Энгийндээ хамаг сороо гадагш нь тавиад туухыг brain drain буюу тархи гадагш урсах, улсын оюун ухаан хоосрох маягийн англи үгээр нэрлэдэг. Үүнтэй төстэй, арай албан өөр нэг хэлц нь human capital flight буюу хүн хөрөнгө “нисэж” гадагшлах. Компани хоорондын харилцаанд ч хэрэглэгдэг үг боловч энэ удаа улс хооронд хүний нөөц шилжих гэсэн утгаар нь авч үзнэ. Улс хоорондын түүхэнд ямар нэг байдлаар хүнээ гадагш нь алдсан, нөгөөх нь тэндээ цэцэглэж, үр жимсээ өгсөн жишээ маш олон. Хамгийн алдартай оюуны нүүдлийн нэг жишээ бол нацигаас дүрвэж АНУ-д очсон Алберт Эйнштэйн юм.
Ямар ч асуудал, нийгмийн үзэгдлийг болж өгвөл дэлхийн цаг үе, түүхэн агуулга дор, хоёрт улс нийгмийн хэмжээнд, гуравт илүү хувь хүний микро тоглогчдын түвшинд авч үзэж байх ёстой тухай сэдэв болгонд шахуу хөнддөг. Ямар ч концепц зөвхөн өөрийн цаг үеийн агуулгад утгаа олдог. “Оюуны нүүдэл”-ийг ч макро, микро хүрээнд тайлж харах хэрэгтэй гэж бодож байна.
Нэгд, оюуны нүүдэл бол орчин цагийн олон улсын эдийн засгийн системийн хоёр гол шинжийн нэг
юм. Манайхаас олон талаас нь мэдээлэл өгөх бодлого барьж буй industrial capitalism буюу үйлдвэрлэлийн эдийн засгийн системийн гол дүрэм: хөрөнгө хуримтлуулах. Хуримтлуулахгүй бол дараагийн шатны хөрөнгө оруулалт хийж чадахгүй, тоглоомын талбараас гарахад хүрнэ. Хуримтлуулахын тулд гол тоглогчид болох компаниуд үр ашигтай ажиллах ёстой, тэгэхийн тулд хөдөлмөр хуваарилах ёстой, хуваарилагдсан ажлын байр болгонд хамгийн үр ашигтай ажиллах хүний нөөцийг олж чанарт нь таарсан үнэ буюу цалингаар цалинжуулах ёстой. Түүнчлэн, улс хооронд үйлдвэрлэлийн салбарууд тасралтгүй шилжилт хийдэг тухай өмнөх нийтлэлүүдээр арай дэлгэрэнгүй тайлбарлаж хүргэсэн байгаа. Энэ хоёр зүй тогтлоос үүдээд хамгийн эрчимтэй технологижсон салбартай улсын компаниуд хамгийн чадварлаг оюуныг цалинжуулж авч, арай энгийн салбараар араас нь дагах улсууд дундаж, эсвэл хөх захтай ажилчдыг цалинжуулах хуваарилалт аяндаа явагддаг. Хүн төрөлхтний түүх бол нэг талаар хүний нөөцөө шилжүүлж, булаацалдаж, буцааж авах явц юм. Японд манай инженерүүд, Солонгос үйлдвэрт ажилчид(сүүлийн үед гэхдээ өндөр технологиор эрчимтэй гүйцэж түрүүлж байгаа), тэр байтугай урд хөршид хэдэн мянган охид биеэ үнэлж байгаа нь цөм олон улсын хөдөлмөрийн зах зээлийн жам ёсны явц дор өрнөж байгаа гэж хэлж болно. АНУ-ын эдийн засгийг ган төмрөөр өрж босгосон гэгдэх тэрбумтан Эндрю Карнеги ч Европоос АНУ-д алдсан бизнес ертөнцийн нэг очир эрдэнэ. Бүр МЭ эхээс мөшгиж болох энэ явцын хамгийн ойрын, хамгийн том жишээ гэвэл 2006 онд Европ АНУ-руу 250 мянган чадварлаг боловсон хүчнээ нүүлгэж алдсан өмнөөс нь гол харламаар тоо байна. Сайн боловсон хүчин нүүлгэж авах бодлого ногоон карт, оюутны тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт янз бүрийн нүүртэй.
Саяхан ОХУ-д тэтгэлэгт хөтөлбөрүүдэд цензур тогтоох бодлого гаргасан сураг байсан. Латин Америк гэх мэт хүний нөөцийн соронзод ойр, нүүдэл хийхэд хялбар тусмаа сайн иргэдээ тогтоох гэж үгээ хэлж байгаа орнууд олон. Оюуны нүүдэл мэдээж зөвхөн компани чиглэж нүүхгүй, мэдлэг буюу эрдэм шинжилгээний салбарт ч явагдана. Гэхдээ бизнес, шинжлэх ухаан хоёр инновацаар гагнагдсан ийм цаг үед мэдлэгийн нүүдэл ч ерөнхийдөө эдийн засгийн системээ дагана.
Хоёрт, манай улсын хэмжээнд. Хоёр арван дамжин үргэлжилсэн орлогын болон түүнээс улбаатай хөгжих боломжийн ялгарал 20 гарсан шинэ залуу үед ч ур чадвар, боловсролын гүнзгий ялгаа авчирсан нь цаг үеийн мэдээжийн үр дагавар байлаа. Энэ талаар нуршиж сунжруулахгүйн тулд дундажийн боловсрол, хүний нөөцийн чанарын талаар Б.Баттулга, Б.Түмэнцэнгэл нарын нийтлэлүүдийг дор хавсаргав. Гадаад харилцаа хөгжиж, төрөл бүрийн тэтгэлэг хөтөлбөр, мөн өөрсдийн зардлаар суралцах боломж нээгдсэн нь монголын шинэ залуу үеийн цөөнх хэсгийг ОУ-ын ажил олгогч нарт гологдохгүй хүний нөөц болж хөгжих боломж бүрдүүлэв. Одоо энэ цөөнх дээр нэгдүгээр хэсэгт дурдсанчлан монголын компаниуд ба бусдын хооронд салбарын болон менежментийн өрсөлдөөн явагдана. Замнал хөгжлийн хувьд барын дэргэдэх бамбар зулзага мэт Монгол компаниуд маань эх орных гэдэг утгаараа арай давуу талтай. Гэхдээ ялгаа хэт ихэссэн тодорхой нэг цэгээс түүх дүрмээрээ тоглож, эдгээр залуус өөрсдийн эрх ашгийн төлөө сонголтоо хийж гадагшлах болно. Өөрөөр хэлбэл монголд сайн боловсролтой цөөнх залуу үе байна, тэднийг хэнд ч хэзээ ч алдахад бэлхэн гэсэн үг. 2013 оны байдлаар 112 мянга 862 иргэн гадаадад амьдарч байгаа гэсэн статистик Гадаад явдлын яамнаас гаргасан байдаг. Зарим эх сурвалжид дурдсанаар албан бус тоогоор 80 орчим оронд 200 мянга хол гаруй монголчууд амьдардаг. 2010 оны байдлаар үүний 40000 нь оюутнууд, 70 орчим хувь нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-д суралцдаг гэх Монголбанкны судалгаа байх агаад тэрнээс хойш тэтгэлэг, хөтөлбөр олширч ирсэн, чамгүй нэмэгдсэн байж таарна. Өөөрөөр хэлбэл, 3-хан саяулаа атлаа хөдөлмөрийн насны иргэдийн маань бараг 10 хувь нь хилийн чанадад ажиллаж амьдарч,үүний дотор нэг том залуу үе олон улсын зах зээлд үнэтэй боловсон хүчин болон хөгжиж байна.
Гуравт, бие хүний түвшинд. PwC-ын гаргасан Modern Mobilty тайланд 2020 он гэхэд хүний нөөцийн глобал нүүдэл хоёр дахин ихсэх хандлагатай
гэжээ. Бизнесийн хэл, хэрэгсэл нэгдмэл болж мэдээлэл, тээврийн хөгжлийг дагаад хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн улам эрчимжинэ гэсэн үг. Компаниуд ч олон талт зах зээлд тоглохын тулд аль болох diverse олон төрлийн хүн-хөрөнгөөр багаа бүрдүүлэх сонирхолтой болж ирж байна. Ийм өөрчлөлт хөдөлгөөн дунд монгол ажилчид, монгол оюун улам үнэд орно уу гэхээс гологдохгүй.
Гадаадад гарсан монголчууд ажилласан газар бүртээ прагматик, хурдтай, сайн ажиллаж нэр хүнд сайтай байдаг гэгддэг. Олны үг ортой, миний хувийн туршлагаар ч тийм байдаг. Үнэхээр дундажаас толгой сайтай юм уу, эсвэл нүүдэлчин удмын аливаад хурдан дасан зохицох, сэтгэх чадвар нөлөөлдөг үү монгол ажилчид өөрсдийн салбар, албан тушаалаа олсон цагт гялалзтал ажиллаж чаддаг үнэ цэнэтэй хүн-хөрөнгө
юм. Энэ талаар өмнө нь би гаднын хүний нөөцийн мэргэжилтний ийм яриа хүргэж байсан. Дээр нь дэлхий хавтгайрч, урдных шиг захиа цаас бололгүй харилцах, зорчих боломж үүссэн нь гэр бүлдээ ойр байх гэм мэт эдийн засгийн бус мотивацыг улам сулруулах болно.
Ингээд нөхцөл байдалд макро, микро түвшнээс нэг дор гэрэл тусгаж харвал манай улс хамаг оюунаа нүүлгэж алдах тохироо бүх түвшинд бүрдсэн, тиймдээ ч хойш урагш баруун зүүн тийш хүнээ алдсаар сууна. Гэр бүл бүрэн бүтэн, өөрийн гэсэн баялгийн индастритай, тэрийгээ авч явдаг чадварлаг хүний нөөцтэй тийм нийгэм байхын тулд сайн хүний нөөц өөртөө татах “соронз”, “балтай цэцэг” мэт компаниудтай болохоос өөр ямар ч гарцгүй. Хүний нөөц бол эрвээхий. Бал мэт компани гэдэг нь даншигт өрдөг бөхтэй, лам багшийн даллагатай компани биш. Мэдлэгт суурилсан эрчимтэй технологитойгоос энгийн мануфактур хэлбэрийн бүх давхаргын боловсон хүчнээ ажлын байраар хангах төрийн индастраил бодлого дор хөгжсөн, өрсөлдөх чадвартай тийм компаниуд.
Сайн ажиллах хүч өөрсдөө нүүдэг, муу дээр нь харин үйлдвэр нүүгээд ирэх нь бас бий.
Энэ хэвэндээ гаднаас татах соронз жам ёсоор үйлчилж байхад угаасаа цөөхнийг бэлдсэн оюуны нөөцөө дотроосоо өөрсдөө янз бүрийн хүчээр гадагш түлхээд суувал үзэмж төгөлдөр Монгол нутаг түүхийн хүрдэнд хямд ажиллах хүч бараадаж ирдэг эгэл болхи үйлдвэрүүдийн бааз болж хувирна.
Оюуны нүүдэл өрнөж байгааг, өрнөсөөр байхыг, зогсооход бодлого хэрэгтэйг, зогсоож чадахгүй бол мэдлэггүй, компани ч үгүй, тиймээс татваргүй, баялаггүй, тэгээд дээр нь зодолдоод байх бялуу ер нь үлдэхгүйг ядаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ухаж аваасай гэж санаж татлав. Хүнээ үнэлэх, дээдлэх бодлого эрх баригчдад өөрсдөд нь тустай. Хаашаа ч гарахгүй хашиж чадсан мэт эндүүрч хэзээ ямагт дарангуйлж, өмхийгөөр утаж, хүний эрхийг нь зөрчиж хавчиж суувал гараад алга болцгооно, амархан.
------------
Нэмэлт:
Нэршил, терминологийн талаас: Өөр олон сэдэвт хөндсөнчлөн энэ үзэгдлийг тухайлан нэрлэх монгол нэршил тогтож ирээгүй байгаагийн улмаас асуудлыг тодорхой түлхүүр үгээр нэрлэх, улмаар түүнд тулгуурласан шийдэл тунгаах, хэрэгжүүлэх явц хамгийн эхний шатандаа гацаж байна. Энд бичсэнчлэн 2009 оноос өмнө бараг олон нийтийн хэрэглээнд байгаагүй гадаадын шууд хөрөнгө оруулалт гэх үг бүх нийтийн үгийн санд нэвтэрснээр түүний ач холбогдол, дэмжих шаардлага, хэлэлцүүлэг эрс идэвхижсэн. Түүнтэй адил, ямар нэг хялбар хэвших нэршил гаргаж бодлого, хэлэлцүүлгийн түвшинд хэвшүүлээсэй гэж санаж “оюуны нүүдэл” гэх шинэ орчуулгыг туршилтын журмаар хэрэглэж бичив.
Санал болгох нийтлэл:
Бидний хувь заяа удирдагчаас бус бидний дунджаас хамаардаг
Монгол ялах уу, ялагдах уу? Хариуг нь хэн шийдэх вэ?
sonin yumaa. negen darga bichiv :)
Drain - дайжих
good
Drain гэдгийг Нүүдэл гэж орчуулах утгагүй байна шүү. Нүүдэл чинь сайн муу аль нь ч байж болно шүү дээ.
sfgsf