Нийтлэл 10 сарын 06, 2015

Дэлхийн эдийн засаг 2015 онд. Өсөх үү буурах уу?

Олон улсын валютын сангаас 2015  онд дэлхийн эдийн засаг ямар төлөвтэй байх тухай хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээг тайлагнаж, мэдээлэл хийлээ.  2015 онд дэлхийн эдийн засаг 3,1 хувь өсөх төлөвтэй. Энэ нь 2014 оноос 0,3 хувь бага, долдугаар сард гаргасан төлвөөс 0,2 хувь доогуур үзүүлэлт.  Өмнөх жилийг бодвол хөгжингүй орнууд эргээд сэргэх горьдлого бүдэг бадаг гарч байгаа бол хөгжиж буй орнуудын хувьд 5 дахь жилдээ дараалан өсөлт удааширч гарах төлөвтэй.  Түүхий эдийн үнэ унаж, дотогш чиглэсэн хөрөнгийн урсгал саарсан, валютын эрсдэл өсөж санхүүгийн зах зээл эмзэг байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас эдгээр орнуудын цаашдын өсөлтөд баргар дүр зураг үүсэж байна.

ОУВС-аас улирал тутам гаргадаг “Дэлхийн Эдийн Засгийн Төлөв” тайлангийн агуулгаас:

Нэгдүгээр бүлэг: Ойрын үеийн өөрчлөлт, хөдөлгөөн

2015 оны эхний хагаст глобал өсөлт саарч, дээр дурдсан хөгжиж буй орнуудад учрах бэрхшээлээс үүдээд энэ оны өсөлт нийтдээ буурах эрсдэл өндөр гарав. 2016 оны хувьд хөгжингүй орнуудын 2014 оноос сэхэж эхэлсэн явц цаашид хурдаа нэмж, Бразил, Орос, Латин Америк болон Дундад Дорнодын зарим хөгжиж буй орнуудын хувьд ч Хятадын алгуур унаж ирсэн өсөлтийн хурдыг нөхөх хэмжээнд дүр зураг харьцангуй сайжирч ирнэ.

 

Хоёрдугаар бүлэг: Түүхийн эдийн экспортлогчид хаачих вэ? Түүхий эдийн оргил үе дууссаны дараах үйлдвэрлэлийн өсөлт

Сүүлийн гурван жилд түүхий эдийн үнэ огцом унаж, экспортлогч орнуудын үйлдвэрлэлийн хэмжээ багагүй агшлаа. Одоо эдгээр орны бодлого гаргагсдын хувьд хамгийн чухал асуудал нь үнийн хэлбэлзлээс үүдэх ашиг алдагдал үйлдвэрлэлийн потенциал хэмжээг өөрчлөх үү, эсвэл түр зуурын их бага өөрчлөлт оруулахаас бусдаар ерөнхийдөө тогтвортой байх уу?юм. Энэ бүлгийн дүн шинжилгээг үзвэл бодит болон потенциал үйлдвэрлэлийн хэмжээ аль аль нь түүхий эдийн худалдааны нөхцлөөс хамаарна, гэхдээ бодит үйлдвэрлэлд  хоёр дахин хүчтэй нөлөөлдөг байна. Түүхий эдийн сул үнэ 2012-2014 онтой харьцуулахад түүхий эдийн экспортлогчдын 2015-2017 оны өсөлтөөс жил тутам ойролцоогоор нэг хувь чангаана.  Эрчим хүчний түүхий эд экспортлогчид үүнээс ч том хувиар буюу жил тутам ойролцоогоор 2,25 хувийн өсөлт төлөх шинжтэй. Потенциал үйлдвэрлэлийн хэмжээнд гарах уналт бодит үйлдвэрлэлийн уналтын гуравны нэг орчимтой тэнцэнэ.

 Түүхий эдийн үнэ дэлхийд  1960-2015

 

 

Гуравдугаар бүлэг Валютын ханш ба худалдааны урсгал: Холбоос тасрах уу?

Сүүлийн үед валют хоорондын солилцооны ханш хэвийн бус хэмжээнд савлаж, худалдаанд үзүүлэх нөлөө нь асуудал болж ирж буй. Түүхэн явцыг харвал валютын ханш худалдааны урсгалд ихээхэн нөлөөтэй. Экспортлогч оронд 10 хувь ханш унахад экспортоор дамжаад ойролцоогоор 1,5 хувийн ДНБ өсөлт үүсдэг.  Эдийн засаг нь удааширсан, гэхдээ санхүүгийн систем нь хэвийн ажиллаж буй орнуудад ханш унаснаас үүдэж экспорт нэмэгдэх өсөлт илүү ажиглагддаг байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх хэлхээс глобалжиж, олон валют солих хэрэгцээ багасах зэргээр гадаад худалдаанд үзүүлэх ханшийн нөлөө багасч ирж байгаа ч ихэнх худалдаа уламжлалт аргаар явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд ханш, худалдаа хоёрын холбоос тасрах болоогүй гэж үзжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon