Нийтлэл 10 сарын 07, 2015

Ой санамж өнгөрсний төлөө бус ирээдүйн төлөө байдаг

 

 "Авралгүй бол мартах нь жаргал"

 

 

гэх утгатай Герман зүйр үг бий.
Гэхдээ л, мартъя гээд ч мартагдаж өгдөггүй зовиуртай дурсамж байдаг нь ч үнэн. Эгээ л бүх насаараа тээх юм шиг цочир ой санамж.
 
– Тэгвэл тэр ой санамж гээч нь үнэхээр бидний төсөөлдөг шиг хувирашгүй цул эд үү?
– Бидний тархи, үзсэн харсан бүхнээ видео камер шиг алдаа мадаггүй бичиж авдаг болов уу?
– Тэрхүү бичлэг болгоныг бид бүхэн тэр хэвээр нь дахин тоглуулж (эргэн санаж) чаддаг гэж үү?

Энэ удаагийн сэдэв бол, хүмүүс бидний "мартсанаа ч мартдаг" байж мэдэх жаргалтай хийгээд эмгэнэлтэй тэрхүү шинж чанарын тухай юм.

 

Бодит үнэнээс хоосон төсөөлөл рүү

2001.09.11 нд болсон аймшигт террорыг бүх дэлхий тэр даруйд нь ахин дахин үзэж, үзэх болгондоо цочирдсон. Ёстой л мартъя гээд ч мартагдахааргүйгээр хүмүүсийн уураг тархины гүнээс гүнд шивэгдсэн юм шиг... санагдана.

Харин тэр явдлаас 1 жил өнгөрсний дараа хэдэн зуун хүнийг хамруулсан туршилт хийж, тэр аймшигт өдрийн тухай дурсамжийг нь дахин яриулж үзтэл гайхалтай нь тэдний ярианы 37 хувьд "үл ялиг өөрчлөлт" орсон байв. Түүнээс дахин 3 жилийн дараа гэхэд тэр хэмжээ 50% хүртлээ өсчээ. Өөрөөр хэлбэл, ой санамжийнх нь тал нь өөрчлөгдөж орхисон байна.

– Тэдэн дунд юу яриад байгаа нь ч мэдэгдэхгүй болтол дурсамж нь хувирсан хүн ч байсан. Заримынх нь бүр цамхаг нурах үед зогсож байсан газар нь хүртэл өөрчлөгдсөн байсан.


Тэдний дурсамж дахин дахин ярих болгонд агуулга нь хувирсаар, сүүлдээ хоосон төсөөлөл рүү ойртож ирэх аж.

Хамгийн хачирхалтай нь, өөрийнх нь яриа тэгтэл өөрчлөгдсөн байгааг хэн ч анзаарахгүй байгаа юм. Хэтийдсэн сэтгэлийн хөөрлөөс болоод яагаад ч авцалдахгүй зүйлийг хүртэл бодит үнэн гээд тас итгэчихсэн хүмүүс ч байсан


гэж, уг судалгааг гардан явуулсан сэтгэл судлалын багийнхан ярьж байна.

Дурсамжаа ярьж байгаа тэдгээр хүмүүсийн хувьд тэд огтхон ч хоосон юм зохиож ярьсан бус, өөрийн нүдээр харж биеэр амссан бодит үнэний талаар, өөрийн ой санамжид үлдсэн бүхнээ дэлгэж байгаа нь л тэр. Тэд яг л өөрийнхөө доторх дэлгэцэнд харагдаж байгаа бүхнээ тэр чигээр нь гадагш нь дамжуулж ярьсан. Харин тэр яриа нь хөндлөнгөөс ажиглавал илт хазайгаад ирж. Нэг тийм дахин дахин үзэж байгаа дүрс бичлэг гэхээс илүү тоглох болгонд өөрчлөгдөж байдаг тайзны жүжиг шиг л.

Ой санамж хэзээ ч өөрчлөгддөггүй гэх нь аль ч хүмүүсийн хувьд нийтлэг бодол биз. Гэтэл аягүй бол явж явж энэ нь бидний нийтлэг төөрөгдөл байж мэдэх нь.

 

Сул залгаас

Ингэхэд, тархины ой санамж гэдэг нь ер нь ямар механизмтай юм болоо?

Ой санамж шинээр үүсэх үед юун түрүүнд мэдрэлийн сүлжээнд (network) өөрчлөлт орж, тэрхүү ой санамж маань аварга том цахилгаан торлогтой орооцолдсоноор тархи хэмээх компьютерт залгагдаж бэхлэгдэнэ. Хэрэв ийн бэхлэгдсэн залгаас үүрдийнх бол тэрхүү ой санамж ч, дүрс бичлэг шиг хэзээд тэр хэвээрээ дахин тоглогдох учиртай биз.

Харамсалтай нь тэр нь санаснаас хавьгүй сул залгаас байдаг байна. Нарийхан кабель судлууд тасарч орхиход л ой санамж нарийн ширийнээ эргэн санаж чадахаа болино. 9.11–ний тэр цочир дурсамж хүртэл ердөө жилийн дараа гэхэд залгаасны нь 37% нь тасарсан байсан хэрэг.

Хүний ой санамж гээч нь эргэн санах болгонд тасарсан залгаасуудыг тархитай дахин холбох ажил (операц) хийнэ. Гэсэн ч нэгэнт тасарсан залгаас өмнөх газартаа залгагдана гэсэн баталгаа байхгүй. Бодит үнэнтэй залгаатай байсан утас, "хоосон төсөөлөлтэй" холбогдож ч мэднэ.

Тэгэхээр нэг ёсондоо, ой санамж гэдэг маань эргэн санах гэдэг үйлдлээр бүтээгддэг юм байна.

Энэ утгаар нь харах юм бол, үл хувирах өнгөрсөн гээч нь өөрөө үл орших хоосон зүйл болж, өнгөрсөн цаг эргэн санах үед буюу яг одоо цагт л бүтээгддэг зүйл болж таарах нь.
 
Хувирамтгай ой санамж
Ой санамжийг эргэн санах процессийн үед, тархины зөөлөн эд уураг шаарддаг. Аливаа юмыг эргэн санах үед тархи уургийг ашиглан мэдрэлийн эсүүдтэй залгаас үүсгэдэг байна. Харин тэр уураг нь тухай бүртээ шинээр нийлэгжиж бүтээгдэнэ. Тэгээд ч ихэнх мэдрэлийн уураг 2 долоо хоногоос хэдэн сарын хугацаа өнгөрөхөд задарч дахин шингэдэг. Өөрөөр хэлбэл, ой санамжийг холбож байсан уураг хэсэг хугацаа өнгөрөхөд гэнэт хаашаа ч юм алга болж орхидог гэсэн үг. Тархи гэдэг компьтер төдий чинээ хувирамтгай шинжтэй, динамик эд байдаг байх нь.

Хэрвээ ой санамжийг удаан хадгалахыг хүсвэл, мартагдахаас нь өмнө эргэн санах замаар түүнийгээ дахин хадгалах хэрэгтэй юм.

Гэтэл дахин дахин хадгалах гэдэг нь тэрүүхэндээ бас залхмаар ажил байдаг бололтой. Та ч гэсэн, дижитал камерныхаа зурагнуудыг байс гээд шинэ диск руу хуулаад байвал нэг л өдөр "алга болсон ч дүүрч" гээд зөнд хаях байлгүй. Бүр үнэхээр л чухал зүйл биш бол шүү дээ.

Дашрамд хэлэхэд, компьютерийг хүний тархинаас илүү санах ой сайтай гэдэг ч тэр нь үүрдийнх биш байдаг. Компьютерийн хатуу дискэнд ч ашиглалтын хугацаа гэж байх ба тэр нь DVD болон CD–ний хувьд ч ижилхэн. Тэгээд ч дижитал датаг унших арга нь ч байнга өөрчлөгдөж байдаг тул байнга шилжүүлж бичих шаардлага гардаг. Түүнтэй харьцуулахад аналог хальсан дээрх дүрс бичлэгийг хадгалах нь хамаагүй хямд тусдаг (зарим мэдээллээр бол 10 дахин хямд) ба, хадгалах орчин л сайн байвал 500-1000 жил ч чанараа алдахгүй байх чадвартай гэдэг. Түүний дэргэд, тааруухан DVD бол 5 жил ч хүрэхгүй.

Буцаад сэдэвтээ ороход, хүний ой санамж өөрчлөгддөг нь түүнийг тогтмол дарж бичдэгтэй холбоотой юм байна.

– Тэгвэл, тэр дарж бичих дамжлага дунд ямар нэгэн алдаа гарвал, тэр ой санамж нь алдагдаж орхих уу?

Ер нь бол тийм юм гэнэ. Ой санамжийг дахин бэхлэхэд шаардлагатай шинэ уураг (жишээ нь PKB zeta) ямар нэг шалтгаанаар гэмтэж эсвэл хомсдвол, тэр дороо ой санамж алдагдаж, өөрөөр хэлбэл мартагддаг байна. Тэдгээр уургуудыг гэмтээгч бодис байвал,  "ой санамжийг арилгагч баллуур" гэж үзсэн ч болох нь.

Жишээлбэл, хүчтэй сэтгэл хөөрлийг үүсгэдэг эмийн бодис (MDMA) ашиглан хэт аз жаргалтай төлөвт орсон үедээ бодохыг ч хүсэмгүй "муухай дурсамжаа" эргэн санавал яах бол? Ийм туршилт хийж үзтэл, сэтгэлийн гүн шархтай (trauma) өвчтөнүүдийн 83 хүртэлх хувьд нь өвчний зовиур илт багассан нь ажиглагджээ. Энэ нь сэтгэлийн шарх болсон онцгүй дурсамж эмийн нөлөөгөөр бий болсон хэт хөөрлийн үеийн дурсамжтай залгагдаж орхисноос үүднэ. 

Дээрхи туршилтаар ой санамжийг арчсан бус, эргэн санах үед нь өөр ой санамжтай хүчээр холбох оролдлого хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, муухай ой санамж дээр гоё ой санамжийг хүчээр дарж бичсэн хэрэг.

– Эргэн санах үед ой санамж дахин биеждэг юм бол, тэр биежих үеийн төлвийг өөрчилсөнөөр урьдын аз жаргалгүй дурсамжийг өөрчилж болох юм биш үү?
гэж тооцсон нь дээрхи туршилтаар нэг бодлын байгаа оножээ.

Харин эсрэгээрээ, онцгүй дурсамжийг эргэн санахдаа тэрнээс ч дор төлөвт байвал мэдээж сэтгэлийн шарх улам хүндэрч, PTSD (Posttraumatic stress disorder буюу сэтгэл санааны гадаад хохиролын дараах стресс) –ийг хөдөлгөх ч аюултай. PTSD ой санамж нь туйлын зовиуртай хадгалагдан үргэлжилсээр өнөөдрийг нурааж, маргаашийг унтрааж орхидог байна.

Хэн нэгнийг аргадахдаа "яривал зовлон чинь хөнгөрнө" гэж хэлэх явдал бий. Гэвч тэр нь буруу орчинд өрнөвөл харин ч хүндрүүлээд хаясан явдал болох нь.

– Зовлонг зовлон дунд яривал, улам л зовно.

"Яривал зовлон хөнгөрнө" гэдэг сэтгэлзүйн эмчилгээний арга CISD (Critical incident stress debriefing буюу онц байдлын стресс сонсгол) ч байдаг бөгөөд Америкийн батлан хамгаалах, Израелийн зэвсэгт хүчин, НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг гэх мэт олон газар үүнийг бодитоор ашигладаг. Харамсалтай нь энэ арга өдий болтол өвчтөний ярьж байх үеийн орчныг огт ойшоодоггүй байв.
 
Ой санамж гэдэг нь азаар ч юм уу эзээр ч юм уу, эргэн санах болгонд өөрчлөгдөж байдаг бололтой. Яаж өөрчлөгдөх нь харин түүнийг эргэн санах үеийн орчин нөхцөлөөс хамаарна. Айсан үедээ санавал айдастай залгагдаж, баярлаж хөөрөхдөө санавал бас л тэдэнтэй холбогдож орхино.

Эргэн тойронд гэрэл гэгээтэй өөдрөг хүмүүс байвал өөрийн сэтгэл ч дагаад онгойх шиг болдгийн учир..., хүчээр ч хамаагүй инээж явахын цаадах ёс суртахууны зөвтгөл...,
эргэцүүлэн бодвол олон зүйлс энэхүү хачирхам дүгнэлтийг харин ч үнэмшилтэй болгох шиг.

Өнгөрсөн гэдэг, өнгөрсөн юм шиг хэрнээ одоо байгаа ч юм шиг.
Өнгөрсөндөө түүртэж бүдэрсээр ирээдүйгээ ч баллаж орхих уу, эсвэл
Өнгөрсөнийг инээж үдээд шинэ ирээдүйтэй золгох уу?....
Сонголт хийх эрх чөлөө нь хүмүүс бидэнд өгөгдсөн бололтой.

Юутай ч тархи гэдэг мартдаг байхаар бүтээгдэж. Нэг гунигтай нь бид мартсанаа ч мартаж орхих тул өнгөрсөнийг үл хувирах зүйл шиг мэдэрдэг биз.

Дээрх илтгэлийг гаргасан судлаач Jonah Lehrer хэлнэ

– Ой санамж гэдэг нь ердөө л хэдэн үл ялиг химийн бодис хоорондын харилцан үйлчлэл төдий зүйл. Ойрын ирээдүйд хүссэн ой санамжаа шилж аваад, хэрэггүйг нь хаях боломжтой ч болохыг үгүйсгэхгүй.


Түүний дүгнэлтээр
 Ой санамж гэдэг бол өнгөрсний төлөө бус ирээдүйн төлөө байдаг юм.

Өнгөрсөнийг өөрчилж болно. Ядаж л өөрийнхөө дотор.

Нэг бодлын энэ бол хүмүүс бидэнд урьдаас суусан маргаашийг зорих найдварын үр үндэс байж ч мэднэ. Эргэн дурсах болгонд шинэ түүх эхэлдэг юм бол юундаа бид хорогдох билээ.

Гэвч...!
– Хамгаас чухал дурсамж чинь, хамгийн найдваргүй баримт байвал?!

Хэрэв тийм бол өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн бүхий л ердийн мэдлэгүүд сууриараа ганхан нурахад хүрнэ.

– Хэрвээ юуг ч санаж цээжлээд хэрэггүй гээд бодчихвол өнөөдрийн бидний үйл хөдлөл хэрхэн өөрчлөгдөх бол?

Ой санамж байдаг учраас л оршин байдаг өнгөрсөн цаг, эргэн дурсдаг учраас л бий болдог ирээдүйн чиг...
Хэрэв энэ бүхэн огт байхгүйсэн  бол...?

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2015-10-10

    mash ih taalagdlaa. Bayarlalaa

arrow icon