэж байгаа нь алтны үнэд сөргөөр нөлөөлж байна. Хүүгийн түвшин өснө гэдэг бол орлого өгдөггүй алтны оронд доллар хадгалж байх нь дээр болж ирнэ  гэсэн үг(сонголтын өртөг). Компаниуд орлого сайтай байх нь ч төстэй нөлөөтэй. Ногдол ашиг сайн байвал алт хадгалж байхын оронд хувьцаа барьж байх нь дээр болно гэсэн үг.

 Алтны фануудын хувьд Хятад нэг том найдвар нь байлаа: юаныг олон улсад итгэл хүлээсэн, нөөцийн валют болгохын тулд юанын үнэ цэнийг баталж өгөх алтны нөөцөө их хэмжээгээр нэмэгдүүлж магадгүй гэж харж байв. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Хятад алтны нөөцөө бага зэрэг нэмэгдүүлсэн ч харьцангуй бага хэвээр, харин ч нийт нөөцөд эзлэх хувь нь багасч ирэв.

Түүнээс гадна гайгүй итгэл төрүүлэхээр улстөрийн мэдээнүүд алт дарж байх хэрэгцээг багасгаж байна. Евро зоон юутай ч нэг удаа Грекийн дефолтыг гайгүй авч гарахаар ярилцаж, Ирантай цөмийн түлшний гэрээ хийгдсэнээр алтны үнэ цэнийг голдуу нэмэгдүүлдэг дайны эрсдэл бага харагдах болов.

 Ийм нөхцөлд хамгийн гутранги үзэлтэн л алтыг сонгож үлдэхээр болж байна.  Зарим нэг алтанд “сүсэглэгчид” төв банкнууд хаанаас ч юм бэ агаараас(тэлэх бодлого) мөнгө хэвлэж байгаа нь яваандаа олон улсын  санхүүгийн "барилга"-ыг сүйрүүлнэ гэж итгэх нь бий. Гэхдээ одоохондоо “фиат” мөнгө буюу металл биш амлалтад суурилсан дэвсгэртэд итгэх олон нийтийн итгэл бөхөөгүй хэвээр байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon