Нийтлэл 10 сарын 08, 2015

Хуульчийн эрх зүйн байдал, өөрийн удирдлагын тогтолцоог өөрчлөх ашиг сонирхол хэнд байна вэ?

Монголын ард түмэн 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, аливаа хэрэг, маргааныг хараат бус, төвийг сахисан, шударга шүүхээр шийдвэрлүүлэх тогтолцооны үндсийг тавьсан. 2012 онд УИХ дахь гол улс төрийн намууд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг илүү далайцтай хийхийг хүлээн зөвшөөрч Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд амжилттай хэрэгжиж, хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа шинэ стандарт, тогтолцооны дагуу явуулж, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хуульчдад итгэх итгэл дээшилж, шүүх, прокурорын ачаалал урьдынхаасаа илүү жигдэрч, улмаар ард түмэнд үзүүлэх шударга ёсны үйлчилгээний чанарт зарим ахиц гарч байна.

Харамсалтай нь, сүүлийн 10 сард шүүх эрх мэдлийн шинэтгэлийн чухал хэсэг болох хуульчийн өөрийн удирдлагын тогтолцоо, мэргэжлийн хариуцлагын зарчмаас ухарсан үйлдлүүд хийгдэж, үндэслэлгүй, ташаа мэдээллийг тараах боллоо. 2015 оны хавар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайдын даалгавраар боловсруулж, Өмгөөллийн тухай хуулийн төслийг энэ оны зургадугаар сарын 16-нд УИХ-д өргөн барьсан[1] бөгөөд нөгөө хоёр төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барих гэж байгаа ажээ. Эдгээр хуулийн төслүүдийн эхний хувилбарыг 2015.04.09-нд хуульчид болон холбогдох байгууллагуудад танилцуулсан. Гэвч, зарчмын шинжтэй өөрчлөлтийг нэмж оруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёр дахь хувилбарыг зургадугаар сард боловсруулсан боловч олон нийт төдийгүй хуульчдад огт танилцуулаагүй байсан. Эдгээр төслийг аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байгаад больж долоо хоногоор хойшлуулжээ.[2]

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 2015 оны зургадугаар сарын 22-ны өдөр 40 гаруй өмгөөлөгч, хуульч, судлаачид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан, ИЭлСи ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Баяр, Ананд Адвокейтс ХХН-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Энхцэцэг, өмгөөлөгч Н.Баасанжав, судлаач Х.Номингэрэл, өмгөөлөгч А.Мандуул нар хийсэн судалгаа, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл солилцон, мөн хуульч, өмгөөлөгч Р.Мөнхзул, Ө.Энхтайван, Д.Энхзул, Д.Энхтөр, Д.Дашдорж, Н.Энхсайхан нар саналаа хэлсэн юм.

Хууль зүйн сайд нэгэнт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа тул зургадугаар сард хийсэн энэхүү хэлэлцүүлгээс гаргасан саналыг тоймлон танилцуулъя:

  • Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхийг зөрчсөн, өмгөөлөгчдийн бүрэн эрхийг хязгаарласан, хараат бус байдалд халдсан, хуульч, өмгөөлөгч бидний эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагааг Монголын хуульчдын холбооны удирдлага (тус холбооны анхны Ерөнхийлөгч)-ын цөөн хэдэн хүн хийж эхэлсэн нь харамсалтай.
  • 2012 онд хүчингүй болсон Өмгөөллийн хуулийг дахин батлах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах санал бол нийт хуульчдын байр суурь биш. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрмээр Хуульчдын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрхийг зөвхөн Хуульчдын их хурал эдэлдэг. Гэтэл, Хуульчдын холбооны дүрмийг хүчингүй болгох үр дагавартай шинэчилсэн найруулгыг хэдхэн хүн батлуулахаар явж байгаа нь хууль, дүрмийн энэ шаардлагыг зөрчиж, нийт 5000 гаруй хуульчид болон шударга ёсны үйлчилгээ авагч олон нийтийн ашиг сонирхлыг хохироож байна. Ийм том өөрчлөлтийг хэсэг хүний явцуу ашиг сонирхлоор судалгаа, үндэслэлгүй хийж болохгүй. Тиймээс, хуулийг шинэчлэн найруулах төвшинд өөрчлөх шаардлага үнэхээр байгаа эсэхийг Хуульчдын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж хэлэлцүүлэхийг Хуульчдын холбооны удирдлагаас шаардах хэрэгтэй. Одоогийн Хуульчдын холбооны удирдлага ардчилсан Үндсэн хуулийн дагуу сонгуулиар эрх мэдэлд гарчхаад эргээд уг Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар хууль бусаар өөрчлөхийг санаархагчидтай адил харагдаж байна.
  • Төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлдэг олон улсын жишгээр нийтийн эрх зүйн этгээд болох Хуульчдын холбоонд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн. Энэ чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явахын оронд Хуульчдын холбооны чиг үүргийг багасгах гэж байна. Энэ холбоо нь хуульчийн мэргэжилтэй холбоотой төрийн чиг үүргийг нийтийн ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлэхгүй, олгогдсон потенциалиа бүрэн ашиглахгүй бол төр энэ чиг үүргээ мэргэжилтэн биднээс буцаан авч мэднэ.
  • Бид шинэ хууль, дэвшилтэт зохицуулалтыг туршиж үзээд хоёрхон жил ч болоогүй. Шинэ хуулийг хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд 5-10 жил өнгөрсөн байх шаардлагатай боловч ийм хугацааны талыг ч туулаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрхэн хэрэгжсэн бэ, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг талаар мониторинг хийж дүгнэлт гаргах ёстой. Ийм мониторинг огт хийлгүйгээр хуулийн суурь үзэл баримтлалаас ухарсан төсөл санаачилж байгаа нь туйлын хариуцлагагүй. Хууль тогтвортой үйлчилж байж л үр дүнгээ өгдөг.
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн дүрэм болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмын төслүүдийг боловсруулахад ажлын хэсгийн гишүүд болон бусад олон хуульчдын олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр, санал орсон, АНУ, Герман, Япон, Чех зэрэг улсын туршлагаас судалсан. Эдгээрт шинээр орсон ч бүрэн хэрэгжиж амжаагүй олон чухал ололтуудыг устгах төсөл боловсруулагджээ.
  • Шинэ хуулийн төслүүд хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцооны шинэчлэлийг ухраах, дордуулах, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүйгээ нотолсон, “бие биеэ хаацайлдаг” гэж шүүмжлэгддэг хуучин тогтолцоо руу шилжихэд хүргэж, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болж байна. Жишээлбэл, олон улсын төвшинд боловсруулагдсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг явцууруулах, түүнийг зөрчсөн эсэх асуудлыг үр нөлөөтэй, хараат бус, шударга шийдвэрлэх тогтолцоог үгүй хийхээр байна. Төсөл батлагдвал ийм ухралт болно гэдэг нь хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо, Европын улсуудын шилдэг туршлага, судалгаатай харьцуулахад харагдана.
  • 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэжлийн өөрийн удирдлагын бие даасан анхны байгууллагыг олон улсын жишгийн дагуу байгуулсан бөгөөд хуульч, өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хангалттай, зохих ёсоор зохицуулж байна. Бусад орны нэгэн адил Монгол Улсад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг нь эрүү, иргэн, захиргааны процессын хуулиудаар баталгаажиж, зохицуулагдаж ирсэн. Гэтэл, энэ талаар зохицуулалтгүй болсон мэтээр Хуульчдын холбооны удирдлага ухуулж, түүхэн замнал, үнэнийг гуйвуулж байна.
  • Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсноор хариуцлагагүй, чадваргүй өмгөөлөгчид олширч, олон нийт хохирч байна гэж Хуульчдын холбооны удирдлага мэдэгдсэн нь болчимгүй алхам. Энэ нь мэдэгдэл хийсэн цөөн хэдэн хүний л бодол. Яг хэдэн өмгөөлөгчөөс болоод хэдэн хүн хохирсон талаарх нэг ч судалгаа хийгдэж хэвлэгдээгүй. Өмгөөлөгч хариуцлагатай юу үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг газар бол Мэргэжлийн хариуцлагын хороо. Энэ хороонд 2013 оны арваннэгдүгээр сараас 2015 оны 3 сар хүртэл 237 гомдол ирснээс 48-д нь маргаан үүсгэж, 10 хүрэхгүй хуульчид нээлттэй сахилгын шийтгэл оногдуулаад байна. Эндээс харахад тийм яахаа алдсан биш юм. Харин ч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тодорхой болж хуульчид илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдсэн. Мөн, үнэхээр хуульчийн мэргэжилд санаа тавьж байгаа бол хуульчийн зөвшөөрөлгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд итгэмжлэлээр өмгөөлөл хийж байгаа хүмүүсийг зогсоох хэрэгтэй ч энэ чиглэлд дорвитой алхам хийсэнгүй. Хуульчийн ажил хийж байгаа хуульч биш хүмүүс л өмгөөлөгч, нийт хуульчдын нэр хүндийг унагаж, олон нийтийг ихээр хохироодог ч мэргэжлийн хариуцлага огт хүлээдэггүй.
  • Энэхүү шинэчлэлийн эсрэг үндэслэл болгож буй нэг ташаа мэдээлэл бол Хуульчдын холбооны зарим удирдлагаас танилцуулж яваа “Дэлхий дээр өмгөөллийн хуульгүй цорын ганц улс нь Монгол боллоо” гэсэн мэдэгдэл юм. 2014 онд Лондонд төвтэй Олон улсын хуульчдын холбооноос явуулсан судалгаанаас харахад Өмгөөллийн тухай хуультай зөвхөн 10 улс бий. Үүнд Армен, Беларусь, Грузин, Киргизстан, Орос, Тажикстан, Украин, Узбекистан, Оман болон Судан ордог. Үлдсэн 80 орон буюу 150 эрх зүйн дэглэмийн хувьд манай одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил төстэй хуулиар эсвэл тухайн хуульчдын холбооны дотоод дүрэм, журмаар зохицуулдаг.
  • Маш олон өмгөөлөгчид одоо явж байгаа хуулийн төслүүдийг ухралт боллоо гэж үзэж байгаа. Тухайлбал, өмгөөлөгчдийг давхар холбоонд хамруулбал тэд Өмгөөлөгчдийн холбоо гэдэг илүүц бүтэц, аппаратын зардлыг, түүний дарга нарын цалин, хөлс, гадаад, дотоод томилолтын зардлыг нуруун дээрээ нэмж үүрэх нь. Иймд нэг төрийн бус байгууллагын удирдлагын явцуу ашиг сонирхолд зориулагдсан энэ хуулийн төслийг УИХ-аар батлах шаардлагагүй, одоогийн хуулийн хүрээнд Хуульчдын холбоогоо улам бэхжүүлэх, чадавхжуулахыг хүсэж байна. Мөн, өмгөөлөгчөөр ажиллахын тулд хоёр тусдаа байгууллагад заавал гишүүнчлэлтэй байхыг шаардвал ажил мэргэжлээр нь ялгаварлаж иргэний үндсэн эрхийг зөрчинө.
  • Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх ёстой байсан ч ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр энэ чиг үүргийг нь хасахаар төсөлд тусгажээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоонд өгсөн нэг чухал чиг үүрэг бол хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, зөвхөн ийнхүү магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах бөгөөд энэ чиг үүргийг тус холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хороонд хариуцдаг. Уг хорооны гишүүд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх стандарт, журам, ёс зүйн стандартыг судалж байгаа. Хуульчдын холбооны магадлан итгэмжлэл бол хууль зүйн сургуулиудын хөтөлбөрийг оюутны хэрэгцээнд нийцүүлэх, хуульчид хэрэгтэй мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүй, дадал суулгах хичээлүүд заахыг хууль зүйн сургуулиудаас шаардах, хууль зүйн боловсролыг дэлхий нийтийн түвшинд ойртуулах үр нөлөөтэй механизм. Гэтэл, шинэ төслөөр Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хасаж, зүгээр л “хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг батлах” төдий болгожээ. Нэгдсэн шаардлагыг мөрдүүлэх механизм буюу магадлан итгэмжлэх бүрэн эрх Хуульчдын холбоонд байхгүйгээр уг шаардлага хэрэгжихгүй.
  • 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд цөөн тооны асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, шүүгч, прокурорын ёс зүйн зөрчлийн давхардсан харьяалал, гадаадын хуульчийн эрх зүйн байдал зэрэг асуудал байгаа боловч үүнийг хуулийн шинэчилсэн найруулгаар бус нэмэлт өөрчлөлтөөр шийдэх бүрэн боломжтой. Гэхдээ, одоогийн төсөлд орсон шиг судалгаагүй, таамаг, сургаар өөрчлөх нэрийдлээр дордуулж болохгүй.

Иймд гарсан саналууд дээр үндэслэн хэлэлцүүлэгт оролцогчид дараах дүгнэлтэд хүрсэн:

  • цаашид хуульчид зохион байгуулалтад орж, энэхүү хууль болон дүрэм зөрчиж оруулж ирж байгаа саналын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх,
  • энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Хууль зүйн сайдад хандах,
  • ээлжит бус Хуульчдын их хурлыг хуралдуулж энэ асуудлыг хэлэлцүүлэх,
  • Ажлын хэсэг байгуулж, мэдээлэл түгээх, санал, судалгаа авах хэрэгтэй.

Эдгээр санал, дүгнэлтийн үндсэн санааг дэмжиж байгаа хуульч, эрх зүйч, судлаач, хуулийн ангийн оюутан байвал дараах имэйл хаяг руу зурвас илгээнэ үү: [email protected] Дэмжсэн имэйл явуулсан тохиолдолд таны нэрийг энэхүү санал, дүгнэлтэд нэгдсэн хүмүүсийн нэрсэд нэмэлтээр оруулна.

Хуульчийн мэргэжлийн өөрийн удирдлага, хариуцлагын тогтолцоо, хуульч болон хуульд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийлэхийг хуульч мэргэжлийн ирээдүйд санаа зовдог, хуулийн засаглалд итгэдэг бүх хүмүүст уриалж байна.

 

 

 

[1]“Өмгөөллийн тухай хуулийн төсөл” (Монгол Улсын их хурал, 2016.06.16), http://www.parliament.mn/laws/projects/647.

[2]“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдан гарах бусад хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга” (Монголын шүүгчдийн холбоо, 2015.10.05), http://judge.mn/home/view/?id=217.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-08

    ХЭРЭГТЭЙ

arrow icon