Нийтлэл 10 сарын 06, 2015

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юу? (3)

Өмнөх хоёр нийтлэлээрээ уг асуудлаар бичсэн. Энэ удаад дахиад бичнэ. Учир нь “зайлшгүй шаардлага” нэг биш нэлээн хэд байгаа учраас тэр шүү дээ. Олон зүйл нуршилгүй гол сэдэвтээ оръё.

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юу? 

Бид эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэх тухай маш удаан ярилаа, их ч ярилаа. Харамсалтай нь нэг л гольдролдоо орохгүй л байна. Гэхдээ сүүлийн үед чихэнд чимэг болсон үйлдвэрлэлүүдийн тухай мэр сэр дуулдах боллоо. Ахиц гарч байна. Гол нь хангалттай биш. Бидний төлөвлөж байгаа шиг хурдан, далайцтай биш.

Ер нь яагаад үйлдвэрлэл Монголд хөгжихгүй байна вэ? Бидэнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбарт харьцангуй давуу тал үүсэхүйц нөөц, түүхий эд байгаатай маргах хүн гарахгүй л болов уу. Гагцхүү нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй шууд л түүхийгээр нь зараад байгаа. Тэгэхээр чанартай түүхий эд нь байсаар байтал эцсийн бүтээгдэхүүн болгоход юу саад болж байна вэ?

Чанартай түүхий эдийг ч дэвшилтэт технологиор боловсруулж ур чадвартай үйлдвэрлэлийн, менежмент, маркетинг, санхүүгийн мэргэжилтнүүд нэгдэн ажиллаж байж сая амжилттай үйлдвэрлэл хийнэ. Гэтэл энэ бол дотоод хүчин зүйлс. Нөгөө талд гадаад хүчин зүйл гэж бас бий. Макро түвшинд инфляци тогтвортой, валютын ханш хэлбэлзэл багатай байвал үйлдвэрлэлийн өртөг тогтвортой байна. Иргэдийн орлого нь тогтвортой өсөн нэмэгддэг бол бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэнэ. Хүн ам нь олон эсвэл хурдацтай өсдөг бол үйлдвэрлэлийн хэмжээ өсөж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал буурснаар өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. За тэгээд улс төрийн хувьд манайх шиг хоёр их гүрний хооронд хавчуулагдсан улсын хувьд гадаад худалдааны оновчтой бодлоготой байх ёстой. Мөн дэд бүтцийн хувьд боломжийн түвшинд шийдэгдсэн байх учиртай. Ингээд бодохоор хүний хэрэгцээ хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг олон талт хүчин зүйлийн нөлөөн дор оршдог хэцүү ажил юм. Эдгээрийн дундаас маш чухалд тооцогдох нэгэн зүйл болох санхүүжилтийн нөхцлийг авч үзье.

 

 Яагаад санхүүжилтийн нөхцөл чухал гэж?

Миний ажилласан нэг төсөл бий. Чулууг хайлуулан хөвөн болгож дулаалгын материал үйлдвэрлэх төсөл. Гэхдээ энэ төсөл цаасан дээрх зүйл биш шүү. Компани нь өнөөг хүртэл багагүй хугацаанд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа. Гагцхүү технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Зардлыг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэр төрлийг олшруулж зах зээлээ тэлэхэд шинэ үйлдвэр барих шаардлагатай.

Нэмүү өртөг талаас нь харвал Монголын газрын хөрсөнд байгаа чулууг хайлуулж хана, тааз, шалны дулаалгын материал үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн гаргана. Нийт түүхий эдийн 70 хувь нь дотоодоос. Ажиллах хүч нь 100 хувь Монгол. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хятад ба ОХУ-д гаргах бүрэн боломжтой. Энэ утгаараа импортыг ч орлоно. Экспортыг ч дэмжинэ. Төрлийн бодлоготой яг таг нийцдэг. Дулаан маш сайн тусгаарладаг учраас эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг бууруулж агаарт цацагдах хорт хийг багасган дэлхийн дулаарлыг удаашруулахад онцгой нөлөөтэйг нь өндөр хөгжсөн орнууд аль хэдийнээ мэдчихсэн. Энэ утгаараа жинхэнэ байгальд ээлтэй ногоон бизнес. Глобал бизнес.

 Дулаан тусгаарлалт маш сайн учир ОХУ эрчим хүчнээ хэмнэхийн тулд социализмын үед баригдсан орон сууцнуудаа уг бүтээгдэхүүнээр дахин дулаалж байгаа. Хятадад 2009 онд Хятадын Төв Телевизийн барилга шатсан, Шанхайд цамхаг шатаж олон хүний амь эрсдсэнээс үүдэн хүн ам шигүү суурьшсан барилгуудын дулаалгыг уг бүтээгдэхүүнээр хийх журам хүртэл гаргасан. Харин Европт дуу тусгаарлах зорилгоор стадион, кино театр гэх зэрэг газарт өргөнөөр ашиглаж байна. Энэ мэтчилэн олон төрлийн шалтгаанаар уг бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдсээр байгаа.

 Миний ажилласан энэ төсөл 100 хувь хүчин чадлаараа үйлдвэрлэл хийхэд дотоодын зах зээлийн 30 хувь, Хойд Хятадын зах зээлийн 5 хувь, Сибирийн зах зээлийн 10 хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хангалттай. Тээвэр, татварын зардлыг нэмээд уг хоёр зах зээлд үнээр бас чанараар өрсөлдөх бүрэн боломжтой.

Энэ үйлдвэрийг барихад 30 сая доллар шаардлагатай. Хэвийн ажиллахад таван жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө. Тэгэхээр энэ төсөлд бага хүүтэй, хугацаа урт санхүүжилт шаардлагатай. Банкнаас зээл авъя гэхээр хүү өндөр, хугацаа богино, барьцаа их шаарддаг. Чингис бондоос мөнгө авъя гэхээр зарцуулаад дуусчихжээ.

 

Ийм нөхцөлд яах вэ?

Өндөр хөгжсөн орнуудад ийм нөхцөлтэй санхүүжилтийг хөрөнгийн захаас татдаг. Нөгөө талдаа хөрөнгийн зах нь ийм хөрөнгө оруулалт хийх чадамжтай буюу хөрөнгө оруулагчидтай байдаг. Хөрөнгө оруулагчдыг татах хэмжээнд хөрөнгийн зах нь хөгжсөн гэсэн үг л дээ.

Харамсалтай нь Монголд хөрөнгийн зах хөгжөөгүй учраас энэ мэтийн үр ашигтай үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжилгүй хойшилсоор байна. Эхний ээлжинд барилгын гол материалууд, бензин, дизелээ үйлвэрлэдэг, нүүрс, зэсээ боловсруулж нэмүү өртөг шингээдэг, мал аж ахуйн түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийдэг болохын тулд урт хугацааны, хүү багатай, хэмжээ нь боломжийн, барьцаа бага шаарддаг санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай.

Монголын засгийн газар ийм эх үүсвэрийг бий болгож чадсан. Тэр нь Чингис бонд. Харамсалтай нь хуваарилалт нь хааллттай хэлбэрээр банкуудаар дамжчихлаа. Хэрвээ хөрөнгийн захаар дамжуулсансан бол хэд хэдэн шинэ компаниуд биржид хувьцаагаа арилжаалж шинэ бүтээгдэхүүнтэй болох, бондын зарцуулалт ил тод болж, үр ашиг нь нэмэгдэх, иргэд нь компанийн эзэд болж ашиг хүртэх, хөрөнгийн зах нь идэвхижиж санхүүгийн зах зээл хөгжих гээд нэг сумаар хэд хэдэн туулай буудах байв.  Энэ талаарх дэлгэрэнгүйг “Хөрөнгийн зах зээлд хөгжлийн сан байгуулъя” нийтлэлээс уншаарай.

 

Эцсийн бүлэгт, Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх олон талт зайлшгүй шалтгаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү зөв цагтаа, зөв газраас нь, зөв аргаар хөрөнгийн захыг хөгжүүлэх ажлыг урт хугацаанд төрийн бодлогоор тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-09

    ulger

arrow icon