Нийтлэл 09 сарын 21, 2015

Зохицуулалт бол дарамт биш хамгаалалт

Их хямралын сургамж илүү сайн зохицуулалт

АНУ-д 1929-1933 оныг дуустал дөрвөн жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл 381.27 нэгжээс 41.22 нэгж хүртэл унасан юм. Хямралын дараа хөрөнгийн зах сэргэж , хямралын өмнөх түвшинд хүртлээ 27 жилийг туулсан. Эдийн засаг нь 1933 он гэхэд 1929 оны үеэс 26.6 хувиар унаж, ажилгүйдэл 23.6 хувьд хүрчээ. 1929-1933 оныг дуустал дөрвөн жил үргэлжилсэн энэхүү хямралыг түүхэнд “Их Хямрал” гэж нэрлэсэн билээ.

 

 Хямралын дараа хөрөнгийн зах зээлд итгэх итгэл огт үгүй болжээ. Ийм нөхцөлд итгэлцлийг бий болгох хамгийн чухал байв. Ингээд 1933 онд “Үнэт цаасны хууль”, 1934 онд “Үнэт цаасны арилжааны хууль”-ийг АНУ-ын Конгресс батлав. 1934 онд АНУ-ын “Үнэт Цаас, Арилжааны Хороо”-г байгуулж, хөрөнгийн зах зээл нь олон тооны зохицуулалттай зах зээл болж эхэлжээ. АНУ-ын “Үнэт Цаас, Арилжааны Хороо” өөрсдийн зорилгыг хөрөнгө оруулагчдыг хамгаалах, шударга, тэгш, үр ашигтай зах зээлийг бий болгох, хөрөнгө босгох үйл ажиллагааг хөнгөвчлөх гэж тодорхойлжээ.

 

Жижиг том аль ч хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ба хийснийхээ дараа шийдвэр гаргахад шаардлагатай бүх л төрлийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг хүртэх боломжтой байхуйцаар АНУ үнэт цаасны зах зээлийнхээ хууль, эрх зүйн орчныг зохицуулсан байдаг. Мөн хөрөнгө оруулагчдын боловсролыг нэмэгдүүлэхэд тус хорооноос онцгой ач холбогдол өгч ажилладаг. “Хөрөнгө Оруулагчдад Туслах” хэлтэстэй холбогдох үнэгүй утсаар дамжуулан жил бүр хэдэн арван мянган асуулт, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Харин “Хөрөнгө Оруулагчдын Боловсрол”-ын хэлтэс нь  тэдний боловсролыг нэмэгдүүлэхэд зориулсан хэвлэмэл материалыг хэвлэх, тараах, семинар сургалт зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад зориулсан уулзалт хийдэг байна. Хорооны хувьд зах зээлд мэдээлэл өгөх гол суваг нь EDGAR буюу “Электрон Өгөгдөл Цуглуулах ба Хайлт”-ын систем юм. 1984 оноос уг системийг ашиглаж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу мэдээллийг цуглуулж, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээллийг ил тод болгодог.

 

 

Зохицуулалт ёс суртахуунгүй үйлдлийг хязгаарладаг

 Хөрөнгийн зах зээл итгэлцэл дээр тогтдог. Учир нь та өөрийн мөнгийг өөр хүнд өгч хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нөхцөлд таны мөнгийг зөв, зохистой зарцуулж байна уу? Эсвэл хулгайлаад зугтчихаж буй байна уу гэдгийг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Гэтэл таны итгэлийг ёс суртахуунгүй хүн эсвэл хэсэг хүмүүс юу ч үгүй хугалж орхих эрсдэлтэй. Энэ бүхний эцэст хөрөнгө оруулагчид хохирч үлддэг. Ийм учраас хөрөнгийн зах зээлд өндөр ёс суртахуунтай хүмүүс ажиллах ёстой юм. Тийм ч учраас санхүүгийн салбарт ажиллах олон улсын мэргэшлийн зэрэг олгодог шалгалтууд хамгийн түрүүнд ёс суртахууны шалгалтыг авч, өндөр ач холбогдол өгдөг. Гэхдээ хүн бүр ёс суртахуунтай байдаггүйг бид мэднэ. Ийм л учраас хөрөнгө оруулагч таныг, мөн зах зээлийг хамгаалж үлдэхийн тулд хууль, дүрэм, журмуудыг боловсруулж, хэрэгжүүлэн ёс суртахуунгүй үйлдлээс үүдэн гарах хор уршгаас урьдчилан сэргийлдэг. Санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээл бол эдийн засаг дахь хамгийн их зохицуулалттай газар юм. Цаашид ч тийм байхаас өөр аргагүй. Учир нь ёс суртахуунгүй хүмүүс зах зээлд итгэх итгэлийг юу ч үгүй хугалж орхидог. Тэд хувь хүний санхүүгийн амьдралыг сүйрүүлээд зогсохгүй улс орныг ч дампууруулах аюултай. Иймээс хөрөнгө оруулагч та хамгийн өндөр ёс суртахуунтай брокерийн компани, хөрөнгө оруулалтын сангаар үйлчлүүлж, ёс суртахууныг чанд баримталдаг компанид хөрөнгө оруулах нь зүйтэй. 

Монголын хөрөнгийн зах зээлийн зохицуулалт

Сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, журмуудыг шинэчлээд байна. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн сайжрууллаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг шинээр батлав. Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлд багагүй ахиц гарлаа. Хариуцлага тооцох хэмжээг илүү хатуу болгож өгөв.  Таван жилийн өмнөхтэй харьцуулахад зохицуулалт эрс сайжран хувьцаанд хөрөнгө оруулахад улам таатай болсоор байна. Гэвч хөрөнгө оруулагч өөрийгөө ямар нөхцөлд, хэрхэн хамгаалах боломж байгааг сурталчлан таниулах үйл ажиллагаа хангалтгүй байгаа юм. Хууль нь байгаа ч төдийлөн ашиглахгүй байна. Иймээс брокер, дилер, андеррайтерийн компаниуд голлон оролцож,  Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв зэрэгтэй хамтарсан хууль, эрх зүйн орчныг сурталчлах, таниулах үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой хийх шаардлагатай байна. Мөн нөгөө талдаа хөрөнгө оруулагч та ч гэсэн өөрийн эрх ашгийг хэрхэн хамгаалах боломжтойг уншиж, судлах, бодит амьдралд хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.

Хоёр тал ийнхүү идэвхитэй оролцсоноор зах зээлд шударга, тэгш байдал нэмэгдэж, хяналт, хариуцлагын тогтолцоо бүрэн утгаараа бүрдэж, хөрөнгө оруулагчид өөрсдийгөө, мэргэжлийн байгууллагууд нь зах зээлээ хамгаалж, хөгжүүлж чадна гэж итгэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon