Нийтлэл 10 сарын 01, 2015

Иргэдийг аргадах туршилт

Хүний авир, зан араншин нэгэнт бүрэлдсэн бол өөрчлөгдөшгүй бөх тогтдог уу? Хүний зан авир нь төрлөхийн, удмын байдаг уу? Шалгалтан дээр хуулдаг бол төрөлхийн хуулагч, архичин бол удмын архичин, ногоон гэрлээр баруун эргэхдээ явган хүмүүст зам тавьдаггүй бол насан туршдаа тэр хэвээрээ байх уу?


Донтолтын, гэмт хэргийн чанартай үйлдлүүдээс тусдаа,  өдөр тутмын үйлдлийг гаднаас нь өөрчилж, хүний үйлдэлд нөлөөлөх боломжтой юу? Монголчуудын өнөөгийн амьдралд нэг нэгэндээ өөрийн мэдэлгүй садаа болж, бухимдал үүсгэж байгаа өдөр тутмын үйлдлүүдийг үр дүнтэй өөрчилж болох уу? Яаж өөрчлөх вэ? Хамгийн үр дүнтэй ямар арга байгаа вэ?

Садаа болж, бухимдал үүсгэдэг үйлдлүүдийн гарал үүслийн талаар, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар яригдаж бичигддэг боловч, чухам яаж өөрчлөх талаар тэр болгон хэлэлцэхгүй юм.

Хамгийн энгийн жишээнээс эхэлье: уулзвар дээр ногоон гэрлээр баруун эргэхдээ жолооч нар гарцаар гарч байгаа явган хүмүүсийг хүлээлгүй урсгал дундуур нь дайран гардаг явдал. Дүрмэндээ явган хүмүүсийг түрүүлж гаргана гэж бичсэн байдаг ч хэвшил болсон тул аль аль тал нь дассан байдаг. Нэг жолооч нь хүлээлээ гэхэд арын жолооч нар тэвчихгүй. Жолооч нар бүгд хүлээсэн ч явган хүмүүс нь гарц чөлөөтэй бол улаан гэрэлтэй ч байсан гэсэн гарах болхоор жолооч нар аль ч нөхцөлд зам тавихгүй. Ингээд олон нийтийн дунд бичигдээгүй тохиролцоо үүссэн.

Хүний үйлдэлд сүрдүүлэх, аргадах гэсэн 2 гол аргаар нөлөөлж болно гэж үзвэл аль нь илүү үр дүнтэй бол? Автын ослоос айлгаж сэрэмжлүүлэх зорилготой цус, нөжтэй зурагнууд хүний авирт нөлөөлж байгаа эсэхийг судалж үзсэн байдаг. Осолд орсон хүмүүсийн махбодийн хохирол, гэмтлийг зурагаар үзүүлэх нь анхаарал татах боловч үйлдэлд өөрчлөлт авчирдаггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ асуудлыг хүчээр шийдэж чадахгүй, уулзвар болгон дээр хүн тавиад ч дийлээгүй, торгоод ч дийлэхгүй. Гэтэл хүмүүсийг аргадах нь илүү үр дүнтэй байж болох талаар Английн татварын алба нэг сонирхолтой харьцуулалт гаргасан байна.

100000 ширхэг татвараас хоцорсон мэдэгдэл хүргүүлэхдээ нэг хэсэгт нь “бусад хүмүүсийн дийлэнх нь татвараа цагт нь төлсөн байна” гэсэн өгүүлбэр оруулсан аж. Дараагийн нэг хэсэгт нь бусад хүмүүс татвараа цагтаа төлдөгийг сануулахаас гадна “та хоцорч байна шүү” гэсэн өгүүлбэр бас оруулсан байна. Үлдсэн хэсэгт нь энгийн, нэмэлт өгүүлбэргүй мэдэгдэл явуулсан байна. Эхний нэмэлт өгүүлбэртэй мэдэгдэл авсан хүмүүс татвараа цагт нь төлөх магадлал энгийн бүлэгтэй харьцуулхад 1,3%-р өндөр байхад, “та хоцорч байгаа шүү” гэсэн мэдэгдэл авсан хүмүүс татвараа төлөх нь энгийн бүлэгтэй харьцуулхад 5,1% байсан байна. Нийт нэмэлт татварын орлого 15,4 сая фунт байсан гэж судалгааг хийсэн хүмүүс нь тооцсон байна. Судлаачид энэ туршилтын дүнд хүн нийгмийнхээ нормоос гажих хүсэлгүй байдаг болхоор цөөнх байх дургүй байдаг гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өөр бусад судалгаанууд ч хүний авир төрөлхөөс, удмаас 100% шалтгаалдаггүйг харуулж байна. Жишээлбэл хотын орчин нь муу бол танхайн хэрэг гарах магадлал ихэсдэг, шалгалт авч байхад хянахгүй бол хуулах хүний тоо ихэсдэг зэргээс харж болох байх. Хэрэв хүмүүсийн ихэнх нь үйлдлээ өөрчилвөл цөөнх нь бас дагана гэсэн үг байх.

Харин бидний сонгож авсан жишээн дээр гэхэд жолооч, явган хүмүүсийн хоорондын бичигдээгүй тохиролцоог нэг зэрэг өөрчилж чадвал үр дүнд хүрэх магадлалтай. Үр дүнд хүрэх эсэхийг аль болох олон зурагтаар хамгийн их үзэгчтэй цагт “жолооч нар аа, ногоон гэрлээр эргэхдээ явган хүмүүсийг гаргана уу, тэвчээртэй хүлээнэ үү”, “явган хүмүүс ногоон гэрэл асах үед л зам гарна уу” гэсэн утгатай ухуулга хэсэг хугацаанд (жишээлбэл 30 хоног) гаргаад, улмаар нэг уулзвар сонгож тодорхой хугацаанд зорчих явган зорчигч, машины хөдөлгөөнийг хэмжиж, ухуулга цацах хугацааны өмнө, дундуур, дараа нь энэ тоо яаж өөрчлөгдсөнийг харьцуулж үзэх гэх мэт аргаар туршиж болох юм.

Өөрчлөлт удаан үргэлжлэхгүй, цар хүрээ нь бага байж болно. Гэхдээ өөрчлөх боломжтой нь мэдэгдвэл кампанит ажлыг удаан үргэлжлүүлэх, тэгээд амжилтад хүрвэл өөр асуудал дээр ч хэрэглэж болох юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon